Кето дэглэмийн давуу ба сул талууд

Кето дэглэмийн давуу ба сул талууд

 

Кето нь жингээ хурдан хасах хамгийн үр дүнтэй дэглэмээр тодроод буй.  “Lenta.ru” сайтаас мэргэжилтнүүдтэй хамтран кето системийн дагуу хооллож эхэлж буй хүмүүст зориулсан богино гарын авлагыг эмхэтгэж, энэхүү дэглэм нь тэдний хэлснээр үнэхээр сайн эсэх, хэнд тохирох, тохирохгүй, ямар хор хөнөөлтэй болохыг судалжээ.

 

Кето хоолны дэглэм гэж юу вэ?

 

Кето хоолны дэглэмд энергийг дараах байдлаар хуваарилдаг. Үүнд нүүрс ус нь өдөр тутмын хоолны илчлэгийн таван хувийг, уураг 20 хувийг, өөх тос 75 хувийг бүрдүүлнэ. Тус дэглэм 2017-2018 онд алдаршсан боловч анагаах ухаанд үүнээс ч эрт нэвтэрсэн ажээ. Анх 1921 онд “Майо” клиникийн эмч Рассел Уайлдер үүнийг санаачилж, кето хэмээн нэрлэжээ. Тэрбээр энэхүү дэглэмийг эпилепситэй хүүхдүүдэд үр дүнтэй эмчилгээ гэж тодорхойлсон байдаг. Таталтын эсрэг эмчилгээний хувьд энэ нь эпилепсийн эсрэг тусгай эмийг зохион бүтээх хүртэл бараг 10 жилийн турш ашиглагдаж байсан юм байна. "Эрүүл хооллолт" үндэсний судалгааны төвийн гүйцэтгэх захирал, зүрх судасны эмч Светлана Павличенкогийн хэлснээр кето хоолны дэглэмийн гол санаа нь нүүрс ус цочмог дутагдалтай үед бие махбодид кетозын төлөв байдлыг бий болгох явдал юм. Стрессийн горимд цусан дахь сахарын хэмжээ бага, өөрөөр хэлбэл эрчим хүчний гол эх үүсвэр болох глюкоз дутагдсанаас болж бие нь хоол хүнснээс хүлээн авсан, өмнө нь хуримтлагдсан өөх тосыг шатаж улмаар кетон биет болгон хувиргаж эхэлдэг. Цусан дахь эдгээр кетон биетүүд нь эргээд дотоод эрхтэн, булчин, тархины тэжээлийн өөр эх үүсвэр болж, улмаар биеэс шээсээр ялгарна. Бие нь кетоноос тэжээлээ хангалттай авдаг тул ихэнх кето хооллогчид илүү уян хатан, үр дүнтэй, эрч хүчтэй болдог гэдгийг тэмдэглэжээ. “Ихэнхдээ хүмүүс нүүрс ус багатай хоолны дэглэм баримтлах үед арьсны байдал сайжирч, хаван арилдаг” гэж доторын эмч Елена Тихомирова хэлэв.

 

Бие дэх кетозын шинж тэмдэг

 

"Нүүрс уснаас өөх тос руу шилжих нь бие махбодод тийм ч хялбар байдаггүй тул үүнийг жигд хийж, нөхцөл байдлыг сайтар хянаж байх хэрэгтэй. Ер нь кето дэглэмийн үед биеийн тамирын дасгал хөдөлгөөн их хийвэл хурдан дасан зохицож, гаж нөлөө бага байх болно” гэж С.Павличенко эмч тайлбарлав. Эхний өдрүүдэд кетозын төлөв байдалд жимсний эсвэл ацетоны эвгүй үнэр амнаас гарах, байнга шээх, маш их цангах, гэдэсний хямрал, цочромтгой байдал, ядрах, дотор муухайрах, толгой эргэх, гэнэт өлсөх, нойргүйдэх, турах зэрэг шинж тэмдэг дагалддаг. Хэрэв "Кето ханиад" гэж нэрлэдэг эдгээр шинж тэмдгүүд хоолны дэглэмийн гурав дахь долоо хоногийн эцэс гэхэд арилахгүй бол энэ хоол тэжээлийн систем нь танд тохиромжгүй тул татгалзах нь зүйтэй.Түүнчлэн кето хоолны дэглэмд шилжсэн эхний өдрүүдэд их хэмжээний ус ууж, хооллолтыг багасгах нь онцгой чухал гэж ерөнхий эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн Елена Тихомирова анхааруулжээ. Түүний хэлснээр, удаан хугацаагаар мацаг барих, шингэн алдах, хоолны дэглэм дэх өөх тосны хэмжээ ихсэх нь кетоацидозыг өдөөдөг аж. Дасан зохицсоны дараа ихэвчлэн хөнгөн, эрч хүчтэй, ухаан санаа сэргэг болж, сэтгэлийн байдал сайжирдаг.

 

Кето хоолны дэглэмийн төрлүүд

 

-Сонгодог дэглэм: Энэхүү дэглэм нь илчлэгийг хязгаарласан хоолны дэглэмээр тодорхойлогддог бөгөөд өдөр тутмын хэрэглээний 75 хувь нь өөх тос, 20 хувь нь уураг, таван хувь нь нүүрс ус байдаг.

-Өндөр уурагтай дэглэм: Энэ нь анхны хувилбараас зөвхөн хоолны дэглэм дэх шим тэжээлийн харьцаагаар ялгаатай. Өөх тос нь өдөр тутмын илчлэгийн 60 хувь, уураг 35 хувь, нүүрс ус таван хувиас ихгүй хэвээр байна.

-Зорилтот дэглэм: Ийм төрлийн дэглэмд дасгалын өмнө нүүрс ус хэрэглэж үр дүнг нь нэмэгдүүлнэ. Зорилтот кето хоолны дэглэм нь долоо хоногт гурван удаа биеийн тамирын заал руу явдаг хүмүүст биш, зөвхөн өндөр амжилт гаргадаг спортоор хичээллэдэг бодибилдингийн тамирчдад тохиромжтой гэж Е.Тихомирова онцлон тэмдэглэв.

-Циклийн дэглэм : Энэхүү дэглэм нь таван өдрийн турш кето хоолны дэглэм барьж, дараа нь цусанд глюкозыг нийлүүлдэг полисахарид болох гликогенийг нөхөх хангалттай хэмжээний нүүрс ус агуулсан хоолоор хоёр өдрийн турш хооллохоос бүрддэг. Одоогийн байдлаар кето хоолны дэглэмийн сонгодог болон уураг ихтэй хувилбаруудыг сайтар судалж байна.

 

Дэглэмийн үед юу идэж болох вэ

 

Кето хоолны дэглэмийн үндэс нь уураг, өөх тос ихтэй хоол хүнс юм. Өдөрт хэрэглэх нийт нүүрс усны хэмжээ 50 граммаас хэтрэхгүй байх ёстой.

-Өөх тос: Тахианы мах, стейк, гахайн мах, бекон.

-Тослог ихтэй загас, ялангуяа хулд загас, ямар ч далайн хоол.

-Шувуу: Цацагт хяруул, нугас, тахиа.

-Самар, үр, авокадо, өндөг.

-Ургамлын тос: Чидун, маалинган тос.

-Цөцгийн тос, гахайн өөх.

-Нүүрс ус багатай навчит, цардуулгүй ногоон ногоо: бууцай, байцаа, шанцай, брокколи, колраби, өргөст хэмх, цуккини

-Хязгаарлагдмал хэмжээгээр бүрэн тослог сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгий, зөөхий. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүн нүүрс усаар хэр баялаг эсэхийг анхаарах хэрэгтэй.

Кето хоолны дэглэмийн үед хориглосон хоол хүнс:

-Хүнсний ногоо: төмс, эрдэнэ шиш, хулуу.

-Гурилын бүтээгдэхүүн: бүх төрлийн талх, гоймон.

-Үр тариа, шош.

-Жимс, жимсгэнэ.

-Согтууруулах ундаа

-Амттан: чихэр, нарийн боов

 

Кето хоолны дэглэмийг хэнд зөвлөдөг вэ?

Кето хоолны дэглэм нь жингээ хурдан хасаж, хоолны дэглэмээ өөрчлөхийг хүсдэг харьцангуй эрүүл хүмүүст тохиромжтой гэж Е.Тихомирова тайлбарлав. Хоол тэжээлийн мэргэжилтний хэлснээр энэ дэглэм нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнийг эмчлэхэд үр дүнтэй болохыг баталсан. Нүүрс усыг эрс хязгаарласнаар өвчтөнүүдийн 95 хувь нь инсулины хамаарлыг бууруулж, цусан дахь глюкозын хэмжээ огцом нэмэгдэхээс сэргийлж чаддаг.Гэсэн хэдий ч нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчний хувьд кето хоолны дэглэмээс татгалзахыг зөвлөж байна. Энэ хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүд өөх тос ихтэй хоолны дэглэмийн дагуу хоолны дэглэмээ өөрчлөхөөс өмнө давуу болон сул талуудыг жинлэж, бүх нарийн зүйлийг эмчтэйгээ ярилцах хэрэгтэй. Инсулины хэмжээг зөв тооцоолохын тулд эмчийн өгсөн зөвлөмжийг чанд дагаж мөрдөх шаардлагатай аж.

 

Жингээ хасахын тулд заавал кетог сонгох ёстой юу?

 

Шинжээчдийн үзэж буйгаар энэ дэглэм нь санхүүгийн хувьд хамгийн үнэтэй дэглэмийн нэг юм. Сайн мах, чанартай ногоо, тусгай кето амттан нь таны татгалзсан төмс, улаан лооль, гоймонгоос хамаагүй үнэтэй. "Ерөнхийдөө кето хоолны дэглэмийн биед үзүүлэх ашиг тус, хор хөнөөлийн талаар шинжлэх ухаан хараахан эцсийн шийдвэр гаргаагүй байна. Энэ бол харьцангуй залуу хоолны дэглэм бөгөөд эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны үр нөлөөг үнэлэх хангалттай мэдээлэл байхгүй. Өнөөдөр кето хоолны дэглэм нь эрүүл мэндэд ноцтой эсрэг заалттай, гаж нөлөө бүхий хоёрдмол утгатай гэж эмч нар үзэж байна. Эмчтэйгээ зөвлөлдсөний дараа жингээ хасахын тулд үүнийг болгоомжтой сонгох хэрэгтэй" гэж С.Павличенко тайлбарлав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 157 (6889)

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан