Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт сайдын суудлаасаа дөнгөж буусан Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээр нь авч үлдэхээр гишүүд хамаг л аргаа хэрэглэв. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй шалгах, жирийн иргэнийг шалгах хоёр тэс өөр асуудал. ЖДҮХС-гийн удирдлагаас нэг биш хүнийг цагдан хорьчихоод байхад шийдвэр гаргаж гарын үсэг зурсан хүн нь энд зүгээр мэт сууж байна. Энэ чинь шударга ёс мөн юм уу. Уг нь шударга ёсыг УИХ-ын танхимаас эхлэх ёстой биш үү” гэсэн үгийг танхимд суугаа эрхмүүдэд санууллаа.
Гэвч Ерөнхий прокурор шударга ёсыг нэхсэнээс үүдэн гишүүд ам уралдан үг хэлж, гомдлын үг чулуудаж эхэлнэ дээ. Тэдгээрийг УИХ-ын гишүүн М.Оюучимэг, Ц.Даваасүрэн нар манлайлж хууль зөрчсөн танхимынхаа гишүүнийг хамгаалын тулд Ерөнхий прокурорыг загнаж, зандрахаар цугласан маягтай аяглав.
Ерөнхий прокурор чуулганы танхимаас шударга ёс нэхсэнийхээ төлөө УИХ-ын гишүүн М.Оюучимэг, Ц.Даваасүрэн нар түүнийг “яллаж” УИХ-аас уучлал гуйлгасан нь өрнөж буй процессыг сулруулах зорилготой прокурорын байгууллагыг мохоох оролдлого болоод явчихав.
Ерөнхий прокурорын зүгээс гишүүдэд ард түмнийхээ төлөө шударга байх хэрэгтэйг сануулсан. Харин гишүүд үүнд нь гомдож, түүний томилгоог хийсэн хэмээн дарамтлах маягийн үг унагаж байгаа нь хэр зохистой вэ?
П.ГОО