УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын хилийн зурвасын газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын тухай мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээнд хоёр талын болон НҮБ-д бүртгүүлсэн Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр буруу ташаа мэдээлэл түгээж байна. Монгол Улсын хил халдашгүй дархан байна гэж Үндсэн хуульд заасан.
Газрын тухай хуульд хилийн зурвасыг улсын тусгай хэрэгцээнд авна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн чадавхыг сайжруулах зорилгоор хил орчмын бүс нутгийг Улсын тусгай хэрэгцээнд авсныг мушгиулан гуйвуулж байна гэж үзэж байна. Энэ бол Монгол Улсын хилийн зурвасыг тогтоож, Улсын тусгай хэрэгцээнд газарт авах тухай тогтоол.
Үүнийг Хил хамгаалах ерөнхий газар, Геодез газар зүйн газар, Барилга хот байгуулалтын яам , холбогдох газрууд нарийвчлан судалж, шинжлэн оруулж ирсэн. Улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь хил орчмын бүс нутаг, хилийн зурваст зөвшөөрөлгүй газар эзэмших, өмчлүүлэх явдлыг таслан зогсоож байгаа. Үүнийг өмнө нь аймаг, орон нутаг шийддэг байсан бол үүнийг УИХ шийдвэрлэдэг байхаар зохицуулсан. Хилийн халдашгүй дархан байдлыг бий болгож, төрийн мэдэлд оруулж байгаа юм. Үүнээс өөрөөр улсын хилийн дархан байдлыг алдагдуулах үйлдэл гаргаагүй болохыг мэдэгдэж байна” гэв.