"Израилийн засгийн газар Газын зурвасаас ирсэн цагаачдыг хүлээж авах асуудлаар улс орнуудтай нууц хэлэлцээ хийж байна" хэмээн Израилийн аюулаас хамгаалах газрын өндөр албан тушаалтны хэлснээс эш татан “Израиль таймс" сонин энэ сарын 3-ны өдөр мэдээлсэн.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өмнө нь Ликуд бүлгийн хурлын үеэр, "Газын бүсийн иргэд сайн дураараа бусад улс руу цагаачлахыг дэмжих тал дээр шуурхай ажиллаж байна" гэж мэдэгдэж байсан бөгөөд асуудлын гол нь тэднийг хүлээж авах улс орнуудыг олох явдал гэдгийг онцолсон юм.
Израилийн парламент энэ сарын 2-ны өдөр хуралдаж, Газын зурвасын дайны дараах сэргээн босголтын ажлыг хэлэлцсэн байна. Израилийн Тагнуулын газрын дарга Гамлиел тус хурал дээр хэлэхдээ “Дайн дуусмагц Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС сүйрэн унах болно. Газын зурваст хотын захиргаа байхгүй тул энгийн иргэд хүмүүнлэгийн тусламжид найдахаас өөр арга зам үгүй. Ажлын байр ч үгүй болно. Газын зурвас дахь хөдөө аж ахуйн зориулалттай газар нутгийн 60 хувь нь аюулгүй байдлын хамгаалалтын бүс болно. Иймээс сайн дурын үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх нь дайн дууссаны дараа хийх хамгийн чухал бөгөөд бодитой ажил юм" гэжээ.
Одоогийн байдлаар, зөвхөн энэ удаагийн мөргөлдөөний улмаас 22 мянга гаруй палестинчууд амиа алдаж, 57 мянга гаруй хүн шархадсан байна. НҮБ-ын мэдээлснээр, мөргөлдөөний улмаас Газын 1.9 сая иргэд орон гэрээ алдаж дүрвэжээ.