АН-ын даргад горилогчдыг прокурор "цайруулж" өглөө

АН-ын даргад горилогчдыг прокурор "цайруулж" өглөө

 

Цагтаа Монголын улс төрийн хоёр баганын нэг явсан АН-ын байдал ойлгомжгүй хэвээр л байна.Үүнээс болоод УИХ дахь бүлэг нь утгаа алдсан. Ямар ч байсан бүх "юм"-аа хуваасан хоёр АН-ыг тус намаас нэр дэвшиж Төрийн тэргүүн болж байсан хоёр эрхэм толгойлж буй нь тодорхой болсон.
Нэг нь өөрийгөө намын даргад өргөмжилсөн. Нөгөөх нь "сүүдэр"-т суусаар байгаа юм.
Гэхдээ улс төрийн экспертүүд, ажиглагчдын хэлэх нь, олны дуудаж дадсанаар алсдаа Эрдэнийн хэмээх АН нь хууль ёсны болж магадгүй гэж байна. Тийм ч учраас энэ АН "фэн" олонтой. Улам нэмэгдсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2016, 2017 оноос хойш намаасаа дайжсан нөхдүүд Эрдэнийн АН-ыг бараадацгааж байна. Энэ сацуу тус АН-ын дарга хэн болох вэ гэдэг асуудал нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж эхэллээ. Угаасаа цөөн хэдэн хувилбар дээр ярьж буй аж.
Хамгийн түрүүнд Эрдэнийн АН-д эзэн суучихаад сүүдрээс нь босохгүй байгаа Ц.Элбэгдоржийг намын дарга, цаашлаад 2024 оны сонгуулийн дараа төрийн өндөр албан тушаалд зүтгэх амбийцтай байгаа тухай ярьж байна.
 
Бас "...С.Баярцогтыг намын дарга болох ёстой" гэсэн байр суурийг нөлөө бүхий гишүүд нь илэрхийлжээ. Дэмжлэг ч багагүй байгаа бололтой.
Та бүхэн санаж байвал "Зууны мэдээ" одоогоос сар орчмын өмнө нэгэн мэдээлэл хүргэсэн. Тухайн үед тохиосон билэгт сайн өдөр С.Баярцогтын хүүхэд хуримаа хийсэн байдаг. Хуримд төр, хуулийн байгууллагад томоохон алба хашиж байсан голдуу хүмүүс, одоо ажиллаж байгаа нэр бүхий эрхмүүд, том компанийн удирдлагууд,  зочилсон байна. Тэд улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэлээд ярилцаад, С.Баярцогт АН-ын дарга байвал дараагийн сонгуульд амжилттай оролцоно гэж үзэцгээсэн гэдэг.  Ингээд С.Баярцогтыг АН-ын даргад зүтгүүлэхээр тохирчээ. Ингэхдээ хууль, шүүхийн байгууллага дээр шалгагдаж буй С.Баярцогттой холбоотой хэргийг "зохицуулах" үүргийг шүүхийн удирдах албан тушаалтан, цагдаагийн дарга асан хоёр эрхэмд хариуцуулсан байна. Холбогдох зардлыг ч Монголын нөлөө бүхий нэгэн том компани шийдэхээр болжээ. Энэ хэрэгжжээ.
 
Нийслэлийн прокурорын газраас баяр наадмын өмнөхөн С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эх сурвалжийн мэдээллээр, "...Нийслэлийн прокурорын газар мөрдөх байгууллагын саналыг үндэслэж ийм шийдвэр гаргасан" гэж байна. Мөрдөх байгууллага гээд байгаа нь АТГ л даа.
 
Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар 2021 оны долоодугаар сарын 19-ний өдөр Б.Бямбасайхан, Д.Ганболд, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан.
 
Улмаар сар гаруйн дараа сулласан. С.Баярцогтыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард  буруутгаж ял оноохдоо, Засгийн газрын гишүүн, Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзсэн. Тэгээд 10 жил  хорих ял оноосон. Бас түүнээс дөрвөн тэрбум төгрөг,  гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргаж байв.
Харин Улсын дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 19-нд С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд С.Баярцогтын шийтгэлийг 4.8 жил болгож бууруулаад байв. Эдгээр мэдээллээс харвал АТГ, Нийслэлийн прокурорын газрынхан таван жил, түүнээс ч илүү хугацаагаар мөрдөн шалгаж тогтоосон дүгнэлт, бүрдүүлсэн нотлох баримтуудаасаа ийн татгалзсан байна.
 
Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноос ердөө нэг, хоёр хоногийн дараа Ц.Элбэгдоржийн гэх хэргийг бас хэрэгсэхгүй болгож шийджээ. Ц.Элбэгдорж 2021 оны арванхоёрдугаар сарын 14-нд Улсын ерөнхий прокурорт хүсэлт илгээж байсан юм. Түүндээ "... “Эй Эс Юу” гэх дунд сургуулийн 10 хувийн хувьцааг эзэмших болсон үйлдлийг хууль зөрчсөн, авлига авсан гэсэн", "...“Эрдэнэт” үйлдвэр болон “МонРосцветмет” нэгтгэлийн Оросын талын 49 хувийг Монгол улсад авч ирсэн гэх үйлдэлд намайг буруутгалаа" гээд тайлбар бичиж, хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан байдаг. Уг хэргийг мөн л таван жил орчим шалгасан.
 
Баяр наадмын өмнөхөн прокурорын байгууллага дээрх шийдвэрүүдийг гаргалаа.
 
Улс төрийн намын дарга болоход эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, ял шийтгэгдсэн эсэх нь хамаатай үгүйг тухайн намын дүрмээр шийднэ. Гэхдээ С.Баярцогт, Ц.Элбэгдорж нарт хэргийг нь хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэр эрх зүйн хувьд гэхээсээ үүнээс "зүүгдэж" намын гишүүдийнхээ дэмжлэгийг авахад нь хэрэг болно. Тэд ингэхийгээ хэнээр ч заалгахгүй. Ер нь бол Нийслэлийн прокурорын прокурорын газраас баяр наадмын өмнөхөн АН-ын даргад горилогчдыг амжилттай "цайруулж" өглөө гэсэн үг.
 
 
Б.ДАМДИН-ОЧИР
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан