Парламент өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусаад гишүүд өнгөрсөн лхагва гаригаас хойш Монгол орны өнцөг булан бүрт хүрч очин ажиллаж, “эцэг” хуулийн өөрчлөлтийг сонгогчдодоо танилцуулж явна. Ингэхдээ иргэдийн санал бодлыг сонсож энэ сарын 24-ний байдлаар 16310 иргэний саналыг аваад байгаа гэх. Үнэндээ энэ тоо яг бодитой эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, өгсөн санал нь иргэнийх үү, аль нэг улс төрчийн өөртөө зориулсан өөрчлөлтийн санал уу гэдэг нь эргэлзээтэй гэдгийг АН-ынхан өчигдөр онцлож байв.
Ингэж хардаж байгаагийн шалтгаан нь Монгол хэмээх улсын хувь заяа энэхүү эцэг хуулийн өөрчлөлттэй холбоотой учир эд эс бүхнийг нь нарийг шалгаж тооцох учиртай учраас ийн хардсан хэрэг. Тиймээс л ард нийтийн санал асуулгыг нээлттэйгээр явуулах нь зүйтэй гэж хашир улстөрчид аргаа барахдаа хэлэх вэ дээ.
Ямартай ч эрх баригчид энэхүү хуулийн төслийн өөрчлөлтийг энэ сарын 27-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлэх төлөвлөгөөтэй байна. Харин сөрөг хүчний зүгээс нэгэнт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн бол ард түмнээс асуухгүйгээр хэлэлцээд явах боломжтой бүр нөгөө талд эхний хоёр хэлэлцүүлгээр ийм саналууд дэмжигдсэн гээд өөрсдийн оруулж ирсэн саналыг Үндсэн хуулийн төсөл нэрээр ард түмнээр дэмжүүлэх, тулгах гэлээ хэмээж буй.
Мэдээж МАН үнэмлэхүй олонхи болсон энэ үедээ сөрөг хүчингүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж батлах бүрэн боломжтой ч олонхидоо дулдуйдаж, улс орны цаашдын хувь заяанд сэв суухуйц заалтууд хавчуулахыг ч үгүйсгэхгүй. Тэд Үндсэн хууль судалдаг хуульч, судлаачдыг эсрэг, эерэг байр суурьтай бүгдийг нь дэд ажлын хэсэг нэрээр багтаа авчихсан. Үндсэндээ Үндсэн хуулийн төслийн ийм заалт алсдаа урхагтай гэж сөрөг талаас нь тайлбарлаж буй судлаач ч алга байна.
Иргэдээс төрийн шийдвэр гаргахад шууд оролцох эрх зүйн үндэс бий
Юутай ч энэ бүхний эцэст дээрх гурав дахь хэлэлцүүлгийг ирэх сарын 25-нд байхаар зурагласан байна. Уг нь иргэдээс төрийн шийдвэр гаргахад шууд оролцох эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хуульд байгаа хэдий ч түүнийг хэрэгжүүлэх механизм эрх зүйн зохицуулалтгүйн улмаас практикт хэрэглэлгүй өнөөдрийг хүрчээ. Ард нийтийн санал асуулгын тухай хууль анх 1995 онд батлагдаж, 2016 онд шинэчилсэн найруулгыг хийсэн ба 20 гаруй жилийн хугацаанд үйлчилж буй энэ хуулиар ард нийтийн санал асуулга нэг ч явуулж байгаагүй. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэ хуулийн төсөлд тусгаснаар иргэдийн санаачилга төрийн шийдвэр болох, тусгагдах боломж илүү бодитой болно.
Өөрөөр хэлбэл, иргэд УИХ-ын болон ИТХ-аар ямар асуудлыг хэлэлцүүлэх талаар дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй болно. Мөн ард нийтийн санал асуулга, орон нутгийн санал асуулгыг явуулъя гэж санаачилж болохоос гадна Үндсэн хуульд заасан гурван хууль санаачлагчид иргэд тодорхой хуулийн төсөл, саналаа хэрхэн уламжлахыг тодорхой болгоно. Энэ хуулиар дээр дурдсан үндсэн гурван асуудлыг зохицуулахаар тусгасан. Иргэдийн санаачилга, санал асуулгын үр дүн нь хууль зүйн үр дагавар бүхий албан ёсны шийдвэрээр баталгаажна. Зөвхөн төрийн байгууллагын санаачилгаар дээрээс доош чиглэсэн байдлаар бус харин иргэдийн санаачилгаар доороос дээш чиглэсэн байдлаар төрийн байгууллагаас шийдвэр гаргах боломж бүрдэх юм. Эцэст нь УИХ-аас мэдээллэсэн 16310 иргэний санал хэр баталгаатай вэ гэж асуух байна.
Б.Учрал
Эх сурвалж: erennews.mn