Махны чиглэлийн үхэр бүр өөрийн гэсэн “дижитал үнэмлэх”-тэй боллоо. Тугаланд төрсөн цагаас нь эхлэн чихний шошго зүүлгэж, үүлдрийн гарал үүсэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх бүртгэл, борлуулах хугацаа зэрэг мэдээллийг системд оруулан, бэлчээр нутгаас хоолны ширээ хүртэлх бүх үйл явцыг хянах боломжтой болсон гэж Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин зүүн гарын дунд хошууны Үндэсний орчин үеийн хөдөө аж үйлдвэрийн хүрээлэнгийн шинжлэх ухаан, технологи, мэдээллийн хэлтсийн дарга Жан Жичао 9 дүгээр сарын 20-ны өдөр орон нутгийн ухаалаг үхэр маллагааны шинэ загварыг танилцуулах үеэр хэлсэн юм.
Тэрээр мөн:
- Үхэр маллаж буй айл өрхийн мэдээлэл, махны чиглэлийн үхрийн тоо, үүлдрийн ангилал, өвчнөөс урьдчилан сэргийлэх бүртгэл зэрэг мэдээллийг бодит цаг хугацаанд үйлчилгээний төвийн дижитал дэлгэцээс олж харах боломжтой гэж хэллээ.
Дижитал дэлгэцийн нөгөө үзүүрт бүс нутгийн нэгэн тулгуур аж үйлдвэр холбогдож, 19,000 айл өрх, 69,600 малчин, тариачны амьжиргаатай холбоотой байна.
Хорчин зүүн гарын дунд хошуу нь Хятадын томоохон мал аж ахуйн шянь бөгөөд малчид, тариачид энд олон жилийн турш үхэр маллаж ирсэн түүхтэй. Олон жилийн турш айл өрхүүд тархай бутархай суурьшиж, малаа бэлчээрлүүлэн маллаж ирсэн нь үхрийн үүлдрийн гарал үүслийг мөрдөх, чанарыг хянах, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд бэрхшээл учруулж байв.
2019 онд Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам болон Сангийн яамнаас Хорчин зүүн гарын дунд хошууны Үндэсний орчин үеийн хөдөө аж үйлдвэрийн хүрээлэн байгуулахыг баталсан. Аж үйлдвэрийн сүлжээ болон “дижитал үнэмлэх”-ээр дамжуулан тус хөдөө аж үйлдвэрийн хүрээлэн нь малчид, тариачдыг дайчлан, үхэр малладаг жижиг аж ахуйг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх томоохон аж үйлдвэр болгон хөгжүүлжээ.
Өнөөдөр тус хөдөө аж үйлдвэрийн хүрээлэн нь стандартчилсан тэжээн үржүүлгийн 18 ферм, нядалгааны болон боловсруулах 15 үйлдвэр, нэг томоохон махны чиглэлийн үхрийн худалдааны зах, махны чиглэлийн үхрийн үржлийн гурван компанийг нэгтгэн, тэжээл, бордоо, тариалалт, үржүүлэг, боловсруулалт, борлуулалтыг хамарсан битүү мөчлөгийн тогтолцоог бий болгож, анхдагч, хоёрдогч, гуравдагч аж үйлдвэрийн гүнзгий уялдааг хангасан махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн бүрэн сүлжээг бүрдүүлсэн байна.
Үүний зэрэгцээ, дижитал чадавхжуулалт нь тархай бутархай мал аж ахуй эрхлэгчдийг нарийвчилсан менежментийн дижитал сүлжээнд нэгтгэж байна. Одоогийн байдлаар тус хүрээлэн 90,000 гаруй махны чиглэлийн үхрийн мөрдөн мөшгөх мэдээллийг бүртгэж, мал аж ахуй эрхлэгч 6,054 айл өрхийг бүртгэжээ. “Ниү Фү Бао” нэртэй программ боловсруулсан бөгөөд үхэр маллаж буй айл өрхүүд үржүүлэг болон өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хүссэн үедээ бүртгэж, хиймэл оюун ухаанд суурилсан онлайн зөвлөгөө авах боломжтой болж, уламжлалт “Туршлагад суурилсан маллагаа”-г орчин үеийн “Өгөгдөлд суурилсан маллагаа” болгон өөрчилсөн байна.
- Өмнө нь би өөрийн туршлагадаа тулгуурлан мал малладаг байсан. Энэ хөдөө аж үйлдвэрийн хүрээлэн байгуулагдсанаас хойш үнээнд хээлтүүлэг хийх, мал маллах мэргэжлийн сургалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хяналт зэрэгт хариуцах тусгай хүнтэй болсон гэж Модон Айл багийн малчин Жан Вэйжянь хэлэхийн зэрэгцээ “Ниү Фү Бао” программыг гаргаж сэтгүүлчдэд үзүүлсэн юм.
Хөдөө аж үйлдвэрийн хүрээлэнгийн үйлчилгээний төвийн захирал Жан Жичян:
- Хөдөө аж үйлдвэрийн хүрээлэнгийн ачаар тус хүрээлэнд хамрагддаг дөрвөн сум, балгасын малчин, тариачдын нэг хүнд ногдох орлого бусад сум, балгасаас 20 орчим хувиар өндөр байна гэж хэллээ.
Ил тод, найдвартай мэдээлэл мөрдөх систем нь махны чиглэлийн үхрийн зах зээлд байр сууриа хадгалах чухал үндэс суурь болдог.
- Дараагийн алхам бол нядалгааны болон боловсруулалтын үе шатанд мэдээлэл мөрдөх боломжийг бий болгож, үхрийн махыг нарийн ангилан, код олгон савласны дараа хэрэглэгчид кодыг уншуулж, бүх мэдээллийг авах боломжтой болгох явдал юм. Ингэснээр Хорчин зүүн гарын дунд хошууны махны чиглэлийн үхрийн зах зээлийн нэмүү өртгийг цаашид нэмэгдүүлнэ гэж Жан Жичян сонирхуулсан юм.









































