Дордуулсан долоогоос зургааг нь сэргээх нь


МАН УИХ-ын 2016 сонгуулийн үр дүнтэй зэрэгцэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгдсэн. Парламентад олонх болсон МАН-ынхан энэ зорилгоо биелүүлэхээр ханцуй шамлан ажилдаа орсон гэж хэлж болно. УИХ байгуулагдсан цагаасаа эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж, ажлын хэсэг байгуулсан. Зөвлөлдөх санал асуулгыг хоёр шаттайгаар зохион байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар 300 мянган иргэнээс санал авч тодорхой саналуудыг нэгтгээд байгаа.  Улмаар  дөрвөөс таван чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэдэг дээр санал нэгдэж байна.
Тухайлбал, 2000 оны долоон өөрчлөлтийн зургаан өөрчлөлтийг нь хэсэгчлэн болон бүтнээр нь сэргээхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд тусгасан байна.  
 Манай улс 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд зөвхөн нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнөөдрийг хүртэл маргаантай байгаа дордуулсан долоон өөрчлөлтийг хүргэе.
1. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг “УИХ-ын ээлжит чуулган хагас жилд тутамд нэг удаа 50-иас доошгүй өдөр чуулж байх” өөрчлөлт оруулжээ.
2. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Үндсэн хууль бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганы хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуулыг шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулж, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэж нэмсэн .
3. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан.
4. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.2-т “УИХ-д олонх суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол УИХ-д суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах” гэснийг “УИХ-д олонх суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл, бусад нам, эвсэлтэй зөвшилцөж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлж УИХ-д суудал авсан нам, бусад нам эвсэлтэй зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах” гэж өөрчлөн найруулсан.
 
5. Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэснийг эхний хэсэг хэвээр ”УИХ-ын тухайн сонгуулийн үр дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэж нэмсэн .
6. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ” гэснийг эхний хэсэг хэвээр үлдээж, “Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн хоёр дахь хэсгийг нэмжээ.
7. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсвэл энэ шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийн тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайдыг томилох томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн дугааргүй хэсэг нэмсэн байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногт өргөн барихаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. 

П.АНИР 
Оллоо.мн
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан