Ши Жиньпин дарга 2023 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2023 оны шинэ жилийн мэндчилгээ

 

Шинэ оны хонхон дуу ойртож буй мөчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Төв радио телевиз болон интернэтээр 2023 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэе.

Найз нөхөд өө, хатагтай ноёд оо!

Сайн байцгаана уу? 2023 оны босгон дээр Бээжин хотоос та бүхэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.

2022 онд бид ХКН-ын ХХ их хурлыг амжилттай хуралдуулж, социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах, Хятад маягийн шинэчлэлтээр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг ахиулах төлөвлөгөө гаргаж, хөгжлийн шинэ аяныхаа гарааг эхлүүлсэн билээ.

2022 онд Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн статусаа хадгалж, эдийн засгаа эрүүл тогтвортой хөгжүүлэн, ДНБ-ний маань хэмжээ 120 их наяд юанийг давлаа. Дэлхийн үр тариа, хүнсний хямралыг сөрж Хятад улс 19 жил дараалан элбэг ургац авч, хүнсний асуудлаа бие даан шийдвэрлэж байна. Бид ядуурлыг бууруулсан их тэмцлийнхээ ололт амжилтыг үргэлжлүүлэн бэхжүүлж, хөдөө орон нутгийн хөгжлийг шат тутамд ахиулж, татвар хураамжийг бууруулах зэрэг цогц бодлогын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн ачааллыг хөнгөлж, иргэд олон нийтийн санаа чилээж буй асуудлуудыг зохицуулахад анхаарлаа хандуулж ажилласан юм.

Цар тахал дэгдсэнээс хойш Хятад улс хүн төвтэй төрийн бодлого баримталж, ард түмнийхээ амь насыг дээдлэн, шинжлэх ухаанд түшиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг нарийн нягт төлөвлөсний зэрэгцээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бодлого, арга хэмжээндээ шинэчлэлт, зохицуулалтыг шуурхай шингээж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг бүхий л чадлаараа хамгаалж ирсэн юм. Нийт иргэд, тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнууд, анхан шатныхан хатуу бэрхийг сөрөн, ажлын байраа чанд сахин цуцалтгүй хичээл зүтгэлээр урьд өмнө байгаагүй хатуу сорилтыг даван тууллаа. Өдгөө цар тахлын сэргийлэлт хамгаалалтын ажил шинэ үе шатанд шилжсэн боловч хүндрэл бэрхшээл хараахан арилаагүй тул иргэн бүр үргэлжлүүлэн шаргуу тэмцэж, эцсийн ялалтад хохиролгүй хүрэхийг хичээх ёстой билээ. Нугаршгүй тэмцэл, эв нэгдлийн үр дүн ялалтаар төгсөх нь дамжиггүй юм.

2022 онд нөхөр Жян Зэминь таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Түүний бүтээсэн агуу үйлс, хичээл зүтгэлийн эрчим бол бидний хамгийн эрхэм нандин өв дурсамж билээ. Бид түүний хүсэл мөрөөдөл, итгэл зоригийг залгамжилж, шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үйлсийг тасралтгүй урагшлуулсаар байх болно.

Түүхийн хүрд зогсолтгүй эргэж, үе үеийн дайчдын шаргуу зүтгэлээр өнөөдрийн Хятад орон цогцолсон юм.

Өнөөдрийн Хятад орон бол хүсэл тэмүүлэл, амжилт бүтээлийн өлгий  юм. Бээжингийн өвлийн олимп, Өвлийн паралимпыг амжилттай зохион байгуулж, тамирчид маань ур чадвар, эрдэм ухаанаа уралдуулж бахдам амжилт гаргасан билээ. Шэньжөү-13, 14, 15 хөлгийг угсруулан амжилттай хөөргөж, хөвөө хязгааргүй сансрын уудамд манай улс сансрын станцаа бүтээн цогцлоож чадлаа. ХАЧА байгуулагдсаны 95 жилийн түүхт ойн онд офицер дайчид маань армиа хүчирхэгжүүлэх агуу үйлсэд тангараг өргөн тэмүүлж байна. Хятад улсын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц “Фүжянь” ашиглалтад орж, С919 том оврын анхны нисэх онгоцыг амжилттай зохион бүтээж үйлдвэрлэснээ хүлээлгэн өгч, Бай Хэ Таний усан цахилгаан станц бүрэн ашиглалтад хүлээн авсан гээд дурдах амжилт олон байна. Энэ бүхэнд маш олон хүний хичээл зүтгэл шингэсэн бөгөөд хүн болгоны хүчин чармайлт нийлж нэгдэн Хятадын эрч хүчийг бүрдүүлж байдгийн жишээ болсон юм.

Өнөөдрийн Хятад улс бол амьдралын урам итгэлээр дүүрэн улс орон. Чөлөөт худалдааны туршилтын бүсүүд, түүн дотроо Хайнаний чөлөөт худалдааны бүс амжилттай хөгжиж, тэнгис дагуух бүс нутгууд шинэ санаачилгад хүчээ төвлөрүүлж байгаа бол төв баруун бүс хурдацтай хөгжиж, зүүн хойд нутаг сэргэлтийн чухал үедээ орж, хязгаар нутгийн иргэдийн амьжиргаа тасралтгүй дэвжин дээшилж байна. Хятад улсын эдийн засаг уян хатан чанартай, нөөц боломж ихтэй тул урт хугацааны туршид хөгжлийн эрч хүчээ бататгаж чадна. Бид итгэл зоригтой, тогтвортой хөгжлийг баримталснаар товлосон зорилтоо биелүүлэх нь лавтай. Энэ жил би Хонконгт очиж тус бүсийн хөгжил сэргэлттэй танилцаж, өөдлөн дэвжиж буйг нь харж маш их талархсан билээ. “Нэг улс хоёр систем”-ийг хэлбэрэлтгүй баримталснаар Хонконг, Макао урт удаан тогтвортой хөгжлийн замдаа шуудрах нь лавтай.

Өнөөдрийн Хятад улс бол үндэстний урам зоригоо залгамжлан бадраасан улс орон. Улиран өнгөрч буй энэ онд газар хөдлөлт, үер ус, ган гачиг, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшиг, мөн бусад гэнэтийн осол эндлүүд гарч эмзэг хөндүүрийг туулсан хэдий ч хатуу бэрхийг сөрж, ард олныхоо төлөө цуцалтгүй зүтгэсэн эгэл баатруудын үйл хэрэг бидний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн юм. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах торгон агшинд мянган мянганыг өртөөлөн залгамжилсаар ирсэн Хятадын үндэстнүүдийн хатан зоригийг бодохоор сэтгэл огшиж, урам итгэл улам бадарч байна.

Өнөөдрийн Хятад улс бол дэлхий нийтийн хөгжил дэвшлээс салгаж үзэхийн аргагүй улс орон. 2022 онд би Бээжинд олон орны найз нөхөдтэй уулзаж учирч, олон улсад айлчилж Хятад улсын байр суурь, санал санаачилгыг танилцуулсан юм. Зуун жилд байгаагүй өөрчлөлт хувьсалтай золгож, дэлхий дахин тогтворгүй хүчин зүйлтэй нүүр учирч байгаа энэ цаг үед бид энх тайван, хөгжлийг эрхэмлэж, олон орны найз нөхөд, түншүүдээ хүндэтгэж, түүхэн цаг үед зөв чиглэлд, хүн төрөлхтний соёл иргэншил, хөгжил дэвшлийн талд чигч зогсож, дэлхийн энх тайван, хөгжлийн үйлсэд Хятадын санаачилга, шийдлийг дэвшүүлж ажиллалаа.

ХКН-ын 20-р их хурлын дараа бид Янь-Аньд очиж, намын Төв хороо хувьсгалын өлгий болсон тус нутагт хүнд бэрхийг сөрж, цөхрөлгүй тэмцэж байсан түүхэн уламжлалтай дахинтай танилцаж, ахмад дайчдынхаа үлдээсэн өвөөс суралцсан юм. Зовлон тэмцэл хүнийг хурцалдаг. ХКН-ын 100 жилийн шаргуу тэмцэл бол хүнд хэцүүг сөрж урагшилсан агуу их зориг санааны бодит түүх юм. Бид үргэлжлүүлэн хичээн зүтгэж эх орноо улам сайн сайхан маргааштай золгуулах болно.

Ирээдүйн Хятад улс бол хичээл зүтгэл гайхамшиг дүүрэн улс орон юм. Хүн хүнд хэцүүг сөрж байж алс хэтийн зорилтдоо хүрдэг гэж Хятадын бичгийн их хүмүүн Сү Ши хэлсэн байдаг. Зам хэдий хол боловч явбал хүрмой, учир хэдий төвөгтэй боловч хийвэл бүтмүй. Бид уулыг нүүлгэх эрэмгий зоригоор хичээж зүтгэнэ алс хэтийн агуу зорилтдоо хүрч, улам сайн сайхан маргаашийг цогцлоох болно.

Ирээдүйн Хятад улс бол эв нэгдлийн эрч хүчээр дүүрэн улс орон. Хятад улс өргөн уудам нутаг дэвсгэр, асар их хүн амтай улс орон. Хүн болгоны эрэлт хүсэлт адилгүй бөгөөд ямар нэг үйл явдлын талаарх үзэл бодол ч ялгаатай байдаг. Учир иймд зөвшилцлөөр нийтлэг ойлголтод хүрэх нь хамгийн чухал шийдэл. 1.4 тэрбум хүний итгэл сэтгэл, эрч хүчийг нэгтгэн төвлөрүүлж, нэгэн зүгт чиглүүлж чадаж гэмээнэ давж чадахгүй даваа, гэтэлж гарахгүй олом гэж үгүй. Тайваний хоолойн хоёр эргийнхэн удам угсаа нэгтэй ахан дүүс тул үзэл бодлоо нэгтгэн, улам сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох ёстой юм.

Ирээдүйн Хятад улс бол залуустаа итгэл найдвар хүлээлгэсэн улс орон. Залуучууд хөгжвөл улс орон хөгжинө. Улс орноо хөгжүүлэх дархан үүрэг залуучуудын өмнө байна. Залуу нас бол мандаж байгаа наран мэт эрч энерги дүүрэн, итгэл зориг бадарсан үе юм. Хятад орны залуучууд эх орныхоо төлөө цогтой сайхан насныхаа омог галыг дүрэлзүүлэн зүтгэхийг хүсэж байна.

Яг энэ цаг мөчид олон хүн ажлынхаа байран дээр шаргуу хөдөлмөрлөж байгаа. Та бүхэндээ баярлалаа. Шинэ оны хонхон дуун ойртож байна. Бид хамтдаа гэрэлт маргаашийн зүг дүүрэн итгэлээр шинэ оны анхны алтан шаргал нараа угтацгаая. Эх орон маань хөгжин бадарч, эгэл түмэн минь аз жаргалтай байх болтугай. Дэлхий нийт амар амгалан байх болтугай. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж: www.xinhuanet.com
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан