"T.O.P"-ын фэн хуудас 20 жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоолоо

"T.O.P"-ын фэн хуудас 20 жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоолоо

 

"Big Bang" хамтлагийн гишүүн асан "T.O.P"-ын шүтэн бишрэгчдийн цахим хуудас "Choidot" 20 жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоов. Учир нь шүтэн бишрэгчдийн клубын гишүүд "T.O.P" болон түүний харьяалагддаг "Topspot Pictures" агентлагийг шүтэн бишрэгчдээ үл тоомсорлож, тэдний дэмжлэгийг байх ёстой зүйл мэт хүлээж авсан гэж буруутгаж байна.

"Choidot" цахим хуудас 2006 наймдугаар сарын 24-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэ сарын 10-ны өдөр хаалтын мэдэгдлээ хийлээ. Энэ шийдвэрийг гаргахад сүүлийн үеийн шинэ дуулиан буюу "T.O.P", Нана нарын хайр сэтгэлийн харилцаа огт нөлөөлөөгүй, харин дуучин болон агентлаг хоёрт чиглэсэн олон жилийн хур гомдол, бухимдал байсан гэж тэдний мэдэгдэлд дурджээ. "Choidot"-ын албан ёсны "Х" хаягт нийтэлсэн мэдэгдэлд "Бодит байдалтай нүүр тулахаас татгалзах, хариуцлагаас зайлсхийх, шүтэн бишрэгчдийнхээ чин сэтгэлийг үл тоомсорлох зэрэг үйлдлүүдийг нь бид цаашид зүгээр орхиж болохгүй гэж шийдсэн" гэжээ.

Шүтэн бишрэгчид "T.O.P"-ийн анхны бие даасан студийн цомог болох “Another Dimension”-оос санаа авч, үзэсгэлэн зохион байгуулах гэсэнтэй энэ үл ойлголцол холбоотой.

Тус үзэсгэлэн нь аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулагдах товтой байжээ. Мөн үзэсгэлэнгийн нийт төсөв нь есөн сая вон буюу 6700 ам.доллар болж байгаа аж. 300 тасалбар борлуулаад энэ есөн саяын 7.5 сая нь төлөгдөх бөгөөд үлдсэн мөнгийг нь хоёр зохион байгуулагч өөрсдөө гаргах санаатай байжээ. Гэвч эхний долоо хоногт ердөө 20 орчим хүн л бүртгүүлжээ. Бүртгэлийн хугацааг сунгаж, арга хэмжээг сурталчилсан ч захиалгын тоо хүлээлтээс хавьгүй доогуур хэвээр байв. Энэ хугацаанд "T.O.P", Нана нарын харилцааны талаарх мэдээлэл ил болсноор өмнө нь захиалга өгсөн байсан хүмүүс ч тасалбараа цуцалж эхэлжээ. Ингээд эцэстээ зохион байгуулагчид үзэсгэлэнг цуцлах шийдвэрт хүрсэн байна.

Гэхдээ "T.O.P", Нана нарын харилцаанаас болж шүтэн бишрэгчид нь захиалгаа цуцалсан гэх ойлголтыг зохион байгуулагчид няцааж байгаа юм. Тэдний үзэж буйгаар, "T.O.P" болон түүний агентлаг шүтэн бишрэгчидтэйгээ хангалттай харилцдаггүй байсантай энэ цуцлалтууд холбоотой. Шүтэн бишрэгчид үзэсгэлэнгийн тухай мэдээллээс өмнө тэдний харилцааг хэдийнэ мэдэж байсан гэж зохион байгуулагчид мэдэгдэлдээ дурджээ. Тэд "Topspot Pictures"-ийг шүтэн бишрэгчидтэй харилцах наад захын сувгийг ч бий болгож чадаагүй гэж буруутгасан байна.

Үүний улмаас шүтэн бишрэгчидтэй холбоотой аливаа ажлуудыг "Choidot" цахим хуудас дангаараа хариуцдаг байсан бололтой. Хилийн чанад дахь шүтэн бишрэгчидтэй холбогдох, шинэ уран бүтээлийг сурталчлах, зарим контентыг орчуулах, шүтэн бишрэгчдийн янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг зүйл үүнд багтана. Зохион байгуулагчид "Бид сайн дураараа энэ бүхнийг хийсэн ч гэлээ бидний зарцуулсан цаг хугацаа, хөдөлмөрийг үнэгүй зүйл мэт үзэж болно гэсэн үг биш" гэжээ.

"T.O.P"-ийн дөрөвдүгээр сард гаргасан бие даасан цомгийн дараах тоглолт, сурталчилгааны үйл ажиллагаа хангалтгүй байсныг ч бас тэд шүүмжилж байгаа юм. Шүтэн бишрэгчид энэ цомгоос хойш таван сарын турш ямар нэг үйл ажиллагаа хүлээсэн ч юу ч болоогүй аж.

Энэ бүхний эцэст аравдугаар сарын 10-ны өдөр "Topspot Pictures" агентлаг уучлалт хүссэн бөгөөд шүтэн бишрэгчидтэй харилцах тал дээр дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байна. "“Биднийг хүлээж байсан хүмүүстээ хангалттай мэдээлэл өгч, харилцах боломж бүрдүүлж чадаагүйгээс болж шүтэн бишрэгчид сэтгэл дундуур, бухимдалтай үлджээ. Чин сэтгэлээсээ уучлал эрж байна. Бид шүтэн бишрэгчдийнхээ санал хүсэлтийг цаашид илүү анхааралтай сонсож, уран бүтээлчийн үйл ажиллагаа болон компанийн нийт үйл ажиллагаанд идэвхтэй тусгана" гэж агентлагийн зүгээс мэдэгджээ. Мөн цаашид ямар өөрчлөлт гаргаж, яаж ажиллах болсноо албан ёсны сувгаараа дамжуулан мэдэгдэнэ гэдгээ амласан байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан