Хавдар даван туулагчийн түүх | 40 удаагийн хими, 29 удаагийн туяа эмчилгээний дараах эдгэрэлт...

Хавдар даван туулагчийн түүх | 40 удаагийн хими, 29 удаагийн туяа эмчилгээний дараах эдгэрэлт...

 

“Эмнэлгийн оронд бурхан болоочдыг олон хоног зүүдлэхдээ өөрийгөө бараг нөгөө ертөнцөд оччихоод ирсэн гэхэд бараг буруудахгүй байх. Яг энийг даваад туулсан хүмүүс юм уу, надтай адилхан зүйлийг мэдэрсэн хүмүүс үгүйсгэхгүй байх. Тэр үед миний итгэл үнэмшил намайг аварсан. Би өөртөө итгэсэн. Ямар нэгэн хүч надад тусалж байгаа гэдэгт итгэсэн” хэмээн ярих хүн бол Б.Оюундарь юм. Тэрээр 2019 онд гуравдугаар түвшний умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон. Ингээд түүний хавдар даван гарсан түүхийг хүргэж байна. 
Хавдар гэх онош сонсоод эхлээд өөр рүүгээ өнгийж харсан...
Умайн хүзүүний хорт хавдар учраас доошоо их цус алддаг байсан. Сарын тэмдэг сард хоёр удаа ирэх ч юм уу. Ийм үзэгдэл нэг, хоёр биш гурван сар үргэлжилсэн. Тухайн үед би бугалгын суулгацын жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэдэг байсан. Тэрнээсээ болоод байна уу гээд эмчид үзүүлээд, хянуулаад явж байхад "яг тэрнээс чинь болоод байна" гэсэн онош тавьсан. Улсын эмнэлгээр яваад оношоо олж чадаагүй. Хувийн эмнэлгээр санаандгүй явж байгаад эмэгтэйчүүдийн эдийн шинжилгээ өгөөд үзсэн. Тэгсэн хоёрдугаар үе шатнаасаа өнгөрөөд гуравдугаар үе шат руугаа орсон хавдар байна гэсэн онош гарсан. Эмчтэйгээ уулзсан чинь “Хавдар жаахан нэвчилттэй, хажуу булчирхай руугаа үсэрхийлэлтэй” гэж үзсэн. Ер нь умайн хүзүүний хорт хавдар эсийн шинжилгээгээр онош нь тодрохгүй тохиолдол ч байдаг. Тэгэхээр ганц эсийн шинжилгээ өгөөд зогсохгүй шаардлагатай бол заавал эдийн шинжилгээ өгөөрэй гэж зөвлөмөөр байна.
Мэдээж ямар ч хүн хавдартай гэж онош сонсоод баярлахгүй. Их хүнд сонсогдоно. Тухайн үед бага охинтойгоо хамт эмнэлгээр явж байгаад хариугаа сонссон. Хүүхдээ хараад л урам, хүч орж байсан. Гэхдээ  хавдрын талаар мэдэхгүй байсан учраас үхэх юм байна гэдэг бодол шууд толгойд орж ирж байсан. Оношоо сонсоод хамгийн түрүүнд эгч рүүгээ ярьж хэлсэн. Манай эгч сонсоод бас хэсэг шоконд орсон байх чимээгүй болсон. Дараа нь би нөхөр рүүгээ ярьсан. Гэтэл нөхөр минь “За зүгээр ш дээ. Эдгэх байлгүй дээ” гэж хэлсэн. Тухайн үедээ намайг нөхөр минь ойшоогоогүй юм шиг санагдаж байсан. Харин дараа нь бодсон чинь надад зөв л юм хэлсэн юм билээ. Би бас хэтэрхий нялхраад, шаналаад байсан бол өнөөдөр би энд байгаа ч уу, үгүй ч үү. Тэр хүн надад давхар сэтгэлийн хат суулгасан юм билээ. Ер нь манай нөхөр маш сайн зөвлөгч. Заримдаа учраа олохгүй үедээ нөхөртэйгөө ярилцдаг. Үнэндээ хавдрын оноштойг нь сонсоод хань ижлээ орхиод явж байгаа хүмүүс ч байна. Эмчилгээ аваад явж байхад нь хүртэл хаяад явж байгаа тохиолдлууд ч байсан. Хүний хань ижил гэдэг амьдралын хамгийн том түшиг тулгуур. Хэрэвзээ миний хань нураад, түрүүлээд сэтгэл санаагаар явсан бол би бас өнөөдөр тэр хэмжээний өөрөөсөө зориг, тэвчээр, итгэл, үнэмшил гаргахгүй байсан байх аа. Оношоо сонсоод нэг хэсэг хямралтай, сэтгэл зүй тогтворгүй байхад манай нөхөр надад бясалгал хийхийг зөвлөж байсан. Тухайн үед ковидын үе таарч, хөл хорио тогтоосон. Тэгээд онлайнаар нэг хүнийг дагаад, есөн минутын дархлааны бясалгал гэж хийгээд, надад маш сайн нөлөө үзүүлсэн. Өөр рүүгээ өнгийж харах боломжийг олгосон. Би өөрийгөө ойлгохгүй, сонсохгүй өдийг хүрсэн байгаа юм. Хавдар гэдэг өвчинтэй нүүр тулснаар хүссэн хүсээгүй өөр рүүгээ өнгийхөөс өөр сонголт байхгүй болсон. Өөрөөс минь өөр хэн ч намайг сонсож чадахгүй. Бясалгал надад маш их нөлөө үзүүлсэн. Би зөндөө өөрөө өөртөө бууж өгсөн. Гэхдээ хажууд миний хайртай хүмүүс байгаа болохоор бууж өгөх эрх надад байгаагүй. Хоёр хүүхэд, миний төлөө гээд явж байгаа ах, эгч, ээж, нөхөр гээд зөндөө хүмүүс бий. Тэр хүмүүс тэгж их хичээж байхад би яагаад хичээхгүй бууж өгөх ёстой юм гэж бодсон. Ер нь “Би яагаад өвдөх ёстой юм. Энэ хүмүүсийн төлөө би босох ёстой шүү дээ” гээд өөртөө амлалт өгөөд биеэ чангалаад л босдог доо. Тэгээд хавдрыг эмчилж болдог, эдгэрдэг гэдгийг мэдсэнээс хойш харах өнцгөө өөрчилсөн. Би  эмэгтэйчүүдийн хагалгаанд бол ороогүй. Гэхдээ 40 удаагийн хими, 29 удаагийн туяа эмчилгээг даван гарсан.
undefined
Амьдралын төлөөх тэмцэл үргэлжилсээр…
Химийн эмчилгээний үед үс унахаас эхлээд маш их хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан. Үс унах бол тийм том хүндрэл биш. Буцаад л ургачихна. Хордлого өгөх, бусад эд эрхтэндээ нөлөөлөх нь хамгийн хэцүү. Химийн гаж нөлөө гэж бий. Олон хоног халуурч, бие нэг л өвдөөд болдоггүй сарын хугацаанд би оношоо олох гэж эмнэлгээр нэг бүрчлэн шинжилгээгээ өгч яваад, оношоо олсон. Шээсээ гадагшлуулж чадахгүйн улмаас бөөр устсан байна гэсэн. Яаралтай нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орж, бөөрний гуурс суулгуулсан. Тухайн үед олон долоо хоног антибиотик хэрэглэсэн учраас бие минь маш их ядарсан байсан. Иймээс нэг жил баруун бөөрөндөө гуурстай явсан. Тэрний дараагаар бөөрний гуурсаа авхуулсан. Гэхдээ удалгүй ханиад хүрчхээд, эдгэхгүй удаан явсан. Тэгээд ханиад овоо гайгүй болоод сарын дараанаас гэнэт доошоо өвдөж эхэлсэн. Өвдөлттэйгөө хоёр сар болсон. Дахиад л онош нь тодорхойгүй 10 гаруй хоног явсан. 2023 оны нэгдүгээр сард яаралтайгаар ХСҮТ-д очсон чинь нарийн гэдэсний наалданги үүсээд, цоорол үүсэн байх магадлалтай гээд нээлттэй хагалгаанд орсон. Одоо нарийн гэдэсний стомтой явж байна. Хагалгааны болон дараах үе хамгийн хэцүү байсан. Хагалгаагаар миний нарийн гэдэснээс нэлээд урт хэмжээгээр авсан бас өрцөнд идээ нэлээд тархсан учраас тайрсан гэсэн. Гэнэтийн хагалгаанд орж, биеийн байдал маш муудсан байсан болохоор хагалгааны дараа байдал хүнд байсан. Олон хоног антибиотик эмчилгээ хийлгээд хоол унднаас бараг гарсан байсан болохоор бие тэнхрэхэд маш хэцүү байсан. Эхний 10 хоногийг ХСҮТ-ийн хөнгөвчлөхийн тасагт өнгөрүүлсэн. Эхний гурав хоног уургаар л амьдарч байсан даа. Ус огт уугаагүй. Хагалгаанд ороод гурав дахь хоногоосоо ус бага багаар балгаж эхэлсэн. Тав дахь хоногоос шөл жаахан ууж эхэлсэн. Тэгээд долоо дахь хоногоосоо арай гайгүй болсон доо. Ер нь 10 хоног уураг, амин дэм, шаардлагатай гэсэн бүх л эм, тариаг залгуулсан. Хэдэн талаас дусал залгаад, судас хангалтгүй гээд хүзүүндээ хүртэл тариа, дусал хийлгэсэн. Хагалгааны шарх маань гүйцэт аниагүй, дээрээс нь гэдсэндээ нэлээд олон гуурстай учраас сахиуртай хонож байсан. Тэрнээс гадна бие өвдөж эхэлсэн үеэс бурхан болоочдыг зүүдэлсэн. Тэрнээсээ болоод ерөөсөө сайн унтаж амарч чадахгүй, унтсан ч сонин байгаад байсан. Тэгээд их эмчилгээ хийлгээд байгаа хэр нь бие минь нэг л дээрдэж өгөхгүй. Иймээс нэг өдөр бясалгал хийгээд, өөртэйгөө ярилцсан.
Ингэхдээ “Миний амьдрах хугацаа дуусах болоогүй байгаа. Би өчнөөн олон химийн эмчилгээний ард гарчхаад, ахиад үүнийг даван гарах хүч байгаа. Би чадна. Босох хэрэгтэй” гээд өөртэйгөө ярилцаад, бясалгал хийж эхэлсэн. Тухайн үед өөрийгөө бараг нөгөө ертөнцөд оччихоод ирсэн гэхэд бараг буруудахгүй байх. Яг энийг даваад туулсан хүмүүс юм уу, надтай адилхан зүйлийг мэдэрсэн хүмүүс үгүйсгэхгүй байх. Тэр үед миний итгэл үнэмшил намайг аварсан. Би өөртөө итгэсэн. Ямар нэгэн хүч надад тусалж байгаа гэдэгт итгэсэн. 
Тэрнээс хойш миний бие дээрдээд, сахиуртайгаа орж болдог төлбөртэй өрөө рүү шилжээд бүр сайжирсан. Тиймээс эмнэлгээс гараад гэрээр эмчилгээ хийлгэсэн. Гэвч бие минь эргэж муудаад, дүүргийнхээ эмнэлгийн хөнгөвчлөх тасагт хэвтсэн. Эмчилгээгээ зогсооё гэдэг хүртэл юм яригдаж байлаа. Гэхдээ тэнд очоод маш сайн эмчилгээ авсан. Ер нь хүний харилцаа хандлага гэдэг чухал. Өвчтэй хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх үү гэдэг дээр эмч, сувилагч нар маш сайн тулж ажилласан. Өвчтэй хүнд гоё үг хэлэхэд босоод ирэх ч магадлалтай. Тэгэхээр ямар ч хүнд нөхцөлд байсан хүнд сайхан үг хэлж байх хэрэгтэй юм шиг санагдсан. Хагалгааны дараа дусал тариа хийхээр хүн мэдэгдэхгүй их хавагнадаг юм билээ. Дусал, тариа хийхээ багасаад эхэлсэн чинь хаван буугаад, нэлээд тураад, хөл, гар хоорондоо хавиралдаад л эхэлсэн. Өөрийгөө хараад л үнэхээр сэтгэлээр унасан. Би 29 кг буюу бараг хүүхдээсээ бага жинтэй болсон.  Хагалгааны дараа хоёр сар гаруй хэвтэрт байсан. Сүүлдээ би явж чадахаа больсон. Босох гэхээр л уначих гээд байсан. Олон хими, туяаны эмчилгээнд орсон учраас яс хэврэг болсон болохоор унаж болохгүй. Тэгээд нөхрөөрөө эсвэл эгчээрээ үүрүүлдэг байсан. Тиймээс “Хурдхан шиг л босохгүй бол болохгүй юм байна. Ингээд л хэвтээд байх юм бол болохгүй” гэж бодсон. Иймээс бага багаар биеэ дасгаж хөдөлгөөн хийж, хоолоо сайн идэж байж өдий зэрэгтээ эрүүл сууж байна. Эмчилгээ ч тэр, хань ижлийн тал дээр ч тууштай байдал хамгийн чухал шүү.
Хавдрын эсээ ч гэсэн хайрлаарай
quote photo
Хавдрын эсийг шинжлэх ухааны нэршлээр эсийн буруу ургалт гэдэг. Яагаад эс буруу ургаад байна гэхээр бидний өөртөө хандаж буй хандлага буюу идэж буй хоол, нойр, дасгал, амьдралын хэв маяг зэргээс хамаарч байна. Энэ ташрамд хүмүүст хэлэхэд хавдрын эсээ ч гэсэн хайрлаарай гэж хэлмээр байна. Тэр танаас огт өөр зүйл биш, таны хамгийн хайрлаагүй үлдээсэн нэг хэсэг юм.
Хавдар тусахаас өмнөх би болон даван туулсны дараах миний амьдралыг харах өнцөг маш их өөрчлөгдсөн. Байгаа зүйлдээ талархдаг болсон. Би хавдраар өвдөөд маш олон зүйлийг ойлгосон болохоор хавдраар өвдсөн гээд гомдож, шаналдаггүй. Түүнийг зовлон гэж хардаггүй. Хүмүүс байхгүй зүйлдээ их анхаардаг. Хэдийгээр би нэг жил баруун бөөрөндөө гуурстай яваад, нарийн гэдсээ тодорхой хэмжээгээр авхуулчхаад, нарийн гэдсээрээ идсэн хоол хүнсээ хоёр цагийн хугацаанд гадагшлуулж байгаа ч гэсэн өнөөдөр амьд байна шүү дээ. Амьсгалаад, амьдраад, үр хүүхэд, хайртай хүмүүсийнхээ хажууд байна гэдэг үнэхээр баярламаар зүйл. Өмнө нь хоёр хүүхэд надад цөөхөн санагддаг байлаа. Гэхдээ одоо хоёр охиноороо маш их бахархдаг. Хоёр охинтой болсондоо маш их баярладаг. Хүний харах өнцөг, хандлага гэдэг чухал. 
Ямар ч хүнд ажлыг мундаг чаддаг хүмүүс амархан юм шиг харагдуулдаг. Яг тэрэнтэй адилхан хавдар даван туулсан хүмүүс амархан юм шиг харагдуулж байгаа. Мэдээж асуудал, бэрхшээл олон гарна. Гэхдээ тэр болгоныг даваад ард нь гараад ирсэн хүмүүс олон байгаа юм чинь дахиад хэрэв хавдраар хэн нэгэн оношлогдвол тэр хүн ч гэсэн даван туулж чадна гэж бодож байна.
Ер нь хүн хамгийн түрүүнд өөртөө л бууж өгдөг. Тиймээс өөртөө битгий бууж өгөөрэй. Бууж өгч болно. Гэхдээ босох л ёстой. Би хавдар даван туулагч нартаа урам зориг болгох үүднээс ном бичиж эхэлж байгаа. Нууцаа задлахад номынхоо нэрийг “Хайрын эс” гэж нэрлэсэн. Учир нь хавдрын эс бидний бие дотор байгаа эсүүдийн нэг хэсэг. Хавдрын эсийг шинжлэх ухааны нэршлээр эсийн буруу ургалт гэдэг. Яагаад эс буруу ургаад байна гэхээр бидний өөртөө хандаж буй хандлага буюу идэж буй хоол, нойр, дасгал, амьдралын хэв маяг зэргээс хамаарч байна. Энэ ташрамд хүмүүст хэлэхэд хавдрын эсээ ч гэсэн хайрлаарай гэж хэлмээр байна. Тэр танаас огт өөр зүйл биш, таны хамгийн хайрлаагүй үлдээсэн нэг хэсэг юм.
https://itoim.mn/a/2024/10/28/healthy-mongolia/uct?1a53dac87689a913c295428e8583a8a5
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан