Төсөл: Нэг танхимтай, 152 гишүүнтэй болно


Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд олон нийтээс санал авч эхэллээ. Үндсэндээ дөрвөн зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж санал авч байна.
Улсын Их Хурлаас 2023 оны 1, 2 дугаар сард зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн гаргасан Зөвлөмжид иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх талаар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийг явуулахдаа мажоритар болон пропорциональ аргыг хослуулах нь зүйтэй талаар тус тус дэмжсэн дүн гарсан.  
Энэ үр дүнг хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан гэж Засгийн газар онцолжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоог тусгах, иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн өөрчлөлтийг тусгасан байна.
Ингээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зүйл заалттай танилцуулъя.
Одоогийн мөрдөж байгаа:
Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг: Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.
Нэмэлт өөрчлөлтөөр:
Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг: “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно.”
Одоогийн мөрдөж байгаа:
Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг: Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.
Нэмэлт өөрчлөлтөөр:
Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг: “Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана.
Одоогийн мөрдөж байгаа:
Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг: Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.
Нэмэлт өөрчлөлтөөр:
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж,
Одоогийн өөрчлөлтөөр:
Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг: Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.
Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.
Нэмэлт өөрчлөлтөөр:
Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “томилно” гэснийг “томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно” гэж,
Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр” гэснийг “Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай” гэж тус тус өөрчилсүгэй.
Одоогийн хуульд:
Арван ес1 дүгээр зүйл.
/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн./
1.Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.
2.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.
/Энэ хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Нэмэлт өөрчлөлтөөр:
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Дээрх заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдээс санал авч эхэллээ. Иргэдийн саналыг авсны дараагаар Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барих бололтой.
Иргэн та дээрх заалтуудтай холбоотой саналаа доорх утас, имэйл хаягаар өгч болох юм байна.
/”Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл: Татаж авах
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл (энгийн): Татаж авах
Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй танилцан санал, зөвлөмжөө Монгол Улсын Засгийн газарт info@cabinet.gov.mn хаягаар ирүүлэх, эсвэл 51-263054 дугаарын утсанд залган саналаа ирүүлээрэй. 

https://itoim.mn/a/2023/04/17/government/ymp
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан