Дархлааг дарангуйлагч “дайсан” гэр дотор байна

Дархлааг дарангуйлагч “дайсан” гэр дотор байна

 

Хүйтрэхээр бид утаанаас “нуугдах” гэж хичээхдээ хамаг цонхоо хааж, өрхөө битүүлдэг. Нөгөө хэсэг нь агаар шүүгчээр асуудлаа шийдчихлээ гэж боддог. Гэтэл эрүүл мэндийг “идэж” буй гол аюул дотоод орчны агаарын бохирдол буюу хүн өөрийгөө хордуулдаг гэдгийг нийтээрээ ойлгох цаг иржээ. Хамгийн энгийн жишээ гэвэл олуулаа нэг дор цуглахдаа өөрийн эрхгүй “Цонхоо онгойлгоорой” гэдэг дээ. Мөн сэрүү орохоор хүүхдүүдийн ханиад хүрч, хатгаа авах нь нэмэгддэг нь дотоод орчны агаарын бохирдоос болж буй хэрэг. Тэгвэл агаар салхигүй битүү орчинд хүчилтөрөгч багасч тэр хэмжээгээр бидний уушигнаас ялгардаг нүүрсхүчлийн хийн хордлого ихэснэ. Мөн гэр, ажлын байрны тавилга, цахилгаан хэрэгсэл, тамхины утаа,  гал түлэх, хоол хийх, угаалга цэвэрлэгээний бодис, гаднах дуу чимээ гээд бидний өдөр тутмын үйл хөдлөлөөс дотоод орчны агаарыг бохирдуулж байна.

 

Энэ цаг үед тулгарч байгаа бодит аюул бол сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт стандартаас хэтэрсэн, хувийн сургуулиуд агааржуулалтын системийг барилга байгууламждаа шийдээгүй. Нэг сурагчид оногдох зай талбай төдийгүй амьсгалах агаарын хэмжээ стандартаас хоёр дахин бага байхад даарна гээд агаар сэлгэлт тогтмол хийдэггүй. Хэвшээгүйгээс олон хүний амьсгал, янз бүрийн химийн бодистой будаг, тавилганаас ялгарах үнэрээс үүссэн чийглэг, бүгчим орчин вирус, бактери үржих таатай нөхцөл болж хүүхдийн дархлааг дарангуйлж хатгалгаа, ханиад, цаашлаад уушгины өвчлөл үүсгэж байгаа. Тэр ч бүү хэл дотоод орчинд агаар дахь хорт бодисуудын хэмжээ стандартад заасан хэмжээнээс их байвал хурц болон архаг хордлого үүсгэдэг. Өндөр тунтай хорт бодист богино хугацаатай өртсөн тохиолдолд хурц хордлого толгой өвдөх, бөөлжих, тууралт гарах, нүд хорсох гэх мэт шинж тэмдэг илэрдэг аж. Энэ нөхцөл байдал гэр дотор яг адилхан. ДЭМБ-ын зөвлөмжөөр хоёр цаг тутам агаар сэлгэж дотор орчинд тархсан вирус, бактерийг гадагшлуулахыг зөвлөөд байгаа юм. Тиймээс агаар сэлгэлт хийж, сүүлийн үеийн технологийн шинэчлэлээр шийдэхгүй бол тулгамдсан асуудал болж байна. Ийнхүү бидний ач холбогдол өгдөггүй дотоод орчны агаарын бохирдлын улмаас дэлхий дахинаа жил  бүр 4.3 сая хүн нас бардаг аж. Оффис болон гэр доторх  агаар хотын утаанаас 4-6 дахин, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байдгийг нийслэлийн агаарын чанарын албанаас мэдээлээд байгаа юм.

 

Өнөөгийн нийгмийн дүр зургаас харвал бид идэвхтэй амьдралынхаа 80-90 хувийг гэр, ажил, автомашин дотор өнгөрүүлж байна. Тэр дундаа гэртээ ихэнх хугацааг өнгөрүүлдэг ахмад настан, жирэмсэн ээжүүд, хүүхдүүд дотоод орчны агаарын бохирдолд ноцтой аюул учруулдаг. Тиймээс иргэд худалдаж авч буй барилгын материал, тавилга, эд хогшлынхоо орц найрлага, ялгаруулах бодисын хор хөнөөлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.

НҮБ-аас сургууль, цэцэрлэгээс 265 сорьц авч, судалгаа хийхэд барилгын материалын химийн хор, дотор орчны агаарын чанар ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс хэд дахин илүү байжээ. Мөн манай улсад баригдаж буй сүүлийн үеийн барилгууд агаар сэлгэлтийн стандартыг мөрддөггүй. Хүүхдүүд үүнээс болж хорт хавдраар өвчилж байгаа. Чанар, стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд цаашлаад багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлтэй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлсэн.

Дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх гарцыг мэргэжлийн хүн, төрийн төлөөлөл хэрхэн харж байгаа мөн монгол залуучууд өөрсдөө бүтээсэн шийдлийг сонирхлоо.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ: АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМИЙГ НЭГДСЭН БАЙДЛААР САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Дотоод орчны агаарын бохирдол бидний үр хүүхэд, гэр бүлийг аажмаар хөнөөж байгаа юм. Социализмын үед баталсан барилгын стандарттайгаа өнөөдөр хүртэл явж байна. Гэтэл техник технологи хөгжиж, өөр төрлийн барилгын материалууд бий болж байна. Тиймээс олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай. Импортын барилгын материалын 94 хувийг хортой эсэхийг шинжилдэггүй. Дотоод орчны агаарын чанар нь барилгын материал, зураг төслөөс хэрхэн хамаарах талаар судалгаа гаргах ёстой. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах, цаашид агааржуулалтын системдээ урсгал засвар, цэвэрлэгээг тогтмол хийх, шаардагдах төсвийг төсөвт тусгах хэрэгтэй. Ашиглалтад болон шинээр засвар хийсэн барилгуудад үнэлгээг тогтоож Европын холбооны ангилал зүйгээр ангилж зах зээлд нийлүүлэх шаардлагатай.

 

БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР Ш.ПҮРЭВСҮРЭН: ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН

 

-Хүйтэн орохоос айгаад цонхоо тас хаагаад өрхөө бүтээчих юм бол өрөө тасалгаанд нүүрсхүчлийн хий маш хурдан өсөж аажмаар хордлогод орж эхэлнэ. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн олон хүүхэдтэй ангид өдөржин хоригдсон хүүхдүүдийн байдал бүр гамшгийн хэмжээнд хүрдэг. Нүүрсхүчлийн хийн агууламж өндөртэй агаараар хүүхдүүд удаан хугацаанд амьсгалснаас биеийн эсэргүүцэл суларч, ханиад хатгаанаас эхлээд төрөл бүрийн өвчин ороож эхэлдэг. Тэд биднээс хоёр дахин хурдан амьсгалдаг тул нүүрсхүчлийн хийнд илүү хорддог.Айлууд янз бүрийн хямд халаагч шөнөжин ажиллуулж өөрсдийгөө хордуулж байна. Тиймээс утаа мэдрэгч, агаар шүүгч дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахад ямар ч нэмэргүй. 

 

МОНГОЛ ЗАЛУУСЫН БҮТЭЭСЭН ТӨХӨӨРӨМЖ БУЮУ “ЭС ЭЙ ЭС” ХХК ТӨСЛИЙН МЕНЕЖЕР Б.АМАРБАЯСГАЛАН: ДОТООД ОРЧНЫ АГААР СЭЛГЭЛТИЙГ ИННОВАЦ ШИНГЭСЭН ТЕХНОЛОГИОР ШИЙДВЭРЛЭСЭН

 

-Монгол залуусын санаачилгаар Улаанбаатар хотын цаг уур, нөхцөлд тохируулан дотоод орчны агаар сэлгэлтийг инновац шингэсэн технологиор шийдвэрлэсэн  “Smart air systems” төхөөрөмжийг бий болгосон. Төхөөрөмжид суурилдаг сэнсийг зохион бүтээснээр зөвхөн хүйтэнд биш дулааны улиралд өндөр үр дүнтэй ашиглах боломжтой болсон.Энэ төхөөрөмж нь гадна орчны бохирдолтой агаарыг шүүж, цэвэр агаараар дотоод орчны бохирдсон агаарыг сэлгэх үндсэн үүрэгтэй. Хамгийн гол нь барилга байгууламжийн үндсэн агааржуулалтын системийг дэмжиж, гадна болон дотоод агаарын даралт температур, чийгшлийн зөрүүг ашиглан, HEPA болон идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүрээр агаарыг бүрэн шүүдэг нь 24 цагийн турш тасалгааг цэвэр агаараар тасралтгүй жигд сэлгэх зориулалттай вакум цонхонд суурилагддаг төхөөрөмж юм. Төхөөрөмжийг нэг удаа суурилуулаад удаан хэрэглэж болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 219 (6951)

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу