“Ковид”-ын дэглэмээ шинэчилсэн Хятадын бодлого гэнэтийнх биш

 

Цар тахал дэгдсэнээс хойших гурван жилийн турш Хятад улс халдвар хамгааллын хатуу бодлого хэрэгжүүлж, халдвар гарсан тохиолдолд түргэн тэглэх бодлого хэрэгжүүлсээр ирсэн юм. Харин энэ оны 12-р сараас Хятадын Төрийн зөвлөл шинэ бодлого хэрэгжүүлж, олон нийтийн газар PCR шинжилгээний хариу шалгахаа больж, өмнө нь хэрэгжүүлж байсан халдвар хамгааллын дэглэмдээ өөрчлөлт оруулж эхэлсэн юм.

Тэгвэл Хятад улс халдвар хамгааллын өмнөх бодлогодоо яагаад өөрчлөлт оруулах болов гэх асуудал урган гарч ирж байна. Хятадын халдвар хамгааллын бодлого өнгөн талаас нь харахад гэнэт өөрчлөгдсөн мэт боловч хэрэг дээрээ Хятадын засгийн газар энэ эргэлтийг хийхийн тулд маш олон судалгааны ажил хийж, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн саналын үндсэн дээр холбогдох бодлогодоо өөрчлөлт оруулсан юм. Энэ өөрчлөлтийн нэг гол үндэслэл нь Хятадад өдгөө дэлгэрч буй халдвар нь коронавирусний омикрон хувилбар харьцангуй гарз хохирол багатай туулах боломж олгож буй юм. Өмнөх альфа, делта зэрэг хувилбаруудыг бодвол омикирон нь халдварлах эрсдэл өндөр хэдий ч зовуурь нь ерөнхийдөө хөнгөн, бараг л жирийн ханиад томууны дайтай болж хувьсан өөрчлөгджээ. Нөгөө талаар ДЭМБ ирэх хаврын эхээр коронавируст цар тахал дэлхийн хэмжээнд дуусвар болсныг зарлах гэж буйтай ч холбоотой. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт ч коронавирусний омикрон хувилбарын энэ шинэ онцлог шинжийг Хятад улстай адил авч үзэж буй юм.

Энэ оны 12-р сарын эхнээс Хятадын Төрийн зөвлөл халдвар хамгааллын шинэчлэгдсэн 20 заалт, 10 заавар бүхүй дүрэм хэрэгжүүлж, улам оновчтой, шинжлэх ухаанч, уян хатан бодлогоор цар хүрээ ихтэй, нийтийг хамарсан PCR шинжилгээ хийлгэхээ больж, олон нийтийн газар чөлөөтэй орж гарч болох, нийтийн унаанд ч шинжилгээний дүн үзэхгүйгээр аялахыг зөвшөөрч эхлэв. Улмаар Бээжин, Гуанжөү, Шэньжэнь зэрэг том хотуудад эерэг тохиолдол үлэмж хэмжээгээр гарсан боловч өндөр настай, суурь өвчтэй хүмүүсээс бусад нь хэдэн өдөр халуурч ханиалган эм тан ууж, гэр орондоо биеэ сувилж тойлоод эдгэж байгаа юм. Харин гадаадын зарим хэвлэлд “Хятад улсад дахин томоохон цар тахал дэгдэж, хүн ард нь үй олноороо нас барж, гамшгийн хэмжээнд хүрлээ. Өрөмч хотод болсон гал түймрийн улмаас Хятадын олон газарт эсэргүүцлийн жагсаал гарсантай энэ нь шууд холбоотой” гэх мэтээр цуурч байна. Бодит байдал дээр ийм зүйл огт байхгүй бөгөөд Хятад улсын халдвар хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй дээр дурдсан арга хэмжээнүүд бол ухамсартайгаар, санаачилгатай, урьдаас төлөвлөж хийсэн зүйл болохоос арга мухардсандаа гаргасан шийдвэр биш гэдгийг зориуд тэмдэглэн хэлэх ёстой болов уу.

Өдгөө Хятад улс халдвар хамгааллын гол хүчийг иргэдийнхээ эрүүл мэндийг баталгаажуулж, эм тариа, шинжилгээний багаж хэрэгслийг айл өрхөд хүргэн үйлчилж, ахмадууд болон суурь өвчтэй хүмүүс, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглүүлэн ажиллаж байна. 60-аас дээш настай хүмүүсийг эрчимжүүлсэн вакцинд яаралтай хамруулж, эрүүл мэндийн салбарууд үйлчилгээгээ хялбаршуулж, хүнд өвчлөлтийг багасгах, нас баралтыг багасгах дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Сүүлийн сар гаруй хугацаанд өрнөж буй үйл явдлаас харахад Хятадын олон газарт халдварын байдал ерөнхийдөө өмнө нь тооцож байсантай адилхан байж, Бээжин, Гуанжөү зэрэг хотуудын албан хаагчид илаарьшин эдгэрч, ажилдаа орцгоож, бараг хоосон байсан гудамж харгуйд замын ачаалал дахин ихсэж, цар тахлын өмнөх хэвийн байдалдаа эргэн орох эерэг хандлага ажиглагдаж байна. Гэвч төр засгаас бас шинэ нөхцөл байдалд заавал анхаарах зүйлийг иргэддээ цаг алдалгүй анхааруулж, шинэ нөхцөл байдал дахь халдвар хамгааллын ажлын үр өгөөжийг нэмэгдүүлж байна. Жишээлбэл, шинжилгээний хариу эерэг гарч, халуурч, ханиалгаад хэдэн өдрийн дараа эдгэрсэн ч ажилдаа очих гэж яаралгүй, биеэ сайтар асран хамгаалж, сувилж, дахин халдвар авахаас сэргийлэхийг сануулсаар байна.

2023 оны шинэ жил, Дорнын сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор хүмүүсийг шилжилт хөдөлгөөн ихсэхийн хэрээр гарч мэдэх янз бүрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр засгийн газрын холбогдох салбарууд цаг нартай уралдан ажиллаж байна. Тухайлбал, эм эмнэлгийн үйлчилгээ, эмч сувилагчдын орон тоо, эм бэлдмэл, эд барааны нийлүүлэлт нөөц, зам харилцаа, логистик тээвэр зэрэг олон салбарт бэлтгэлийг идэвхтэй хийж байна. Өдгөө Хятад даяар хүмүүсийн сэтгэл санаа тайван тогтуун, нийгмийн дэг журам хэвийн байна.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж: cri.cn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан