ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ: Иргэдээс татан төвлөрүүлсэн 4.5 тэрбумын зарцуулалтандаа тайлбар хийж ёс зүйн, хариуцлага хүлээн үү С.Насанбат дарга аа


Улсын төсвийн зарцуулалтыг иргэд бид хангалттай сайн хянаж чадахгүй байгаа. Улсын төсөв битгий хэл орон нутгийн төсөв ч хэрхэн зарцуулагдаж, хэн нь ямар учиртай юун мөнгөгийг яаж зарцуулж байгааг ч мэдэхгүй сэтгэл амар явцгааж байна.
Гэхдээ огт хяналт тавьж чадахгүй байгаа гэж хэлэх нь өрөөсгөл. Учир мэдэх хүмүүс хууль бус, ашиг сонирхолын зөрчилтэй аливаа төсөв, мөнгөний зарцуулалтад хяналт тавьж, шат шатны байгууллагуудад хандаад явж байгаа тохиолдлууд олон. Гэвч энэ болгоныг бид мэдэхгүй, төсвийн хууль бус зарцуулалт дээр дуугарч байгаа хүмүүстээ дэм өгөөд, дэмжлэг үзүүлчихэж чаддаггүй.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбаттай холбоотой их хэмжээний мөнгөний асуудал сүүлийн үед идэвхтэй яригдах болсон байна. Гэхдээ одоогийн албан тушаал дээр байхдаа биш Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан 2016-2020 онд мань эр 4.5 тэрбум төгрөгийг иргэдээс татаж, эрх мэдлээ хэтрүүлэн, хууль бусаар зарцуулсан байж болзошгүй нөхцөл байдал бий болжээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн П.Баяраа нь Засаг дарга асан, одоогийн ИТХ-ын дарга С.Насанбат нь иргэдээс татварын бус аргаар 4,5 тэрбум төгрөг төвлөрүүлж, түүнийгээ “тусгай төлөөлөгч” томилж зарцуулсан явдал нь хууль бус, албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гэж үзэн Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газарт хандсан байдаг.
П.Баяраа: С.Насанбатын булхай, луйварын талаар би удаа дараа ярьж байна. Тэр хууль зөрчсөн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой
Дархан-Уул аймагт дахь Төрийн аудитын газар иргэн П.Баяраад 2022.09.09-ны өдөр 360 дугаар албан бичгээр ойлгомжгүй, бүрхэг, бөөрөнхийлсөн С.Насанбатын үйлдлийг хаацайлтсан хариултыг өгсөн байна. Тус газрын энэхүү хариуг эс зөвшөөрч Үндэсний аудитын газарт гомдол гаргасан бөгөөд ҮАГ-аас 2022.09.27-ны өдөр иргэний гомдол хариу өгчээ.
Хариундаа “… Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн 2020.04.16-нө өдрийн 04 дүгээр хуралдаанаар тус аймгийн Дархан сумын 9,10 дугаар багт баригдах амины орон сууцны 31 дүгээр хорооллын дэд бүтцийг угсрах ажлыг нэр бүхий иргэдээс “Дархан-Ус суваг” ХК-ийн дансанд мөнгө татан төвлөрүүлж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.8-д “Засаг даргын зөвлөл байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг нь батлах” гэж Засаг даргын бүрэн эрхийг зааж өгсөн байна.
Уг журмын 3.1-д “Хурлаар хуулийн дагуу аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, Засаг даргад хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гаргахад нь тусална” гэж зааснаас үзвэл Засаг даргын зөвлөлд “иргэдийн мөнгийг өөрийн дансанд төвлөрүүлж Дархан сумын 9, 10 дугаар багт баригдах амины орон сууцны дэд бүтцийг угсрах ажлын гүйцэгтгэгчийг шалгаруулах” талаар Дархан-Ус суваг ХК-д чиглэл өгөх, шийдвэр гаргах бүрэн эрх олгогдоогүй байна.
Мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргад иргэдийн мөнгийг орон нутгийн өмчит хувьцаат компанид байршуулж, тухайн компаниар дэд бүтцийн ажлыг хийлгүүлэх асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн гүйцэтгэгчийг шалгаруулах эрх олгоогүй байна” гэжээ.
Ямартай ч ҮАГ-аас С.Насанбатыг өөрт нь олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн байна гэдгийг батлаад өгч. Харин одоо түүний энэхүү хууль бус үйлдэл, хуулийн хүрээнд өөрт олгогдсон бүрэн эрхээсээ давсан эрх эдэлсэн үйлдэлд хэн хариуцлага нэхэх вэ? Өөрт олгогдсон эрхээс дээгүүр эрх эдэлдэг, дур зоргоороо авирлаж, иргэдийн хөрөнгө мөнгөнд хайр гамгүй хандсан энэ хүн одоо Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын албан тушаалд байгаа шүү дээ.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын зарим гишүүд ИТХ-ын дарга С.Насанбатын энэхүү үйлдэлдээ тайлбар өгч ёс зүйн хариуцлага хүлээх шаардлагыг удаа дараа тавьж байгаа аж. Харин ИТХ-ын дарга С.Насанбат энэхүү ёс зүйгүй үйлдлээ хаацайлаад өнгөрөөх сонирхолтой байгаа бололтой. Эрх баригч Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таны "Ёс зүй, хариуцлагын жил" гэж зарласан нь зүгээр нэг лоозон биш бол энэ хүндээ хариуцлага тооцох ёстой болов уу. Энэ удаад түүний толгойг илээд, аваад үлдвэл 2024 оны сонгуулийн жил Монгол Ардын нам Дархан-Уул аймгийн иргэдийн өмнө очих нүүргүй боллоо.
Төлөөлөгч Б.Батболд ИТХ-ын дарга С.Насанбатыг огцруулах шаардлага тавьж, С.Насанбат хариу тайлбар хийв
Ашиг сонирхолын зөрчил өндөртэй, албан тушаал авлигын хэрэгт нэр холбогдож явсан орон нутгийн мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхмүүдэд даруулга хэрэгтэй байна. С.Насанбат 2019 онд алтны лицензтэй нэр холбгдон АТГ-т шалгуулж байгаа тухай мэдээлэл ч цацагдаж байсан түүх цахимд хуудсанд хадгалаатай л байна. Холбогдох линк http://shilen.mn/3192 -ийг хавсаргав.
Үргэлжлэл бий. /С.Насанбат эрх мэдлээ хэрхэн урвуулсанг дараагийн дугаарт дэлгэрэнгүй хүргэх болно/
Холбогдох баримтууд мөн Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын хариу, Үндэсний аудитын газрын хариуг хавсаргав.
Х.Дуулим
Hardnews.mnскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан