Ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ

Ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ

 


“Шинэ сэргэлт”: Ахмадын оролцоо” үндэсний чуулган өчигдөр боллоо. Уг чуулган нь шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, төрөөс ахмадын талаар баримтлах шинэчлэлийн бодлого, арга хэмжээг тэдний саналд үндэслэн тодорхойлох зорилготой юм.  Чуулганы үеэр  Ерөнхий сайд  “21 аймгаа тойрч ажиллаад ирлээ. Цар тахлын дараах томоохон хэмжээний уулзалт учраас иргэдийнхээ санал хүсэлтийг бүгдийг нь сонслоо. Ахмадуудтайгаа ч уулзлаа. УИХ-ын намрын чуулганаар ахмад настны эрх зүйн орчинтой холбоотой томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэлээ. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны чанаргүй зээл зэрэгт 1.7 их наяд төгрөгийн далд эдийн засаг эргэлдэж байжээ. Үүнийг ил болгож төсвөө тодотгон, төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмснийг Ерөнхий сайд онцолсон юм.

 

Ахмадын баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас 1990 онд гаргасан, манай улс 1992 оноос жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Ахмадын баяр болгон тэмдэглэж байна. Монгол Улсад 364.6 мянган ахмад настан амьдарч байгаа нь нийт хүн амын 10.5 хувь юм.

Хүн хөгжлийн төвтэй, үнэт зүйл нэгдмэл байхын тулд иргэдийнхээ, салбар бүрийн төлөөллийн үгийг сонсох шаардлагатай болжээ. Үүнд ахмадуудын оролцоо маш чухал. Энэ бүхнийг “Алсын хараа–2050” бодлогын баримт бичигт тусгасан. Манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, цахим засаглал сайжирч байгаа зэргийг Ерөнхий сайд ахмадуудад танилцуулав.

Засгийн газраас Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж буй. Ахмадуудын ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн сан үүсгэн, тэдний мэдлэг, туршлагыг өсвөр хойч, залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх болон хувиараа аж ахуй эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд энэ хөтөлбөр чиглэжээ. Хөтөлбөрт өнгөрсөн онд 2250 ахмад мэргэжилтэн хамрагдаж 5,4 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулж, 2236 ажлын байр бий болжээ. Харин энэ оны эхний найман сарын байдлаар 1422 ахмад мэргэжилтэн хамрагдаж 4,3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнтэй холбогдуулан ахмад настны хөгжлийн эрх зүйн орчны судалгаа хийх зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдэж өгнө гэдгийг чуулганы үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ.  Тэрбээр “Ахмад настны нийгмийн оролцоо, ажиллах орчныг хэрхэн дэмжих вэ гэдгийг хамтдаа ярилцъя. Ахмадууд парламентын гадна байж болохгүй, нийгэмд идэвхтэй оролцдог байх ёстой” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 195 (7180)

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан