Tөмөр замд илгээх 1,800 цэргийн амь насанд Батлан хамгаалах яам баталгаа өгч чадах уу?

Барина, бүтээнэ хэмээн олон жил хэлэлцэн, их хэмжээний хөрөнгө завшсан дуулиан дагуулж, хэсэг чимээ алдарсан төмөр замын сэдэв өнгөрөгч долоо хоногт дахин өндийв. Монголчуудын эмзэг ханддаг энэ сэдвийг Засгийн газар өндийлгөж, Тавантолгой ордыг Дорноговийн Зүүнбаян руу холбох 414.6 км замыг барих шийдвэрийг гаргалаа.
Бэлтгэлээ хангачихвал тавдугаар сарын 1 гэхэд эхлүүлнэ гэж мэдэгдсэн төмөр замын ажилд 1,800 цэргийн албан хаагчийг дайчилах гэнэ. Энэ шийдвэр нийгмийн анхаарлыг нэлээд татаж байна. Энх цагийн үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, ЗХЖШ оролцоно гэсэн нь цэргийн албанд хүүгээ үдэх ээж, аавуудын сэтгэлийг түгшээж эхэлжээ.
Энэ салбар өнөөгийн нийгэмд онцгой үүрэг гүйцэтгэдэггүй. Салбарын нэр хүндийг НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цөөн хэдэн цэрэг л өргөдөг. Гэхдээ Монгол цэргүүдийн цалин хөлс хамгийн бага. 
Энхийг сахиулах ажиллагаанд оролцогч АНУ-ын багийн удирдах албан тушаалтан дээд тал нь 10 мянган ам.долларын цалин авдаг. Харин Монгол цэргүүдийн цалин нэг мянган долларт ч хүрдэггүй.
Дэлхийн хамгийн халуун цэгт, галт зэвсгийн дор амь насаараа дэнчин тавьж, үүрэг гүйцэтгэдэг Энхийг сахиулагчдынхаа хөлсийг олон улсад ийм хямдхан үнэлдэг Батлан хамгаалах яам, ЗХЖШ Зэвсэг хүчинд алба хаахаар ирсэн хугацаат цэргийн албан хаагчдаа ч бараг тоодоггүй. 
Цэргүүд дэглэлтэд өртөн амиа алдаж байхад, уучлал гуйж, буруутай этгээдэд хариуцлага тооцох сэтгэл Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос гараагүйг сарын өмнөхөн Монголчууд нийтээрээ харсан. 
Иргэд БХЯ, ЗХЖШ-т иргэд итгэл өгч чадахгүй гэдгээ олон нийтийн сүлжээнд илэрхийлж эхэлжээ. Хариуцлага муутай цэргийн албанд илгээсэн, мэргэжлийн биш 1,800 цэргийн амь нас, эрүүл мэндийг энэ салбар бүрэн хариуцаж чадах уу. Ийм хөндүүр, шинэ сэдэв төмөр замын ажлыг даган удаан хугацаагаар өрнөх шинжтэй боллоо. 
БАНКНЫ ДАМПУУРЛЫГ ДАГАСАН АН-ЫН ДАРГЫН “ДАМПУУРАЛ”
Дампуурлаа зарласан Капитал банкны дуулиан УИХ-ын хэд хэдэн гишүүдийг ороож эхэллээ. Дуулианы гол дүрээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ банкны 99.98 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлсэн Б.Ундармаа тодорч байна.
Дампуурсан Капитал банкны салбарын 1.1 хувийг бүрдүүлж байна. Алдагдал нь 380 тэрбум төгрөгт хүрч, активын 80 гаруй хувийг найдваргүй зээл эзэлж байсан. Мөн энд Тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг нийт 340 орчим тэрбум төгрөг. Мөн ЖДҮХС-гийн 47, АШУҮИС-ийн дөрөв, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг байсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа.
Дампуурсан банканд Тэтгэвэрийн даатгалын сан, ЭМД-ийн сан зэрэг даатгал төлөгчдийн хөрөнгө эргэлдэж байсан нь АН-ын дарга С.Эрдэнэд ч улстөрчийн хувьд “дампуурал” зарлаж магадгүй нөхцлийг бий болгов.
С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, НДЕГ-ын даргаар ажиллаж байхад хэвлэлүүд Нийгмийн даатгал төлөгчдийн мөнгө банкуудаар дамжин хүүтэй зээлэгдэж байна. Хөрөнгийн хүүг шийдвэр гаргагчид нь авч байна хэмээн мэдээлдэг байсан.
Банкны дампуурал, даатгал төлөгчдийн мөнгөний тухайд С.Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийж: -Намайг ажиллаж байхад нийгмийн даатгалын аймаг, дүүргийн хэлтсүүдэд харилцахын үлдэгдэл нэртэй ямар ч гэрээ хэлцэл байхгүй, хяналт байхгүй маш их хэмжээний мөнгө байсан. Тэрийг дотоод хяналтын шугамаар, бүх аймаг дүүргээс татан төвлөрүүлж, тодорхой хүү тохироод арилжааны банкуудтай гэрээ байгуулсан. Гэхдээ тэрийг ганцаараа шийдээгүй гэсэн тайлбарыг өглөө.Дуулианд ороогдсон АН-ын даргын хувьд өнгөрөгч долоо хоног ээлээ өгсөнгүй. УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд Ардчилсан нам парламентад албан ёсоор намын бүлэггүй болсныг зарласан байгаа.
2016 оны сонгуулийн дараа найман гишүүн хөтлөөд УИХ руу орж ирсэн С.Эрдэнэ долуулаа болоод удаж байна. УИХ дахь бүлгээ тарааж, банкны дампуурал дагасан дуулиан, даатгал төлөгчдийн мөнгийг хүүлсэн асуудалд баримт дэлгүүлэн ороогдож байгаа нь сайны дохио биш.Энэ дүйвээнийг АН-ын шийдвэр гаргах түвшнээс жийгдсэн улстөрчид хүчтэй ашиглаж, нам дотроо тогтоосон С.Эрдэнийн дэглэмийг нураахаар хөдөлж магадгүй харагдаж байна. Хэрвээ үйл явдал таамаглаж байгаа шиг өрнөвөл С.Эрдэнэ гэдэг хүний 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын хөтлөн орох, цаашлаад ялсан намын дарга болж Ерөнхий сайдын суудалд сууна гэсэн мөрөөдөл энэ онд төгсөх болов уу.
ЭРХ БАРИГЧДЫН ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАСАН “ШАХАА”
“Эрдэнэт” үйлдвэрт хийгдсэн томилгоо өнгөрч долоо хоногт хөндөгдөх гол сэдвийн нэг байв. Гэхдээ томилгооны асуудалд хэвлэлүүд төдийлөн анхаарал хандуулсангүй. Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмчид авах өгөх, үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьсан “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн өрийг Засгийн газар тэглэсэн зэрэг томоохон асуудлуудтай харьцуулахад томилгоотой холбоотой мэдээлэл нийтэд төдийлөн хүрсэнгүй. Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталж, Ерөнхий захирлыг дөрвөн орлогчтой байх боломжийг бүрдүүлсэн байгаа.Чимээгүй томилогдсон дэд захирлуудын нэг нь Санхүү эдийн засаг хариуцсан Д.Үүрийнтуяа. Тэр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Мөн үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор УИХ-ын нэгэн гишүүний туслах, зөвлөх П.Энхбат томилогдсон байна.
Төрийн алба руу, тэр тусмаа Эрдэнэт үйлдвэр лүү улстөрчдийн шахаа илт орсон нь шударга имижтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрд харшилж эхэллээ. Үүнийг даган МАН-ынхны төрийн албыг төрлийн алба болгож, ах дүү амраг садан, найз нөхдөө томилсон мэдээллүүд ч дэлгэгдэх хандлагтай болж байна.
Ийм төрлийн мэдээг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Австри улсад Элчин сайдаар томилох тохироо хийгдсэн гэсэн сураг баяжуулж эхэллээ. 
Мөн У.Хүрэлсүхийн танхимын сайд Н.Энхболд эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, шууд удирдлага ЗХЖШ-т нөлөөлөл үзүүлсэн. Батлан хамгаалахын сайдаар томилогдож очоод салбартаа халаа сэлгээ хийсэн. 2017 онд төрсөн эгчийнхээ хүүхэд Бат-Очир гэгчийг Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн даргаар томилсон гэх мэдээ дуулдаж байна.
Зарим нь баримт бүхий, зарим нь хардлага төдий томилгоо, мэдээнд  шударга бусын хонгилыг нээн илрүүлж, түүнийг цэвэрлэнэ хэмээн “зорьж яваа” Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэрхэн хандахыг харах л үлдэж.

Д.Шатарбал
Эх сурвалж: Ikon.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан