2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиудыг танилцуулж байна.
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр нэмэгдүүлж иржээ. Тухайлбал, 1995 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан. Үүнээс хойш жил бүр тогтмол өсгөснөөр 2011 онд 140 мянган төгрөг болгож байв. Түүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найман удаа нэмснээр 5.6 дахин өсч одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байна.
Тэгвэл ирэх 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг байх тогтоол гарчээ.
ОДОНТОЙ ЭХИЙН ТЭТГЭМЖИЙГ ХОЁР ДАХИН НЭМНЭ
Засгийн газрын 2024 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан.
"Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Тэгвэл олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжид уялдуулан 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлсэн. Уг шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Ингэснээр Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байгаа юм.
ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 10-25 ХУВЬ БОЛГОЛОО
Төрийн албаны тухай хуулийн 7.1.4.-т "Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах" зарчим баримтална гэж заасан. Уг хуулийн зохицуулалтын дагуу “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар шинэчилжээ. Уг журамд, зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч 10 хувь, дотоодын цэргийн офицер, ахлагч 15-25 хувь, ШШГБ, Хорих байгууллага- албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгох тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.
МАЛЧИНД САНХҮҮГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛНА
Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, малчинд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг сайжруулна гэжээ.
Тодруулбал, санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан банк, үйлдвэр, малчны хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, малчны орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулна гэж Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д заасан байна. Мөн тус хуульд арилжааны банканд малчинд зориулсан нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй зээлийн болон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ нэр төрлийг нэмэгдүүлж, малчин үйлдвэрлэлдээ чанарын өөрчлөлт гаргах, байгальд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх ажээ.
Дээр дурдсан зээлийг /малын тоо толгойн албан татвар төлөгч, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, арилжааны банканд данстай байх/ эдгээр шаардлагыг хангасан малчдад олгох аж. Малчны дараах үйл ажиллагаанд нэн хөнгөлөлттэй зээл олгоно.
- Өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, хороо, байр барих
- Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тариалах
- Хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
- Хадлан, тэжээлийн техник, тоног төхөөрөмж худалдан авах
- Эрсдэлийн үед цас цэвэрлэх, бэлчээр гаргах техник болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаж авах зэрэгт хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байна.
АХМАД НАСТНУУДЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛНЭ
Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болов. Хүн амын дундаж наслалт тогтмол нэмэгдэж улмаар хөдөлмөрийн насны хүн амд ногдох ахмад настнуудын тоо 2010 онд 10 хүн тутамд нэг байсан бол, 2040 он гэхэд 4 хүн тутамд 1 байх судалгаа бий. Өөрөөр хэлбэл, хүн ам насжихын хэрээр залуу ажилчдын эзлэх хувь буурах тул мэдлэг чадвартай, ажил амьдралын туршлагатай ахмад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг зохистой хэлбэрээр дэмжих шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс ирэх 2025 оны нэгдүгээр сараас эхлэн ахмад настны тогтвортой орлогын эх үүсвэрийг хангах зорилгоор ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлэхийг дэмжих, эдийн засгийн идэвхийг нь хадгалах, ахмад настнууд өөрийн чадавхыг амьдралынхаа туршид бүрэн дүүрэн ашиглах, тэдний мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нөгөө талаар ахмад настан бүх нийтийн үйл хэрэгт идэвхтэй оролцох оролцоог дэмжин ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон талт бодлогыг батлан хэрэгжүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах заалтыг тусгажээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ахмад настны эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байна. Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь ангилан үзэхэд эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж байгаа аж.
Иймд ахмад настанд тохиолдож байгаа эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах зэрэг асуудлыг зохицуулах зорилгоор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулсан. Мөн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ахмадын байгууллагын статус, санхүүжилтийг тодорхой зааж өгчээ.
AЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна. Үүнийг төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллага дагаж мөрдөнө.
Энэ заалтыг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.