Эрүүл мэндийн салбарт “ТӨӨРСӨН” биш ТӨРМӨЛ САЙД Л хэрэгтэй

Эрүүл мэндийн салбарт “ТӨӨРСӨН” биш ТӨРМӨЛ САЙД Л хэрэгтэй

Монголын эрүүл мэндийн салбар уруудсаар “ул” байтугай болж байгаа нь сүүлийн үед улам тод болж байна. Мэргэжлийн байх ёстой яамыг шүлсийн чинээ ч мэдлэггүй нөхдүүд толгойлж, бодлого гаргах бус бодлоо яриад байхаар өөдөлдөггүй аж. Үүний нэг бодит жишээ бол Эрүүл мэндийн сайд С.Чинзориг. Түүнийг сайдаар ажиллаж буй богинохон хугацаанд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа хийгээд эмч нарын нэр хүнд урд хожид байгаагүйгээр шалдаа уналаа. Хамгийн сүүлийн жишээ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба нь кадавр донороос эрхтэн шилжүүлэн авахдаа ар гэрийнхэнтэй нь тохирсноос бусад эд эрхтэнг “дээрэмдсэн” явдал нийгмийг сэрдхийлгэв.

 

Талийгаачийн ар гэртэй уулзаж хүсэлт тавихад нь “Элэг, бөөрийг нь л өгье” хэмээн зөвшөөрсөн байтал тохирсноосоо халиад судас, шөрмөсийг нь хүртэл авчихсан. Эмчийн тангаргаа зөрчсөн, донорыг “тоносон”, ар гэрийнхнийг нь хүндлээгүй ёс зүйгүй энэ үйлдлээс болж нийгэмд зэвүүцэх, жигших хандлага газар авлаа. Цаана нь байгаа донор хүлээн өвчиндөө шаналж буй мянга мянган хүнд энэ байдал хүндээр туслаа. Ийм алдаа гарсанд эмч нар өөрсдөө л тайлбар хэлж суугаа ч хүмүүст тэр бүр хүрэхгүй байна. Яагаад гэвэл мэргэжлийн үг хэллэгээр тайлбарлаж байгааг ойлгох нэгэн байхад ойлгохгүй нь ч бий. Гэтэл салбарын сайд нь таг чиг.  Хар амиа хичээж, сайдын суудалд шигдэн дараагийн сонгуульд дэвшихээ бодсон бэртэгчин улстөрч л ийм байдаг байх.

 

Магадгүй мэргэжлийн бус учраас салбараа мэдэхгүйдээ ийн шигдэж суудаг байх.  Хэрэв өөрийг нь чиглэсэн янз бүрийн мэдээллүүд гарсан бол С.Чинзориг тэгж чимээгүй суух хүн яавч биш. Гүйж гарч ирээд хэд хэдэн удаа хэвлэлийн хурал зарлаж, элдэв сүлжээгээрээ дамжуулан ярилцлага өгч, мэдэгдэл хийж  “тормолзоно”. Угаасаа тэгдэг хүн. Анх Өвөрхангайн тойрогт  2008, 2012 оны  сонгуульд нэр дэвшиж өвдөг шороодоод “луйвардуулчихлаа” гэж Монгол даяар бархирч, жил тойрон заргалдаж байв даа. Ичмээр дамшиг гэдэг шиг эвгүй баримтууд байх тул түр хойш тавъя. Хүмүүс ч зах зухыг нь мэдэх хойно. 2016 оны сонгуулиас  хойш УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайдын суудлаас бараг буугаагүй. МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд 32, 33-аар талцан хуваагдаж байх үед мань эр М.Энхболдын талд байж, түүний томилгоогоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болж байв.

 

Энэ салбарт бол тэр сайд болох хамгийн боломжтой нэгэн байсан, хийсэн зүйл байгааг бол үгүйсгэхгүй. 2000-2008 он хүртэл найман жил НХХ-ийн дэд сайдын алба хашсан хүн салбараа мэдэлгүй яах билээ. Цааш МАН доторх 32,33-ын талцал чинээндээ тулж У.Хүрэлсүхийн ялалтаар өндөрлөж байв. Тотговол, С.Чинзоригийн бүлэглэл ялагдал хүлээсэн. Тиймээс тэр өнгөрөгч жилээс намынхаа байгуулсан Засгийн газрын эсрэг Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар нарын нэгэн адил “босож” шантааж хийсний үр дүнд сайд болсон. Иймээс тэднийг  “шантаажчид” гэж хүмүүс ярьж, бичих болсон. “Шантааж”-ны нөхдүүдийг “шантаажчин” учраас чадах байлгүй гээд ямар ч хамаагүй салбар хариуцуулчихдаг юм уу, хаашаа юм.

 

Нөгөөдүүл нь ч “Би чадахгүй” гэж биеэ голдоггүй, сайд  болж байвал ямар хамаа байж вэ гээд зүтгэчихдэг юм уу. Ямартай ч С.Чинзориг гэдэг хүн Эрүүл мэндийн сайд болсон. Уг нь түүний өмнө өдгөө Эрүүл мэндийн Дэд сайдаар ажиллаж байгаа С.Энхболд жинхэнэ сайд байв. Түүний хувьд эрүүл мэнд, анагаахын салбарт дороос нь эхэлж ажилласан чадварлаг сайд байсан ч ийнхүү С.Чинзоригийн шантаажинд орсон Засгийн газар яах аргагүй байдалд орж, түүнийг сайдаар томилсон нь ийнхүү балаг тарьж явна.

 

 

Энэ салбарыг тэр самарч байгааг нийтээрээ, нийгмээрээ харлаа, үзлээ. Бухимдлаа сошиалд цацаж байгаа хүн олон байна. Түүнийг нь С.Чинзоригийн албатууд овжноор ашиглаж, фээсбүүкт репорт явуулж, пост бичих эрхийг нь хоригт оруулснаа асуудал шийдчихлээ гэж ойлгодог шиг бололтой. Жишээ нь, өнгөрөгч наймдугаар сарын 1-нээс 13А маягтыг өрхийн эмнэлгээс, дүүрэг рүү, дүүргээс гуравдугаар шатлалын эмнэлэг рүү илгээх болсноор явдал чирэгдэл нэмэгдэж, эмч нь ч, иргэд  ч бухимдаж байна. Бухимдахаас ч аргагүй, зүрхний шигдээс, зүрхний дутагдал, гэдэсний түгжрэл, тархины цус харвалт  гээд амь дүйсэн түргэн явцтай өвчний үед өрхийн эмч тухайн хүний амийг аврахын тулд гуравдугаар шатлалын эмнэлэг рүү 13А маягт бичиж өгөх эрхтэй байх ёстой.

 

Гэтэл өнөөдөр өрхийн эмнэлгээс дүүргийн Эрүүл мэндийн төв рүү 13 А маягтын зөвшөөрөл илгээнэ. Тэр дагуу мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд өөрийн биеэр очиж цаг авахаар оочёрлоно. Тэр нь хэдэн өдөр, эсвэл сараар дугаар хүлээх болж байгаа юм. Арайхийж үзүүлээд,  дараагийн шатны эмнэлэг рүү 13 А маягтын код илгээлгэлээ гэхэд мөн өөрийн биеэр очиж, дахиад урт оочёр дугаар хүлээж хэдэн долоо хоног, сараар сунасан дугаар хүлээнэ. Энэ бол тухайн өвчтөнийг “шууд үх” гэсэн  л шийдвэр. Цахимжсан гэх атал ийм их хүндрэл чирэгдэл учруулсан нь “Цаазын тавцан” –гаас ялгаа юун. Монгол Улс цаазын ялгүй, хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан гэгээн тунгалаг орон боллоо гэж олон улсад тунхаглаад байгаа атлаа эмнэлгийн шатанд иргэдээ өчиггүй “цаазлаж” байгаа хамгийн харгис орон л болсон. Үүнийг С.Чинзориг гэдэг сайд хийлээ.

 

Өнгөрсөн жил гэхэд л  “Өргөө” амаржих газрыг тойрсон хэл ам одоо ч намжааүй  байна. “Амаржсан эхчүүдийн эхэсийг хятадуудад зарсан юм биш биз” гэх асуулт тэр үед гарч л байсан. Тэр бүү хэл хүний наймаа явагдсан байж болзошгүй гэх мэдээллүүд ч сүүлийн үед чих дэлсэх боллоо. Тухайлбал, хүүхдээ бусдад зарахаар тохирон, мөнгө төлсөн хүний бичиг баримтаар эмнэлэгт хэвтэж хүүхдээ төрүүлдэг.  Энэ тохиолдолд эх, нярайн эрүүл мэндийн дэвтэр мөнөөх мөнгө төлсөн хүний нэр дээр гардаг. Хүүхдээ өгч авалцахдаа мөнгөн дээрээ тохирохгүй хэл ам болж, цагдаад очсон гэх сураг  дуулдсан. Зохих газрууд шалгадаг байлгүй дээ.

 

Энэ мэт бичээд байвал энэ салбарт сайнаасаа саар нь их  ажээ. Эргэцүүлж үзэх юм бол ЭМЯ удирдлага, зохион байгуулалтгүй байгаагийн илрэл юм даа. Сайд нь мэргэжлийнх биш байна гэдэг аль ч салбарт том саад. Байгаа оноогүй сум хаана тусах вэ. Байх ёсгүй газарт мэдэхгүй зүйлээрээ оролдох ямар гай дагуулах билээ.  “Шантааж”–аар салхилсан улс төрийн төөрсөн хамхуулууд очсон салбараа “ошуулдаг”-ийн жишээ, олонд нүүрлэсэн гай нэг иймэрхүү. Тэр тусмаа эрүүл мэндийн салбарт “төөрсөн” биш төрмөл сайд хэрэгтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан