Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

 

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Хятадын хооронд дараах баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:

1. “ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ БОЛОН БНХАУ-ЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНК ХООРОНДЫН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”
 
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Энэхүү Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм.  
 
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм. Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй. 
 
2. “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХҮРТЭЭМЖ, ЧАНАР, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭД ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ БОЛОН БНХАУ-ЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНК ХООРОНДЫН  ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР”
 
Энэхүү тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар нийт 20,9 сая ам.долларын санхүүжилтээр холбооны шугам, сүлжээг шинэчлэх, сумдыг шилэн кабелиар холбох төслийг “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХК хэрэгжүүлэх юм. Зээлийн нөхцөл нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх бөгөөд эхний 7 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. 

3. “БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН НЭРЭМЖИТ СПОРТ ЦОГЦОЛБОР БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ СОЛИЛЦОХ ЗАХИДАЛ”

Энэхүү Засгийн газар хоорондын баримт бичиг болох солилцох захидлыг солилцсоноор “Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор” төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудал шийдэгдэж байна. Уг спорт цогцолбор нь 19 нэр төрлийн спортын зориулалтаар ашиглагдах спорт заал, усан сан, хүлээн авалтын танхим, хүүхдийн тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний болон нийтийн үйлчилгээний талбай, оффис, урлагийн танхим, автомашины зогсоол зэрэг нийт 60 орчим мянган метр квадрат талбайг хамрах цогцолбор юм.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол, Хятадын харилцааны түвшинг ахиулж “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2014 онд нэг тэрбум, 2017 онд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж тус тус олгохоор шийдвэрлэсэн. 

Энэхүү буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих” төслийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд уг төслийн техник, эдийн засаг боловсруулах солилцох захидалд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зуржээ.

4. “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ БОЛОН БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМ ХООРОНДЫН НОГООН ХӨГЖЛИЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Энэхүү баримт бичгийг байгуулснаар Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн ногоон хөгжлийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, ногоон хөгжлийн стратеги, бодлогын уялдаа холбоог хангах, төрийн захиргаа, орон нутаг болон санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах эрх зүйн нөхцөл нь бүрдэж байгаа болно.   
 
5. “МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР БОЛОН БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР ХООРОНДЫН СТАНДАРТЧИЛЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
 
Монгол Улс болон БНХАУ-д хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журам, түүний зохицуулалт, үндэсний бодлогыг баримтлан стандартыг ижилтгэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдаж буй хамтын ажиллагааны баримт бичиг юм. 

6. “МОНГОЛ УЛСЫН МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗАР БОЛОН БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
 
Уг баримт бичгийг байгуулснаар шударга өрсөлдөөнийг хангах чиглэлээр нийтийн ашиг сонирхлыг хөндөж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, энэ чиглэлээр тус тусын мөрдөж буй хууль, эрх зүйн баримт бичгийн талаар мэдээлэл солилцох, сургалт, семинар, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах, шинээр дагаж мөрдөх зохицуулалтын талаар харилцан мэдээллэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарсан хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс тавигдаж байгаа болно. 

7. “МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д ТЭЖЭЭЛИЙН АМЬТНЫ УУРАГ БОЛОН ӨӨХ, ТОС ЭКСПОРТЛОХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ШААРДЛАГЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХХААХҮЯ БОЛОН БНХАУ-ЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ХООРОНДЫН ПРОТОКОЛ”
 
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад тэжээлийн амьтны уураг, өөх, тос экспортлох үеийн хорио цээрийн нөхцөлийг тохирсоноор энэ төрлийн малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, дэлхийн зах зээлд гаргах нөхцөл нь бүрдэж байна.

Энэхүү протоколоор малын уураг болон  тэжээлийн өөх тосыг боловсруулах арга, технологийг талууд тохиролцсоны зэрэгцээ малын уургийн эх үүсвэр, түүхий эд болон үйлдвэрлэгчид тавигдах шаардлага зэрэг тодорхой нөхцөлүүдийг зааж өгсөн байна.  
 
8. “ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРИЙГ ХАМТРАН БАРИХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР” ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЛОО. 
 
Мөн айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр 11 дүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна.

Засгийн газар хоорондын уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж буй юм.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан