Израил, Хамасын мөргөлдөөний улмаас 1100 хүн амь үрэгдлээ

Израил, Хамасын мөргөлдөөний улмаас 1100 хүн амь үрэгдлээ

 

Палестины Хамас бүлэглэл өнгөрсөн бямба гарагийн өглөө 06:30 цагийн үед Израилын нутаг дэвсгэр рүү пуужин харваж дайн өдүүллээ. 1948 оны Араб-Израилын мөргөлдөөнөөс хойш анх удаа Хамас бүлэглэл Израилын нутагт шууд дайн зарлаж, галласан тохиолдол болсныг эх сурвалжууд онцолж байна. Хамас бүлэглэлийн дайралтын хариуд Израил дайн зарласан нь 1973 оноос хойш анх удаа албан ёсоор дайн зарласан явдал боллоо.

Хамас бүлэглэл "Аль Акса шуурга" нэртэй шууд довтолгооныг эхлүүлэхэд ихэнх израилчууд унтаж байсан бөгөөд бямба гараг нь еврей шашинтнуудын ариун баярын өдөр тул бүх нийтээр амрах байжээ. Хамас Газын зурвасаас энгийн пуужингууд харвасан ба Израилын дэвшилтэт технологи бүхий "Төмөр бөмбөг" пуужингаас хамгаалах системийг эвдэхийн тулд нэг дор олон мянгаар нь харвасан байна.

 

Хамас бүлэглэлийн зүгээс 5,000 пуужин харвасан гэж мэдээлсэн ч Израилын тал 3,000 гаруй пуужин унасан гэж мэдээлээд байна. Мөргөлдөөний улмаас Израилын нутагт 700 гаруй, хариу довтолгооны үеэр Газад Палестины 400 гаруй хүн амь үрэгджээ. Израилд болж байсан Супернова хөгжмийн наадам Хамасын дайралтад өртөж, наадмын талбайгаас 250 гаруй цогцос олдсон байна. Мөн Хамас бүлэглэл нь Израилын цэргийн офицерууд зэрэг 100 орчим хүнийг барьцаалсан гэдгээ мэдэгджээ. Израилд амь үрэгдсэн хүмүүсийн дунд Балба, Франц, Камбож, Тайланд, Украин, Их Британийн иргэд бүртгэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хамас бүлэглэлийн дайралтыг урьд өмнө үзэгдээгүй, аймшигтай хэрцгий халдлага болсныг хурцаар шүүмжилсэн байна. Пентагон нисэх онгоц газардуулагч хөлөг, усан онгоц, байлдааны зориулалттай нисэх онгоцуудыг Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү хөдөлгөж, Израилд шаардлагатай тоног төхөөрөмж, зэр зэвсгийн нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан