Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Тэтгэвэрт гарсан ахмадууд цалин авч, за­лууст багшилж, томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт зөвлөгөө өгч байгаа сайхан мэдээллийг дуулгая. Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэлх төлөвлөгөөндөө ахмадуудыг дэмжих хэд хэдэн зорилт тусгасан. Ахмад настнуудад ач санах тухай хууль болон “Насны хишиг” тэтгэврийг олгох зорилтын хүрээнд хийж буй нэг ажил бол “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөр энэ 2017 оноос Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор батлан хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд тухайлбал, монголын оюун санааны баялаг нөөц, арвин туршлага болсон ахмадуудын мэдлэгийг “ашиглах” зорилготой юм.
Хөтөлбөрийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар хэрэгжүүлж байгаа бөгөөд 21 аймаг, есөн дүүрэгт хүрч ажиллаж байгаа ажээ. ХХҮЕГ-аас мэдээлж байгаагаар энэхүү хөтөлбөр гурван үе шаттай явагдах юм байна. Нэгдүгээрт, аймаг дүүрэгт ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг зохион байгуулна. Энэ нь аймаг, дүүрэг дэх ахмадын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ахмадын холбоон дээр тухайн дүүрэгт ахмадын зөвлөгөө шаардлагатай байгаа төрийн захиргааны салбар нэгжид ахмадуу­даар зөвлөгөө өгүүлэх хүсэлтийг хүлээж аваад, өөр дээр бүртгэлтэй ахмадуудын судалгаанд бүртгэлтэй ахмадуудаараа зөвлөгөө өгүүлэх арга хэмжээ аж.
Тодруулбал, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад байлаа гэхэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр шалгалт хийхэд юуг голчлон анхаарах хэрэгтэй вэ гэсэн зөвлөгөө өгч болох юм байна. Мөн  үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ахмадын ТББ-аар гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээний ажлууд бас байгаа ажээ.
Хэдийгээр 55 нас хүрээд гавьяаныхаа амралтанд гарсан ч ажил мэргэжлийн хувьд ид хийж бүтээх насан дээрээ байгаа туршлагатай мэргэжилтнүүд залууст сайн зөвлөгч байж чаддаг байна. Тиймээс томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа газрууд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ахмадын холбоодод томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийнхөн, аж ахуйн нэгжүүд хүсэлтээ гаргаж болох аж.
Тухайлбал, Оюутолгой замын инженерийн чиглэлээр тав, авто инженерийн чиглэлээр зөвлөгөө өгөх таван ахмад мэргэжилтний хүсэлт ирүүлжээ. Харин ахмад мэргэжилтнүүд  мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцахын зэрэгцээ цалин авахын тулд Ахмадын хороо харьяа сум, дүүргийн ахмадуудаа бүртгэсэн хүсэлтээ зарласан хугацаанд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлэх ёстой юм байна. Тэндээс сонгон шалгаруулалтаар ахмадуудынх нь тоогоор санхүүжилтийг нь шийдвэрлэж өгөх ажээ. Энэхүү хөтөлбөрийн үр дүнг дүгнэхдээ тухайн ажлын тайлангаар дүгнэх бөгөөд энэ онд 3000 ахмад зөвлөхөөр ажилласан дүн мэдээтэй байна. 

Ж.Тэмүүжин 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан