Зодуулж амиа алдчихаад байхад золгүй байдлаар гэж яриад хэргийг хаах вий

Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулсны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг хоёр хоногийн өмнө гарав. Тодруулбал, тус ангид алба хааж байсан хугацаат цэрэг Б.Алтантулга нас барсан байна. Хэрэгт холбогдуулж ангийн ахлагч Мандалхангайг цагдан хорьжээ. 
Биеийг нь хөх эрээн болтол зодсон зураг нь цахим сүлжээнд их тарж байна. Ер нь энэ ангид дэг нэртэй яргачлал хэрээс хэтэрчээ.
Хоёр жилийн өмнө ангийн ахлагчдаа зодуулсан цэрэг хөхөө өвлийн хүйтэнд хөлийнхөө хурууг хөлдөөж, улмаар тайруулж байсан харамсалтай хэрэг гарч байсан. Ээж аавын хүүг хүмүүжүүлэх нэрээр ингэж яргачилж, тамлан зовоож, амь нас эрүүл мэндийг нь эрсдэлд оруулж болдог юмуу, салбарын сайд, ангийн захирагч Д.Өлзийбаяр аа.
Зодуулж нас барчихаад байхад золгүй байдлаар амиа алдсан гээд хэргийг хаах вий дээ. 
Салбарын яамнаас нь болохоор “Зүүнбаянгийн цэргийн ангид амиа алдсан цэргийн талаарх мэдээлэлд болгоомжтой хандаарай. Үрээ алдсан ар гэрийнхэн хүнд байгаа. Хэргийн газар дээр Жанжин штабаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Гарахаар албан ёсоор мэдээлэл өгч, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох болно. Албан ёсны мэдээлэл ирэнгүүд мэдээлэх болно” гэж тайлбар хийж байна.
Үрээ алдсан аав ээж, ах дүү төрөл төрөгсөд ямар хүнд хэцүү байх нь ойлгомжтой. Энэ яргаллаа ангийн алба хаагчид эх орныхоо хат суусан эр хүн болгохын төлөө гэж нэрлэдэг. Арай ч дээ, 19 настай хүүг ийм болтол нь зодож амь насанд нь халдчихаад бас эх орныхоо төлөө алсан гэж ярих вий дээ. Хүний нинжин сэтгэл хаачаа бэ. Яагаад Монголчууд дээр дооргүй ийм харгис хэрцгий байдаг юм бэ. Хүний нялх үрийг ийм болтол зодож, тамлах ямар шалтгаан нөхцөл байв.
Хүүхдээ цэргийн алба хаалгах гэж явуулдаг болохоос хүний гарт алуулах гэж явуулдаггүй юм. Хариуцлага хаана байна. Бүхэл бүтэн хүний нялх үрийг зодож амийг нь хохироосон хэрэгт хариуцлага тооцож салбарын сайд нь ч ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өг. Ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг ч ажлаас чөлөөл.
Нэмж хэлэхэд, тус ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр өмнө нь 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд тус ангийн хоёр алба хаагч хээрийн сургуулилтын үеэр гранатанд өртөж нас барсан дуулиант үйл явдал болж байв. Тухайн үед хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгож байсан юм.  
О.Гэрэл
Olloo.mn скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан