-Хохирсон дээр нь дахин хохироодоггүй байя-
Хохирогч гэж хэн бэ. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон хүнийг хохирогч гэдэг. Жендэрт суурилсан хүчирхийллийн улмаас өнөөдөр насан туршийн сэтгэлийн шархтай, эрүүл мэндээрээ эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүс хэд байгаа бол. Хүчирхийллийн улмаас хайртай охиноо, хүүгээ алдсан аав ээж, ах дүү хэр байгаа бол доо.
Сүүлийн үед бага насны хүүхдүүд хүчирхийлэлд их өртөж байна. Бүр бэлгийн хүчирхийлэлд өртөж, дэгж дэрвэх танхил насандаа хар цэг тавиулж байгаа нь харамсалтай.
Яагаад хиртэй гараар баримгүй, хэрцгий харцаар харж боломгүй охид хүчирхийлэл өртөөд байна. Яагаад хүчирхийлэл үйлдээд байдаг юм, яагаад гаж үйлдэл нь хөгжиж хэн нэгнийг хохироогоод байдаг юм. Яагаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, ханилсан ханиа яргачилж, тамлан зовоодог юм бэ.
Яагаад ийм бусармаг бузар эмгэнэлтэй, аймшигтай, сэтгэл сэрдхийлгэж, айдас түгшүүрт автуулдаг хэргүүдийг олон нийтэд дэвэргэж онцлож бичээд байдаг юм бэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мууг нь шүүрч авч, муухайг нь тодотгон бичихийн учир шалтгаан юу юм. Хэрвээ алдаа гаргасан бол яагаад ёсзүйн дүрмээ баримталж, хариуцлага хүлээдэггүй юм бэ.
Яагаад гэмт хэргийн хохирогч болсон хүнийг буруутгаж, хохирсон дээр нь дахин хохироож “балбаад” байдаг юм.
Эндээс харахад бид эхлээд хохирогчийг өрөвддөг, дараа хохирогчоо тойруулж мөлждөг, эцэстээ хохирогчоо буруутгадаг цикл рүү нэгэнт оржээ. Хэн ч “Би гэмт хэргийн хохирогч болно доо” гэж бодож яваад аюулт өртдөггүй юм.
Хэрвээ нийгэмд хохирогчийг буруутгах үзэл хандлага байгаад байвал гэмт хэрэгтэн/хүчирхийлэгч/ улам хүчтэй болдог.
Тиймээс аль ч шатанд хүчирхийллийг хүлээн зөвшөөрч болохгүй. Хүчирхийлэл байгаа газарт эрх мэдлийн зөрчилдөөн байдаг. Ийм зөрчилдөөний ард хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүс хохирч үлддэг. Байгаа орчиндоо хүчирхийллийг битгий хүлээн зөвшөөр. Хүч хэрэглэж байж өөрийгөө хүндлүүлж, хүлээн зөвшөөрүүлэх нийгмийг битгий бүтээ.
Хоёр хүүхэд зодолдож байвал болиул. Ажлын байран дээр ямар нэгэн дарамт шахалт байвал таслан зогсоо, хэн нэгэн хүн бусдыг дарамтлаад байвал хуулийн байгууллагад даруй мэдэгд. Хуулийн байгууллага хэргийг шударгаар шалгаж, шийдвэрлэ. Хэвлэл мэдээллийнхэн түүнийг нь үнэн зөвөөр нь мэдээл. Захирах, захирагдах ёс байлаа ч ард нь хүчирхийлэл байх ёсгүй юм шүү.
Гэмт хэргийн золиос болж хохирсон харамсалтай хэргүүд
Манайд Гэрч, хохирогчийг хамгаалах хууль байдаг ч хэрэгжилт тэр бүр сайн байдаггүй талаар албаныхан хэлдэг. Тэднийг хамгаалах Тахарын албыг байгуулаад татан буулгасан. Одоо бол түр хамгаалах байр гэж бий. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэд, хүүхдүүдийг төр хамгаалалтандаа авч байна гэсэн үг юм.
Гэхдээ хамгаалалт авч чадахгүй, харамсалтайгаар амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон өчнөөн хэрэг байна.
Кэйс 1: Тодруулбал, одоогоос гурван жилийн өмнө Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа 26-хан настай эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алдаж байв. Тэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, олон удаагийн цагдаагийн тусламж авч, эцэстээ гэр бүлээ салгуулах шүүх хуралд явж байгаад шүүхийн гадаа нөхрийнхөө гарт олон удаа хутгалуулж амиа алдаж, гурван настай хүү өнчирч үлдэв. Гэмт этгээд Б-д гурван шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноов.
Кэйс 2: Одоогоос таван жилийн өмнө найз залуудаа 48 цагийн турш зодуулж, эцэстээ амьсгалаа хураасан Ц гэгч бүсгүйн харамсалтай хэрэг. Талийгаач удаа дараа зодуулж, дарамтлуулсан хохирогч байсан. Хуулийн байгууллагад хандаж байсан. Гэвч хохирогчийг хамгаалж чадаагүй.
Гэмт этгээд Г.Алтанхүүд гурван шатны шүүхээс гурван жилийн ял оноов. Бүхэл бүтэн хүнийг үхэлд хүртэл зодсон этгээдэд гурван жилийн хорих ял оноосон нь хэр шударга шийдвэр вэ.
Кэйс 3: Төв аймагт төрийн албан хаагч залуус нэгэн эмэгтэйг зүй бусаар хүчирхийлж, эрүүл мэнд сэтгэл санаагаар нь хохироов. Өнөөдөр тэр эмэгтэй эрэгтэй хүнд итгэх итгэлээ бүр мөсөн гээж, амьдралд итгэл зориггүй нэгэн болсон. Хэргийг үйлдсэн Х-д есөн жилийн хорих ял оноов. Харин хамтрагч А-г ялалсангүй.
Кэйс 4: Аав ээжийнхээ өврөөс ч гараагүй 13 настай охин А зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амиа алдав.
Гэмт этгээдүүд болох А, Ж нарт 25 жилийн хорих ял оноов.
Кэйс 5: Одоогоос дөрвөн жилийн өмнө Чингэлтэй дүүрэгт гэр бүлийн зургаан хүнийг галдан шатаасан этгээд өөрөө эрэмдэг зэрэмдэг болж үлдэв. Хартай нөхрөөсөө зугтаасан эмэгтэй хайртай аав ээжийнхээ гэрт очоод хоносон шөнө нөхөр нь гэрийг гаднаас галдан шатааж, хадам аав ээж, эхнэр, хоёр дүүгийнхээ аминд хүрсэн.
Хэргийг үйлдсэн Н өөрөө эрэмдэг зэрэмдэг болж, шүүхээс 25 жилийн хорих ял сонссон ч эрүүл мэндийн шалтгаанаар ялаа эдлэх боломжгүй гэсэн юм.Бид хохирогчоо хамгаалж чаддаг уу
Бид хохирогчдыг буруутгадаг болохоос хамгаалж чаддаг уу. Бүр ар гэрийнхнийг нь, орон байрыг нь ажлын газрыг нь, ах дүүсийг нь нэр устай, албан тушаалтай нь гаргаж гавьяа байгуулсан мэтээр бичдэг бичдэг. Энэ бол маш буруу үйлдэл юм. Харин ч хамгаалж, нууцлаж хэн хэнийх нь аюулгүй байдлыг нь хангах ёстой байтал чичилдэг муухай нийгэм.
Юмыг хараад дүгнэх, бодитоор мэдрэх хоёр өөр юм. Гэтэл овоо босгоогүй бол шаазгай юунд суув гэгчээр хохирогч өөрөө эхлээгүй бол яагаад ийм асуудал болов гэх мэтээр буруутгаад байдаг. Ар тал дахь асуудлын мөн чанарыг мэдэхгүй хүмүүс буруутгадаг, бусдад муухай харагдуулдаг.
Хохирсон хохирогч руу дайрч давшлахын оронд тэр хүний амьдралаар 7 хоног амьдраад үз. Манайхан дүгнэж, цэгнэхдээ их амархан “Хартай, архичин хүнтэй юугаа хийгээд хамт байгаад байдаг юм бэ. Салаад яваач” гэдэг.
Тэгвэл тэр хүн салаад хаана очих вэ, төрхөмдөө буцлаа гэхэд хуучин шигээ байж чадах уу. Хүүхэд нь аавыгаа нэхээд уйлна, хүүхдээ эцэггүй өсгөх үү яах уу гэж шанална, саллаа гэхэд ах дүү нарыг дарамтлаад алах болов уу гэж айна. Тэр эмэгтэйн дотоод айдсыг хэн ч мэдээгүй, мэдрээгүй цагт шүүмжлэж буруутгах их амархан байдаг.
Мөн хүчирхийлэлд өртсөн охидыг “Өөрөө аалгүйтэж байгаад хүчиндүүлсэн биз. Өөрөөсөө болсон, богино банзал, энгэр задгай цамц өмсч явдаг” мэтээр буруутгадаг. Гэтэл хэрэг дээрээ хүсээгүй байхад нь хүч хэрэглэх, хууран мэхлэх, заналхийлэх замаар хүчирхийлж хохирогч болгосон байдаг. Чухамдаа бол охидын буруу биш. Иймэрхүү үйлдлээс болж тэд айж, ичих амиа хорлох үйлдлийг хүртэл хийдэг. Өсвөр насныхны сэтгэлзүйд нь гэмтэл учруулдаг.
Нөгөөтэйгүүр хохирогчийг гадаад байдал, өнгө үзэмж, амьдралын нөхцөл байдлаар нь дүгнэж буруутгаж байна.
Жишээлбэл, загвар өмсөгч охин амиа алдсан асуудалд эхэндээ өрөвдөж байгаад сүүлдээ өөрийг нь буруутгасан. “Сайхан төрсөн нь чиний буруу байсан. Одоо яахуу дээ хохь нь” гэх хандлага ажиглагдсан. Гэтэл энэ хүүхдийн туйлын мөрөөдөл загвар өмсөгч болох байсан гэдгийг хэн ч мэдэхгүй, хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Ер нь яагаад эмэгтэй хүмүүс хохирсон асуудлаа ил гаргаж чаддаггүй айдаг вэ гэхээр муу хэлүүлэхээс, муухайгаар чичлүүлэхээс айж зовлонгоо ихэд нууцалдаг. Өөрөөр хэлбэл, нийгэм нь нийтээрээ хохирогчоо буруутгаад байдаг учраас эмэгтэй хүн өөрийгөө муу муухай, эрэгтэй хүний дор, сул дорой байх ёстой гэсэн ойлголт сэтгэхүйд нь гүн суучихжээ.
Тиймээс хохирогчийг нийтээрээ муулж, нийгэм шүүмжилдэггүй, харин ч алдааг нь уучилж, хүлээн зөвшөөрсөн цагт хохирогч айдасгүй тайван амгалан байна. Дахин хэлье, хохирсон дээр нь хохироодоггүй байя.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэлээ тэнцвэртэй хүргэдэг үү
Олон нийтийн сүлжээ болсон явдлыг мэдээлэх үүрэгтэй. Гэхдээ ёсзүйтэй, тэнцвэртэй байдлаа хадгалж чаддаггүй дутагдал бий.
Амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн гэмт хэрэгтнүүдийн талаар сэтгүүлчид яагаад эрэн сурвалжилж бичдэггүй юм бэ. Гэмт хэрэгтэн ямар орчинд төрж өссөн, яагаад ийм хэрэг үйлдэх болов, цаад учир шалтгааныг нь ухаж бичихгүй хэрнээ, хохирсон иргэнийг тойруулаад мөлжөөд байдаг.
Жишээлбэл, “Насанд хүрээгүй охид биеэ үнэлсэн байна”, “Биеэ үнэлэгчдийг баривчиллаа”, “Охид садарлавал үндэстэн мөхнө” гэх мэтээр шүүрч аваад, шуурч бичдэг. Энэ охидууд хэнд биеэ үнэлээд байгаа юм. Хэн биеийг нь хүчээр үнэлүүлж, мөнгө төлөөд байгаа юм. Хэн охид эмэгтэйчүүдийг ийм зам руу хөтлөөд байгаа юм бэ гэдгийг ухаж гаргаж ирж, илчилдэггүй. Үүнийг зохион байгуулсан гол буруутангаас очиж ярилцлага авч, нийтлэл бичдэггүй хэрнээ цагдаагийнханд баривчлагдсан охиноос ярилцлага аваад байдаг нь хэр зөв бэ.
Яагаад охидыг биеэ үнэлэгч гэсэн нүдээр харж, буруутгахаас хохирогч гэдэг нүдээр харж болдоггүй юм. Ингэж хэн нэгнийг буруутгах оролдлого явдаг. Охидыг садарлуулахгүй байя гэвэл мөнгө төлж, худалдаж авахаа л больчих. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг худалдаж авахгүй бай. Иймэрхүү буруу замаар гэмт хэрэгтнүүдийг хөлжүүлж, маргаашид нь бэлтгэж өгч байгаа үйлдэл.
Дээр дурдсан Төв аймгийн төрийн алба хаагч Х-ын үйлдсэн хэргийн тухайд бичихэд, гэмт хэрэгтнүүд хэн юм, яагаад ийм хэрэг хийх болов, өмнө нь ийм хэрэгт холбогдож байсан уу юмуу гэдэг талаар ямар ч нийтлэл гараагүй хэрнээ хохирогч эмэгтэйг ихэд буруутгаж “Өөрөө нэгэнтэй дотно харилцаатай байсан. Өөрөө хөдөө айл руу яах гэж дагаж явсан юм бэ. Өөрийнх нь буруу” гэх мэтээр хохирогчийг буруутгаж бичсэн байсан талаарх анализ судалгааг Хүйсийн тэгш эрхийн төвөөс гаргажээ.
Хамгийн их хохирол амссан хохирогчийг ар гэрийнхэнтэй нь хамт хохироодог. Ёсзүйгүй, гэмт хэргийн талаарх аймшигтай мэдээллийг бүр үйлдлээр нь дэлгэрэнгүй бичиж, хохирогчоо бяцалж, дээшээ гарч ирэхгүй болтол нь дэвсэлдэг.
Эндээс харахаар ёзүйтэй сэтгүүлзүй хаана байна. Яагаад гэвэл аливаа мэдээллийг тэнцвэртэй уншигчдад хүргэх зүй. Гэхдээ гэмт хэрэгтэн, хохирогчийн мэдээллийг хоёр талаас нь тэнцвэртэй нийтлэх ёстой. Гэтэл хамгийн амархан олдох хохирогчийг тойруулж бичээд байдаг. Мэдээлэл нь ил тод болсноо барьж авч, хэцүү чиглэл буюу гэмт хэрэгтний талаарх мэдээллийг хаячихдаг тал бий.
Уг нь гэмт хэрэгтнийг гишгэх газаргүй болтол нь бичдэг баймаар. Гэмт хэргийн талаарх мэдээллийг бичдэг хэрнээ дараа нь юу болсон, хэрэг нь хэрхэн яаж шийдвэрлэгдсэн, хохирсон иргэн сэтгэлзүйн зөвлөгөө хэр өгсөн, эргээд ажлын байртай болсон уу, нийгмийн харилцаанд орсон уу гэдэг талаар тэр бүр бичдэггүй.
Бас нийгмийн сэтгэлзүй ямар байгааг сая амиа алдсан цэргийн хэргээс харж болно.
Ангийн ахлагчдадаа зодуулж, улмаар бэртэл авч амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэргийг нийгмээрээ тэр дундаа олон нийтийн сүлжээгээр шүүж байгаа нь харамсалтай юм. Хохирогч хүүг эхэндээ өрөвдөж, арми, ангийг нь харааж зүхэж байгаа ч сүүлдээ талийгаачийг буруутгах хандлагатай болоод ирэв. Жишээ нь “Ганц цохилтын ариг даахгүй, гоожуур”, “Цэрэгт зодуулж эр хүн болдог юм”, “Арчаагүй биеийн хөгжилгүй нялцгар, чалцгар хүү байжээ” гэх мэтээр хохирогчийг буруутгах хандлага ажиглагдаж эхэллээ.
Эндээс харахад нийгэм хүчирхийллийг өдөөдөг, хүлээн зөвшөөрдөг гэх ойлголтыг төрүүлж байгаа юм.
Ямар ч эцэг, эх хүүгээ цэрэгт хэн нэгний гарын шүүс болоод ирээрэй гэж явуулдаггүй. Аль болох бие бялдрын хүмүүжилтэй, ёсзүй, дэг журамд суралцаад ирээсэй гэж эр цэрэгт мордуулсан болохоос хэн нэгний балмад авирыг амсахыг хүсэхгүй.
Талийгаач хүү хүч чадалгүйдээ зодуулсан юм биш. Хэн нэгний хяналт дор, хэн нэгний тушаалыг эсэргүүцэхгүй. Хүлээсэн тангарагтай цэргийн үүрэг гүйцэтгэж, ёсзүйтэй байсандаа талийгаач хүү яагаад буруудах ёстой гэж. Хохирогч болсон, одоо буруутан болох ёсгүй.
О.Гэрэл
Оллоо.mn