Улаанбаатар хот дөрвөн уулын дунд, Туул, Улиастай, Сэлбэ голуудын хөндийд Их хүрээ нэртэйгээр 240 гаруй жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн түүхтэй. Тухайн үед байгалийн нөхцөл нөөц төгс хосолсон, үзэсгэлэнт онгон дагшин газар нутгийг нь төр, шашны эрх баригчид олон талаас шинжин сонгожээ. Эдүгээ хүртэл хотын түүхэн хөгжлийн явц, бүтээн байгуулалт, хүн амзүйн бүтэц ихээхэн өөрчлөгдсөн. Хотын хөгжил 20-р зууны дунд үеэс хурдацтай урагшилжээ. Тоо баримт сөхвөл Улаанбаатар хотод 1930 онд 10 мянга орчим өрх, 1970 онд 50 мянга орчим өрх, 1989 онд 100 мянга гаруй өрх айл суурьшин амьдарч байсан бол 2016 оны байдлаар 380 мянга гаруй өрх айл, 1.5 сая давсан ам бүлтэй болж дэлхийн томоохон хотуудтай зэрэгцсэн.
Хот суурингуудын нийгэм-эдийн засгийн тэлэлтээс хамаарч тухайн газар нутгийн байгаль орчны төлөв байдалд эерэг болон сөрөг үр дагавар үүссэн байдаг. Олон сая га талбайтай Можаве цөлд Ласвегас хотыг байгуулж, улмаар албан байгууллага, оршин суугчид өөрсдийн эзэмшил газруудад ногоон байгууламж ихээр бий болгож ая тухтай амьдрах нөхцөлөө бүрдүүлсэн байдаг. Хятадын хойд хэсгийн үржил шим багатай, хуурай бүс нутагт байрлах хот, тосгонууд, тэдгээрийн зэргэлдээх олон зуун мянган га газар дээр төрөл бүрийн ургамалтай, ой мод бүхий ногоон бүсүүдийг амжилттай байгуулаад байна. Эдгээр нь хот суурингуудын тэлэлт байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж буйн жишээ юм. Харин олон мянган хүний аминд хүрсэн 1952 оны Лондон хотын агаарын бохирдол,Энэтхэгийн томоохон хотуудын оршин суугчдын үүсгэж буй орчны бохирдол зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буйн илрэл мөн.
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын хэмжээ болон байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж оршин суугчдын эрүүл мэнд, ая тухтай амьдрахад сөрөг нөлөө үзүүлж байгаа нь харамсалтай. Төрөл бүрийн хортой хий агуулсан хүйтний улирлын утаа, замбараагүй хог хаягдлаас үүссэн хүнд металл, ялгадас, нянгаар бохирдсон газар шороо, ургамал бүрхэвчгүйн улмаас үүсэж буй дулааны улирлын тоосжилт зэргийг нэрлэж болно. Манай эрдэмтэн, судлаачид агаар, орчны бохирдол болон бусад гамшигт үзэгдлийг судалж, тэдгээрийн сөрөг нөлөөг нь зохистой шийдвэрлэх арга замуудыг хайж байгаа боловч бүрэн судалж амжаагүй зарим нэг гамшигт үзэгдлүүд байсаар байна. Үүний нэг нь халиа буюу хүйтний улиралд газрын гадарга дээр янз бүрийн хэмжээтэй мөсөн хучаас үүсэх үзэгдэл юм. Сүүлийн жилүүдэд тус үзэгдэл нийслэл хотын зарим хэсгийн оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл, албан байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ихээхэн төвөг учруулахын зэрэгцээ эдийн засгийн багагүй хохирол үзүүлж байна.
Сэлбэ голын хөндий, Дарь-Эх орчимд үүссэн халиа. 2019 оны 1-р сарын 24.
Товчхондоо хөрсний ус болон гол горхи, булгийн ус өвлийн улиралд газрын гадарга дээр гарч ирж, хөлдөн зузаарч ихээхэн хэмжээний зузаантай, томоохон талбай эзэлсэн мөсөн хучаас үүсгэхийг халиа гэнэ. Халиа нь Монгол орны уулархаг, ус чийгийн нөөц арвинтай газруудад өвлийн улиралд ихээхэн тохиолддог хүйтний гаралтай үзэгдэл юм.Халиаг гарал үүслээр нь хөрсний, булгийн, голын, холимог халиа гэж ангилдаг. Цэвдэгтэй газар хөрс гадаргаасаа хөлдөх явцад тухайн хөрсөн дэх ус дээр, доороосоо шахагдаж, тэрхүү даралттай ус нь хөлдөлт багатай, сийрэг хөрс чулуулагтай хэсгээр шахагдан гарч хөрсний халиа үүсгэдэг. Ийм төрлийн халиа ихэвчлэн уулс хоорондын хөндийн нарийн ширхэгтэй хөрс бүхий цэвдэгтэй газруудад үүсдэг онцлогтой. Түүнчлэн булаг болон голын ус харзлан урсахдаа голдиролынхоо дагуу халиа үүсгэдэг бол холимог халиа нь хөрсний, булгийн, голын халиануудаас бүрдэж болно.
Дарь-Эхэд суурьшсан айл өрх халианд автсан байдал. 2019 оны 1-р сарын 24.
Улаанбаатар хот орчимд үүсдэг халиануудын ерөнхий зүй тогтлыг илрүүлэх судалгааг анх 1963 оноос Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн ажилтан С.Жамсран хийжээ.Тэрээр Сэлбийн Зуун мод, Дарь-Эх, Улиастайн ам, Хөлийн гол орчим, Сонгины харзан өндөр, Хүхрээгийн ам, Рашаант толгой зэрэг нэр бүхий газруудад 500-аас 1700 хүртэл метр урттай халианууд үүсдэгийг тэмдэглэн бичсэн байдаг. Түүнчлэн Зүүн Сэлбийн зарим гудамж дахь айлуудын жорлон, гэрийн дороос ус гарч халиа үүсгэн, улмаар айлуудыг нүүлгэж байсан баримт ч үлджээ. Түүнээс хойш 1980-аад оны эхээр Дарь-Эх, Рашаант орчмын халианд ажиглалт хийж үүсэх ба алдрах үе, эзлэхүүн, талбай зэргийг тооцоолсон байдаг. Тэр үед айл өрх, албан байгууллага халианд автаж хохирол амссан тохиолдол тэмдэглэгдээгүй байна.
Манай улс ардчилсан нийгэмд шилжсэний дараах Улаанбаатар нийслэл хот руу чиглэсэн их нүүдэл 2000 оны эхэнд оргил үедээ хүрсэн ба үүнээс улбаатай суурьшлын бүсийн тэлэлтээс болоод айл өрх халианд автах үзэгдэл ажиглагдах болжээ. Хөдөөнөөс нүүж ирсэн айл өрхүүд эхэн үедээ үер ус, халианы гамшиг бага тохиолдох газруудад суурьшиж байсан ч сүүлдээ суурьшихад тохиромжтой газар хумигдсанаас, нөгөө талаар үйлчилгээндээ ойр байх шалтгаанаар уулсын ам, хөндий, гуу жалганы дагуух гэр хашаа багтах зай бүрийг эзлэн суурьшиж, заримдаа бүр ус чийгтэй газрууд дээр шороо асгаж буйр засан суурьшсан билээ. Хүн ам өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ ихэссэн нь ойлгомжтой бөгөөд зарим иргэд өөрсдийн оршин суугаа газрын ойролцоох хонхор, жалга, суваг шуудуу, даланд хогоо хаяж ус чөлөөтэй урсах замыг боож хязгаарлаж эхэлсэн юм. Эдгээр орон зайн буруу хуваарилалт, ашиглалтаас болж олон айл өрх, албан газрууд хүйтний улиралд халианд автаж, эд хөрөнгөөрөө хохирох, орон гэрээ орхиж дайжих зэрэг сөрөг үзэгдэл Улаанбаатар хотын тодорхой газруудад жил бүр ажиглагдах болсон нь нэг төрлийн гамшигт үзэгдэл болоод байна. Тухайлбал, Сэлбийн голын хөндий Дарь-Эхийн булаг, Монел, Улиастайн амны доод хэсэг, Хөлийн гол зэрэг газруудад суурьшсан олон тооны айл өрх, албан газрууд, зам талбай түүгээр ч зогсохгүй улсын онцгой объект хүртэл халианд автагддаг боллоо.Энэхүү гамшигт үзэгдлийн эсрэг тухайн дүүргийн онцгой байдлын алба, бусад холбогдох газрууд багагүй хэмжээний зардал, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулан ажилладаг хэдий ч тодорхой шийдэлд хүрч, сөрөг үр дагаврыг нь бууруулж чадахгүй байгаа юм. Энэ нь ихэнхдээ шинжилгээ, судалгаагүйгээр төлөвлөлт хийж, ажил гүйцэтгэж буйтай холбоотой. Ганцхан жишээг дурдахад Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр буюу Амгалан дулааны станцын орчим үүсдэг халианы асуудлыг шийдэх талаар бидэнд хүсэлт ирүүлсний дагуу судалгаа явуулж үзэхэд доорх үр дүн гарсан юм. Товч байдлаар сийрүүлбэл тухайн халианы гол эх үүсвэр нь гүний хагарлаар урсах булгийн ус болон Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хаягдал уснаас бүрддэг нь тогтоогдсон юм. Хотын зүүн хэсгийн дулааныг хангаж буй Амгалан дулааны станцын халаалтын системд ашиглах хэдэн зуун мянган тонн усыг халиа үүсдэг газраас биш харин түүний дээд талд орших Улиастай голын хөндийгөөс татаж авах ба тус усаар хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байдалтай байгаа юм.Хэрэв уг станц хажуухандаа үүсдэг халианы эх ундаргаас усаа авсан бол энэхүү асуудал үүсэхгүй байсан ба станц зөвхөн өвлийн улиралд ус ашигладаг учир халиа үүсдэг газрын эко систем төдийлөн өөрчлөгдөхгүй байх боломжтой юм. Түүнчлэн станц халианд автагдахгүй байх нөхцөл бүрдэх байжээ.Сүүлийн хэдэн жилийн турш тухайн халиа үүсдэг газар орчимд оршин суугчид болон уг дулааны станцын зарим байгууламжууд тодорхой хэмжээгээр халианд автаж нийгэм, эдийн засгийн багагүй хохирол амссаар ирсэн. Халианы хамгийн хор хөнөөлтэй тал нь аливаа барилга байгууламжийн суурийн хэсгийг гэмтээж улмаар ашиглах боломжгүй болгодог билээ.Тэрчлэн жорлонгийн бохир, хаягдал устай холилдсон халиа хавар хайлж урсахдаа олон төрлийн халдварт өвчин үүсгэх шалтгаан болдог.Энэ мэтийн сөрөг үр дагаврууд дээрх газруудын оршин суугчдын дунд болон улсын онцгой барилга, байгууламжид дахин давтан илэрсээр байхад түүнд анхаарал хандуулж буй төр засгийн байгууллага, албан тушаалтан цөөн байхаас гадна хэрхэх учраа олохгүй байна.
Улаанбаатар хотод халиа үүсэх үндсэн шалтгаан нь байгаль, цаг уурын нөхцөлтэй холбоотой боловч сүүлийн үед оршин суугчдын зүгээс үзүүлэх нөлөө их боллоо. Тухайлбал, хур бороо ихтэй байсан өнгөрсөн зунаас хойш хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа үүсэх байгалийн нөхцөл бүрдсэнээс гадна тухайн гэр хорооллын оршин суугчид хур борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж буух, хог, шороогоор дүүргэсэн зэргээс болж хөрсний ус саатаж хаагдах нөхцөл бүрдсэн нь халиа үүсэх нэмэлт шалтгаан болжээ.Ийм учраас халианаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг амсаж буй нь ихэвчлэн бидний өөрсдийн мэдлэггүй буюу төлөвлөлтгүй гэр хороолол, дэд бүтэц бий болгосны уршиг гэж ойлгох хэрэгтэй.
Дарь-Эхэд суурьшсан айл өрх халианд автсан байдал. 2018 оны 3-р сар.
Байгаль орчны талаас нь авч үзвэл манай орон шиг хуурай уур амьсгалтай, чийгээр дутмаг нутагт халиа үүсэх нь таатай нөхцөлийг бий болгодог. Халиа нь ихэвчлэн 10-р сарын сүүлчээр үүсэж, 11, 12, 1, 2-р саруудад идэвхжих, 3-р сараас алдарч, улмаар 5-р сард бүрмөсөн хайлж дуусдаг.Энэ хугацаанд тухайн халианы доорх хөрс чийгээр ханаж бусад газруудтай харьцуулахад зуны цагт ургамал сайн ургах чийглэг орчинг бүрдүүлдэг. Ийнхүү тухайн орчинд цаг агаарын харьцангуй чийглэг нөхцөл бүрдэж, агаар дахь тоос, тоосонцорын хэмжээг тодорхой хувиар бууруулдаг сайн талтай. Харамсалтай нь иргэд халиа үүсдэг газруудад буйр засах зорилгоор шороо, барилгын хогийг их хэмжээгээр асгаж тухайн газрыг дахин сэргэхээргүй болтол сүйтгэж байна. Иймд Улаанбаатар хотод үүсдэг цөөн хэдэн халиаг хамгаалах, тэр орчмын газар төлөвлөлтийг зөв зохион байгуулж, ногоон байгууламжийн зориулалтаар сэргээн ашиглах шаардлага тулгарч байна. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн талбайг тэлэхийн тулд халиа бүхий газруудыг зөв зохистой ашиглах, халианы сөрөг нөлөөг арилгах, цаашид гарах эрсдэлийг бууруулах талаар нарийвчилсан судалгааг хийх хэрэгтэй.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Сэлбэ, Улиастай голуудын хөндий болон Баянхошуу орчимд 70 гаруй гаруй га талбайг хамарсан халиа тогтмол үүсэж байна. Эдгээр халиа үүсдэг газрууд нь үржил шимт хөрстэй, чийгийн хангамж ихтэй байдаг тул мод, ургамал тарьж үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулбал арчилгаа бага шаардагдах давуу талтай юм. Халианы энэхүү давуу талыг ашиглаж хотын өнгө төрхийг нэмэгдүүлэх, орчны бохирдлын хэмжээг бууруулах боломж бүрэн дүүрэн байна.
Баянзүрх дүүргийн Монель орчимд үүссэн халиа ба Онцгой байдлын албан хаагчид зорчих хэсэг гаргасны дараах дүр төрх. 2019 оны 1-р сарын 24.
Халиа үүсдэг газрын экосистемийг шороо асгах байдлаар дахиж сэргэхээргүй болтол эвдэж байна.
2018 оны 6-р сарын 22.
2018 оны 6-р сарын 22.
Шинжлэх Ухааны Академи, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Дашцэрэн