ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэхгүй байх нь эрх баригчдад ашигтай юу?

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж олон нийтийн санаа бодол үүнд төвлөрч байгаа энэ цагт манай эдийн засгийг тэтгэгч, санхүүгийн сахилга батыг шаарддаг Валютын сангийн хөтөлбөр үргэлжлэх үү, гэрээний дагуу орж ирэх 400 сая ам.доллар хэзээ орж ирэх вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаад байна.
ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд уналтад байсан эдийн засаг найман хувьтай болж өндийгөөд зогсохгүй мөнгө угаах, олон улсын терроризмтэй тэмцэх байгууллагын саарал жагсаалтад орохоос аварсан гэж хэлж болно. Харин эдийн засаг өндийх зуурт тус сангаас зургадугаар ээлжинд орж ирэх ёстой санхүүжилт болох 400 сая ам.долларыг хэзээ оруулж ирэх эсэх нь хүлээлт үүсгэж эхэллээ.
Энэ хүрээнд тавьсан хоёр нөхцлийг хангахаас хөтөлбөр үргэлжлэх эсэх нь хамаарах аж. Нэгдүгээрт, активын чанарын үнэлгээний хүрээнд банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдалд аудит хийж, тухайн хөрөнгө нь Монгол Улсын хууль тогтоомж, шилдэг туршлагатай нийцэж байгаа эсэхийг дахин тогтоох юм. Хоёрдугаарт, энэ үнэлгээний хүрээнд тавьсан өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг  хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас хяналт шалгалтын арга хэмжээ авах үүрэг амлалт хүлээсэн байгаа.Төвбанкнаас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтэд техникийн шалтгаантай бага зэргийн саатлууд тулгарсан боловч амжилттай шийдвэрлэн цаашид хэвийн үргэлжлэхээр болж байгаа” хэмээн мэдэгдээд байгаа юм. Харин одоо эрх баригчдаас шалтгаалсан түр зуурын саатлуудаа шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. Тэгэхээр зургаа дахь санхүүжилт орж ирэх эсэхийг эрх баригчид “даалгавар”-аа хэрхэн биелүүлэхээс шалтгаална гэсэн үг. Энэ онд 840 сая ам.долларын санхүүжилтийг авах төлөвлөгөөтэй юм. Гэвч энэ асуудалд Засгийн газар буюу эрх баригчид нэг л нам жим болчихлоо. Өөрөөр хэлбэл, банк өөрийн хөрөнгөө ямар эх үүсвэрээс бүрдүүлснээ Валютын сангийн өмнө тайлбарлах ёстой. Гэвч банкны эзэд хаанаас хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлж буйг шударгаар ил тод  зарлахаас эмээж байгаагаас шалтгаалж Валютын сангийн хөтөлбөр үргэлжлэх эсэх нь тодорхойгүй. Валютын сангийн, хөтөлбөр хэрэгжиж дуусах сүүлийн жилд санхүүгийн сахилга батыг хэвээр үргэлжлүүлэхийг шаардаж банкуудын өөрийн хөрөнгөд дахин нягтлах болон  нэмэгдүүлэх үүргийг өгсөн. Мэдээж сонгуулийн өмнөх жилд санхүүгийн сахилга баттай тогтвортой банкыг илүүд үзнэ. Гэвч банкуудын актив буюу өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн эсэхийг тодорхой болгох ажил мөн л он дуустал үргэлжилж, зургадугаар ээлжинд орж ирэх 400 сая ам.доллар хэрхэх нь тодорхой биш байсаар сонгуулийн жилтэй золгох магадлалтай гэдгийг  зарим эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн хөтөлбөр үргэлжилвэл эрх баригчид хуримтлагдсан мөнгөө сонгуулийн ажилд зарцуулах эрх нь хязгаарлагдана. Тиймээс тэд энэ удаад Валютын сангийн шаардлагыг биелүүлэх нь дургүйд хүчгүй гэгч болж байна. Түүнчлэн хөтөлбөр үргэлжлэхээргүй болбол маргаашнаас нь эхлээд ам.долларын ханш өсч эдийн засаг муудах нь ойлгомжтой. Харин эрх баригчдад сонгуульт хугацаанд эдийн засгийг өсгөсөн цаашид хэрхэх нь хамаагүй. Энэ цагт ирэх сонгуулийн үр дүн тодорхойгүй учраас тэд ингэж харах магадлалтайг эх сурвалж хэлж байна. Тухайлбал, эдийн засагч Б.Дөлгөөн
“Монгол улс мөнгөний бодлогын хувьд бие даасан болоод олон нийтийн эрх ашгийг урт хугацаанд хамгаалсан бодлого явуулах ёстой. Харин одоо явуулж байгаа бодлого богино хугацаанд чиглэсэн, алсын хараагүйгээс гадна манай улсыг ирээдүйд гарч учирч болзошгүй хямралд хангалттай бэлдэж чадахгүй байна. ОУВС-гийн хэлж байгаа дүгнэлтүүд манай эдийн засгийн сул талыг зөв олж дүгнэсэн гэж үзэж байна.
Эрх баригчид 2020 оны сонгуульд зориулж хэт үрэлгэн төсөв баталж, үүнтэй холбоотойгоор бас бусад шалтгаанаар өсч буй валютын ханшийг барихын тулд нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байна. Энэ бол эдийн засгийн гэхээс илүү улс төрийн шийдвэрийн үр дүн юм. Нөгөөтэйгүүр ОУВС зургаа дахь дүгнэлтээ гаргахад арилжааны банкууд дээр хийсэн активын чанарын үнэлгээтэй холбоотойгоор босгосон хөрөнгийг хуулийн хүрээнд “цэвэр” мөнгө оруулсныг нягтлах мөн активийн чанарын үнэлгээтэй холбоотойгоор шаардлагатай хөрөнгийг банкууд босгоход Монголбанк хяналт тавих ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.
Хэрэв энэ хоёр шалгуурыг хангаж чадахгүй, эсвэл хангахыг хүсэхгүйгээс болоод өргөтөгсөн санхүүжилтын хөтөлбөрөөс гарна гэвэл нэгдүгээрт,  хөрөнгө хэт төвлөрсөн цөөн эрхмүүд төрд ямар их нөлөөтэйг харуулахаас гадна үүнээс үүдэх сөрөг нөлөөг олон нийт илүү үүрнэ гэж үзэж байна” гэлээ. Нөгөөтэйгүүр Засгийн газар нэгэнт буцааж төлөх болохоор үлдсэн санхүүжилтыг авсан ч өрний нэмэр гэж үзэж буйтай ч холбоотой. Үүнийг  2019, 2021 онд төлөх том төлбөр байхгүй гэж Сангийн сайд хэлсэнтэй холбоотой гэсэн яриа баталж буй мэт. Уг нь хөтөлбөрийн дагуу өнгөрсөн оны сүүлээр энэ санхүүжилт орж ирэх байсан ч одоо болтол орж ирээгүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил олгох ёстой санхүүжилтээ Дэлхийнбанк, Японы засгийн газар олгоогүй. Нөгөөтэйгүүр “Засгийн газар, хэлэлцээр үргэлжилж байгаа. 2019, 2021 онд төлөх том төлбөр байхгүй. Гэхдээ ОУВС-тай хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусахгүй бол олон улсын санхүүгийн байгууллагаас манай улс тусгаарлагдана. Мөнгө угаах, олон улсын терроризмтэй тэмцэх байгууллагын саарал жагсаалтад орвол гадаад төлбөр тооцоо хаагдана” хэмээн өнгөрсөн сарын 29-нд болсон ОУВС-гийн ажлын хэсэг Дүрмийн IV заалтын 2019 оны зөвлөлдөх хэлэлцээний үеэр манай тал мэдэгдсэн юм. Гэсэн ч  цаагуураа хөтөлбөрөө үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй. Нөгөөтэйгүүр,  ирэх онд дэлхийн зах зээлд эрдэсийн үнэ буурч АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, Хятадын эдийн засгийн сааралт, евро бүсийн сулрал, дэлхийн худалдаа үйлдвэрлэлийн бууралт түүнчлэн санхүүгийн зах зээлийн эрсдэл үргэлжилсээр байна гэдгийг олон улсын Валютын сан үзэж байна. Энэ таамаглалаар тус сан дэлхийн эдийн засгийн төсөөллөө бууруулж  шинэчилсэн.Тиймээс манайд хөтөлбөрийг үргэжлүүлэх шаардлагатайг ч тэд хэлээд буй. Тэгэхээр ирээдүйд төлөгдөх гадаад өрөө төлөх менежментийг хэрхэн  сайн хийх вэ гэдэгт анхаарлаа хандуулахгүй бол гурван жилийн хугацаатай санхүүгийн хөтөлбөрийн хугацаа дуусангуут орлогын эх сувгууд эхнээсээ тасарч сүүлийн хоёр жил чимээгүйхэн тэлсэн улсын төсөвт том цоорхой үүсч мэднэ.Тиймээс орлогод дэм үзүүлэх алхамуудыг хийхийг Дэлхийн банк зөвлөсөн. Мөн эдийн засгийн өсөлтөд төсөөлсөнд хүрэхгүй байх хэд хэдэн  эрсдэл байгааг  эдийн засагчид мөн сануулсаар байна.Ирэх онд сонгуультай холбоотойгоор эдийн засаг  улам хүндрэх, улс төрийн тодорхой бус нөхцөл байдал, дэлхийн түүхий эдийн үнийн өсөлт зах зээлд нөлөөлөх АНУ-ын худалдааны дайн, түүнчлэн банкны салбарын бүтцийн шинэчлэлийн удаашралт зэрэг асуудал  нь уг хөтөлбөрийг үргэлжүүлэх нь манай эдийн засаг цаашлаад ард түмний амьдрал хүндрэхгүй байхад нөлөөлнө гэдгийг хэлж байна. Харин   валютын сангийн хөтөлбөрийг  үргэлжлүүлэхгүй байх сонирхол эрх баригчдад байна уу?
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан