“Шар ус”-ыг нь шахаж өгөхийн оронд шантааж хийж суугаа гишүүд ичиг

-Ирэх жил сонгуультай, гишүүдийг ойлгож байна. Гэхдээ "нэг идээд үхэхгүй  Тэд хоорондоо "Миний чирж орсныг чи, чиний авчирсныг би дэмжинэ” гэж шууд л ханцуй дотроо тохироо хийцгээдэг нь үнэн 
-Хоёр их наядын алдагдалтай төсвийн төслийн "шар ус”-ыг нь шахах оролдлого хэн ч хийхгүй байгаа нь гунигтай Сонгуулийн жил нийгмийн хамгааллын зардлаа өсгөж, татвар төлөгчдийн мөнгөөр нааддаг Монгол төрийн үрэлгэн занг гишүүд бүр ч сэдрээж байна
Сангийн яам улсын нэгд­сэн төсвийн хар зургийг гарга­сан даруйд төсөв захиран зар­цуулагчид УИХ-­ын гишүүд рүү гүйлддэг заншилтай. Ногдож буй төсвийг тус бүртээ чамлан бүхий л аргаа хэрэглэн яаж ийж байгаад нэмүүлэхийн төлөө бараг л үхэж хатах шахна. Үүнийг тэдний хэлээр бол "лоббидно” гэж нэрлэнэ. Харин өнөөх гишүүд нь чуулган руу давхин орж баруун, сол­гойгүй шүлс үсэргэж байгаад нэмүүлээд гараад ирнэ. Гишүүд төсөв хэлэлцэж байх үедээ жинхэнэ хар зах дээр байгаа наймаачдыг санагдуулдаг юм. Тэд хоорондоо "Миний чирж орсныг чи, чиний авчирсныг би дэмжинэ” гэж шууд л ханцуй дотроо тохироо хийцгээдэг нь үнэн. Өөрсдөө бол үгүйсгэх л байх. Гэвч тэд бол мэргэжлийн гэмээр, бүр өндөр түвшний "худалдаачид” болцгоодог. Яг одоо 2020 оны нэгдсэн төсвийг парламентаар хэлэлцэж буй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн завсар зайгаар хэлэлцэх багахан хугацаанд ирэх оны төсвийг батлахаар болсон. Харин жилдээ нэг онгойдог "шантааж”­ны энэ цонхыг гишүүд бүрэн дүүрэн ашиглах шинж байдал, эрмэлзэл дүүрэн байгаа нь энэ удаа ч анзаарагдаж байна.
Тухайлбал, төсвийн хуулийн хэлэлцүүлгийн дөнгөж эхнийх дээр Х.Ням­баатар өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн хог, цахилгаан, нийтийн тээвэр, утаа униар гээд баахан зовлонг тоочиж байснаа "Улаанбаатар хотын төсвийг нэмэгдүүлэх үүднээс хотоос сонгогдсон гишүүд хүчтэй дуугарч эхлэх гэж байна. Цаашид ч энэ нь Ажлын хэсэг дээр ширүүн маргаан үүсгэх юм байна. Бид дуугаа намсгах, зогсоох тухай асуудал байхгүй шүү” хэмээн сүртэй гэгч нь мэдэгдэв. Хэрэв хүссэн мөнгийг нь өгөхгүй бол төсвийг чинь батлуулахгүй гэсэн бодолтой байгаа хэмээн Сангийн сайдыг айлгав. Бусад нь ч гэсэн "Манай тойрогт бага мөнгө тавилаа” гэж зурагтаар ээлж ээлжээр гарч ирээд, хэрүүл зарга хийж эхэлсэн. Х.Болорчулуун дорнодын Матад суманд Соёлын төв өргөө, Д.Тэрбишдавга СХД-т нэг сургууль, хоёр цэцэрлэг, Чингэлтэйн Д. Ганболд гэр хорооллын замын гэрэлтүүлэг, хогны төсвийг нэмэхийг хүссэн бол Н.Амарзаяа Өмнөговь өндөр татвар төлж байхад бага хөрөнгө оруулалт өглөө... гэх мэтээр хаанаас сонгогдсоноос үл хамааран гомдоллож байна. Ядаж байхад хэнтийд 2020 онд төсвөөс 235 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьчихаж. Хэнтий аргагүй онцгой тойрог. Ерөнхий сайд У. Хүрэлсүх, ЗГ­-ын хэрэг эрхлэх газрын дарга Л. Оюун-­Эрдэнэ нар хүчтэй бяртайдаа ч авч байгаа юм биш.
Сүүлийн хоёр жилийн турш хэнтийд хийхээр яригдсан нөхөн сонгуулийн сургаар бараг л өвөлжөөний чинь үүд хүртэл мянганы зам татна, өндөр хүчдэлээр гэрийг чинь тойруулна гээд амласны гор энэ. Нэгэнт амласан, харин одоо буцвал 2020 онд тус тойргийг онилж буй намын дарга, Засгийн газрын тэргүүн нүүр хийх газаргүй болно. Гэтэл Хэнтийтэй хаяа залган оршиж буй Дорнод, Сүхбаатарт нэг нь 30, нөгөөх нь 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. Иймээс л гишүүд хусмаа чамласан хүүхэд шиг "Чамд долоо, надад долоохон” гээд сууж буйг буруутгах аргагүй ч юм шиг. Гэтэл аудитын байгууллагаас "жил бүр макро түвшний судалгаа, гадаад дотоод хүчин зүйлсийн үндэслэлийг бодитой тооцдоггүйгээс УИХ-аар баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулж, тогтвортой байдлын хуулийг тууштай хэрэгжүүлэхгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээрх зарим металлын үнэ өөрчлөгдөж буй, хятад коксжих нүүрсний импортынхоо хэмжээгээ багасгах магадлалтай, Монгол улс саарал жагсаалтад орсон гэх бодит эрсдэлтэй тулаад байгаа өнөө үед хоёр их наядын алдагдалтай төсвийн төслийн "шар ус”­ыг нь шахах оролдлого хэн ч хийхгүй байгаа нь гунигтай. оролдох байтугай санаа зовж байгаа нь ч алга. харин ч эмнэлэг, сургууль, дотуур байр, тамгын газрын байшин, соёлын төв... зэргээ нэхсээр сууна.
Хоёр их наядын алдагдлаа хаанаас, яаж санхүүжүүлэх нь тодорхойгүй байхад шүү. Нөгөө талдаа өнгөрсөн жил баталсан энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дөнгөж 36.9 хувьтай гарсан. Нийт 1.6 их наядын төсвийн хөрөнгө оруулалтын 40 хүрэхгүй хувь нь биелсэн гэсэн үг. Үлдсэн 60 гаруй хувь нь гүйцэтгэлгүй. Энэ бол төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын тендерийг зөв зохион байгуулаагүй, ар өврийн хаалгаар чадамжгүй, цүнхний компаниудад өгснөөс шууд хамааралтай. Харин хугацаандаа амжаагүй өнөөх ажлуудын зардал нь өнөөдөр өсчихсөн, баригдах эсэх нь тодорхойгүй, буух эзэн, буцах хаяггүй болоод байгаа юм. Төсвийн хуулийн хэлэлцүүлэгт гишүүд тун хариуцлагагүй хандаж буйн бас нэгэн нотолгоо бол байдгаар нь тэлсэн төсөвт хувийн секторыг дэмжсэн, ажлын байр яаж бий болгох талаар бодлогын хөшүүрэг алга байгааг шүүмжилж, санаа оноо дэвшүүлж байгаа нэг ч хүн алга. Харин ч сонгуулийн жил нийгмийн хамгааллын зардлаа өсгөж, татвар төлөгчдийн мөнгөөр нааддаг Монгол төрийн үрэлгэн занг гишүүд бүр ч сэдрээж байна.
УИХ-ын сонгуулийн жил буюу 2012 онд 1.2, 2016 онд бүр 2.3 их наяд төгрөгөөр талийтлаа тэлсэн улсын төсөв 2020 онд ч энэ уламжлалаасаа хазайхгүй нь. Ирэх жилийн төсвийг өргөн барьсан хэвээр нь баталбал зарлага 2019 оныхоос 2.3, 2018 онтой харьцуулбал дөрвөн их наяд төгрөгөөр өсөхөөр байгаа ч үүнээс олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт харамсалтай нь алга. Өнгөрсөн гурван жилийн хугацаан дахь эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт бол нүүрс, зэсийн дэлхийн зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой байсан. Экспортын орлогын 30 хувийг нүүрс, 30 хувийг зэс бүрдүүлж байгаа. Энэ хоёрын биет үзүүлэлтээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа болохоос бусад төрлийн баялгийн өсөлт нөлөөлөлгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлж, махны экспортыг нэмэгдүүлье гэж байгаа ч дорвитой өөрчлөлт алга. Харин ч мал, махны экспортоо дотоодын улс төрдөө нийцүүлээд хориглочихсон.
Бидний орлогоо бүрдүүлж байгаа хоёрхон түүхий эдийн гол хэрэглэгч нь ганц улс. Хамаарал маш ихтэй, тээвэрлэлтийн дэд бүтэц сул байгаа учраас ирэх жилүүдэд эдийн засаг тогтвортой өснө, төсвийн орлого бүрдэнэ гэж найдах аргагүй эрсдэлтэй үед ийм үрэлгэн зардал, өгөөжгүй хөрөнгө оруулалтуудад татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээгээр оруулсны сөрөг үр дагавар нь их гэдгийг эдийн засагчид сануулж буй. Төсвийг хэлэлцэж, батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Энэ нь Засгийн газрын оруулж ирсэн төслийг шар усгүй болтол шүүж, "шахсан бяслаг” шиг жимбийлгэх ёстойгоос бус сонгогчдод таалагдах гэж шалдар булдар зардал нэмж, улам данхайлгахын нэр биш юм.
Харамсалтай нь манай 75 "мангуу” тойрогтоо цэцэрлэг бариулж, үлдсэнээр нь тоглоомын талбай, номын сан тохижуулаад, бүр үлдсэнийг нь юунд ч хамаагүй зарцуулах тухай л яриад сууна. Ирэх жил сонгуультай, гишүүдийг ойлгож байна. Гэхдээ "нэг идээд үхэхгүй” гэдэг шиг түүний дараа жил төлөх өр өндөр, үүрэх ачаа их гэдгийг санаарай. Тэгээд ч ер нь тэртэй тэргүй нутаг оронд хийх ёстой ажил, өгөх ёстой улсын төсвийн хөрөнгө оруулалтыг өөрөө хийсэн болж өмчиллөө гээд тэр гишүүнийг сонгогчид бурхан мэт шүтэхгүй. Олон талт мэдээллийг ил тод авдаг болсон монголчууд бурхан бол бурхнаар нь, буг бол бугаар нь л таньдаг болчихсон гэдгийг мөн сануулъя.

Б.Энхжаргал
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан