
Шинэ хонгил хэчнээн аймшигтай гэдэг нь сая болсон үйл явдлаас тодорхой харагдаж байна. Ийн хэлсний учир нь дураа хүрвэл хэнийг ч хамаагүй барьж хориход бэлэн болжээ. Ямар ч хэргээр хамаагүй баривчилж чадах юм байна. Гэхдээ шинэ хонгилын анхны туршилт шүүхийн шатанд доголдов. М.Энхсайхан хорих ангид шүүхийн шийдвэрээр нэг хоноод л гарлаа. Тэрбээр суллагдаж гарч ирээд "Эрх биш шүүх байсан тулдаа л гарч ирлээ” гэж хэлсэн. Одоохондоо шүүх шинэ хонгилд бүрэн орж, хараат болж чадаагүй байгаа юм байна. Шинэ хонгилын шүүх бүрэн байгуулагдаж дуусаагүй байгаа гэсэн үг. Энэ удаад шинэ хонгилынхны хувьд шүүх доголдож байна. Хүссэн хүнээ барьж шоронд хийчих гэхээр шүүх саад болоод байна. Удахгүй шүүхийн дарга нартай холбоотой томоохон акц гарч эхлэх байх аа. Үүний дараа халаа, сэлгээ хийгдэх биз ээ. АТГ, цагдаа, прокурор, шүүх бүрэн бүрэлдэхүүнээр цогц ажиллаж байж хонгил бүрэн утгаараа бий болдог билээ.
Ер нь их баривчилгаа хэлмэгдүүлэлтийн өмнө заавал ингэж туршилтаар эхэлдэг юм гэсэн. Феодалуудын хөрөнгийг хураахад Манзушир хийдийн лам нар Онц бүрэн эрхт комиссын төлөөлөгч нарыг эсэргүүцээд бөөн хэл ам болсон гэдэг. Бүрэн эрхт төлөөлөгч эд хөрөнгийг нь хураахаар ирэх үед хэдэн залуу лам салтаагаараа шороо самардаж цацаж эсэргүүцлээ илэрхийлж, элэг доог болгосон байдаг. Нөгөө төлөөлөгчид "Хэдэн залуу лам эсэргүүцээд байна. Яах вэ” гэж удирдлагуудаасаа асуусан байдаг. Удирдлагууд нь "Наад лам нараа барьж аваад буудчих. Бусад нь яахыг нь харъя” гэсэн юм гэдэг. Тэгээд нөгөө лам нарыг баривчилж аваад буудсан байдаг. Бусад лам нь ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй айгаад нам болсон гэдэг. Лам нарыг эсэргүүцэж чадахгүй юм байна гэдгийг туршилтаар мэдээд хэдэн мянган ламыг толгой дараалан буудах их хядлага, хэлмэгдүүлэлт эхэлсэн түүхтэй. Өөр нэг ойрын тод жишээ нь Л.Гүндалайг УИХ-ын гишүүн байхад нисэх онгоцны буудлаас баривчилж байсан. МАН-ынхан төр барьж байхад Л.Гүндалай ганцаараа сөрөг хүчин болж байсан. Одоогийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж Хятадын тагнуул гэсэн асуудал дуулиан болж байсан үе. Үүнийг Л.Гүндалай ил гаргаж хэвлэлийн хурал хийж, олны өмнө мэдэгдчихсэн. Улсын нууцтай холбоотой асуудлыг олон нийтэд ил болгож хууль зөрчсөн гэх хэргээр Ц.Нямдорж Л.Гүндалайг шүүхэд өгсөн. Энэ дуулиан шуугианы дараахан Л.Гүндалай эхнэртэйгээ өөрийнхөө зардлаар Хайнань руу амрахаар нисэх онгоцны буудал руу явсан. Тэр үед МАН-ынхан баруун аймгуудаар зөвлөгөөн хийх нэрээр зугаалж, хорхог, боодог эргүүлээд явж таарсан гэдэг юм. Н.Энхбаяр Л.Гүндалайг нисэх гэж байгааг мэдээд Ц.Нямдоржид "Чиний нөгөө шүүхэд өгсөн хүн чинь амарч, зугаалах гээд явж байна шдээ гэж хэл хүргүүлж байсан гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүнийг ямар ч шүүхийн шийдвэргүйгээр нисэх онгоцны буудлаас баривчилж дуулиан шуугиан хадааж байв. Тэр үед Л.Гүндалайг баривчилж байгааг ганцхан "Өдрийн сонин” мэдээлж байлаа. Одоо цаг сайхан болсон. Хэн нэгнийг барьж, хорилоо гэхэд л сошиал даяар дуулиан шуугиан болж байна. Монголчууд бараг хоёр саяулаа сошиалд байдаг болсон. Цөөн хэдэн хөлсний бичээч баривчлагдсан хүний талаар муу муухайгаар бичих тохиолдол бий. Харин ихэнх нь болж байгаа үйл явдлыг байгаа чигээр нь мэдээлдэг болоод байгаа. Ингээд бусдын эрх ашиг зөрчигдөж байгааг шүүмжилдэг, үнэн бодит мэдээллийг хүргэдэг үй олон "Өдрийн сонин” цахим ертөнцөд бий болчихсон гэсэн үг.
Шинэ хонгилынхон М.Энхсайханаар туршилт хийж байна гэж дээр хэлсэн. Туршилт гэж таамаглах хэд хэдэн шалтгаан байна. Өмнө нь хэн нэгнийг баривчлахдаа ядахдаа прокурорын зөвшөөрөл, шүүхийн тогтоолыг худлаа үнэн үзүүлдэг байсан. Одоо тийм бичиг цаас харуулахаа ч больжээ. Шууд л хүссэн хүнээ төмөр торны цаана суулгачихдаг болжээ. Өөр нэг тодорхой зүйлийг хэлэхэд М.Энхсайханыг хэрэг хүлээлгэж, шоронд хатаах гэж байсан бол баасан гаригт барьж хорих ёстой байв. Сүүлийн үед АТГ-ынхан ийм л технологиор ажиллаж буй. Баасан гаригийн үдээс хойш бариад хорьчихоор амралтын хоёр өдөр таардаг. Энэ хугацаанд тухайн хүнийхээ талаар тодорхой хорих үндэслэл бүхий баримт цуглуулж чаддаг. Ингээд даваа гаригт хорих саналаа шүүхэд хүргүүлдэг. Шүүх хүсэлтийг нь хүлээж авч, хуралдааны тов гаргах, шүүх бүрэлдэхүүн томилох зэрэг ажлуудыг хийсээр байгаад өдрийг бардаг. Тэгж тэгж мягмар гаригт үргэлжлүүлэн хорих эсэхээ шийдсэн шийдвэрийг гаргадаг юм. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч амралтын өдрүүдэд олигтой ажиллахгүй өнждөг. Тэгвэл пүрэв гаригт М.Энхсайханыг баривчилсан нь шинэ хонгилынхон ажлаа хийхэд нийгэм хэрхэн хүлээж авах нь вэ гэдгийг туршиж үзлээ гэж харагдаж байгаа юм. Тодруулж хэлбэл, шинэ хонгилынхон "аймаар" ажиллах юм шиг байна.
Э.Хүрэлбаатар
Эх сурвалж: Өдрийн сонин