2021 оны эдийн засгийн бодлого БАЙГАА ОНОСОН УУ?



Монгол Улсын эдийн засаг 2021 оны жилийн эцэст 1.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Гол судалгааны байгууллагууд өсөлтийг 4.5-5.2 хувь байхаар тооцоолж байсан ч  эдийн засгийн идэвхжил ийнхүү сул байв. Үүнтэй зэрэгцээд инфляц 2 оронтой тоонд хүрч өссөн нь эдийн засгийн идэвхжил сул үед ховор үзэгдэл болов. Ийм нөхцөлд өсөлт чухал уу, үнэ чухал уу гэдэг салаа замын уулзвар дээр Төв банк ямар бодлого хэрэгжүүлэх нь зөв байв гэдэг асуулт урган гарна.

1. Эмзэг өсөлт
2020 онд цар тахлын нөлөөгөөр 4.6% агшсан эдийн засагт хэдийгээр сэргэлт бий болсон ч өсөлтийн задаргаанаас харахад салбаруудын байдал эмзэг хэвээр байна. Уул уурхай, эрчим хүч, худалдаа, үйлчилгээний зарим салбарууд даруухан өсөлт үзүүлжээ. Харин бусад салбар агшилттай байсан нь бизнесийн орчин хүнд, компани аж ахуйн нэгжүүдэд сорилтын жил болсныг илтгэнэ.
Иргэдийн хувьд ч санхүүгийн байдал нь дарамттай жил байсныг ДНБ-ий зардал талын задаргаа харуулна. Хэдийгээр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, цахилгаан, дулааны төлбөрийг хөнгөлж, хүүхдийн мөнгө зэрэг олон төрлийн халамж тэтгэмж нэмэгдсэн ч өрхийн хэрэглээ 6.6% бууралттай байжээ. Ажилгүйдлийн түвшин өндөр, хөдөлмөрийн зах зээл тааруу хэвээр байсан нь хэрэглээнд сөргөөр нөлөөлөх том хүчин зүйл байв.
Иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүд ийнхүү том эрсдэл учруулсан цар тахлын сорилтын ийм үед төрөөс эдийн засгийг дэмжих багц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээгүй байсан бол эдийн засаг илүү хүндрэх байсан нь ойлгомжтой. Ийм л үед бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлж, эдийн засгийг сэргээх нь макро бодлого тодорхойлогчдын гол анхаарах зүйл байх ёстой.

2. Өндөр үнэ
Бизнесийн идэвхжил сул, өрхийн санхүү эмзэг ийм үед олон улсад нийтлэг ажиглагдаж буй инфляцын эрчимжилт Монголын эдийн засгийг ч тойрсонгүй, томоохон сорилт боллоо. Инфляц 2021 оны дунд үеэс нэмэгдэн оны эцэст 2 оронтой тоонд хүрч, 2022 оны эхний саруудад өндөр байх хүлээлттэй байна. Инфляцыг хязгаарлахын тулд мөнгөний бодлогыг чангаруулах, эдийн засгийг дэмжсэн бодлогуудыг хумих шаардлагатай гэх шүүмжлэл ч цөөнгүй байв.
Угтаа импортын эдийн засагтай манай орны хувьд гадаад зах зээл дээрх үнийн өсөлт дээр хилийн  түгжрэл, тээврийн гацаа нийлснээр хэрэглээний үнэ өрхийн төсөвт шууд дарамт үзүүлж буй. Өрхийн өргөн хэрэглээний 370 гаруй бүтээгдэхүүний 200 орчмыг нь гаднаас импортлодог нь эдийн засгийн маань онцлог, сул тал юм. Иймд нэгэнт дэлхий даяар өсч байгаа бензин, хүнс зэрэг бүтээгдэхүүний үнийг Монголбанк ч, Засгийн газар ч зогсоох аргагүй нь ойлгомжтой.

3. Бодлого
Зах зээлийн эдийн засагт үнэ чөлөөтэй хэлбэлздэг тул эдийн засгийн орчин, нөхцөл байдлаас хамаараад инфляц өсөх эсвэл буурах үзэгдэл тогтмол ажиглагддаг. Инфляцыг онилох мөнгөний бодлого хэрэгжүүлдэг улс орнуудад үнийн түвшний энэхүү хэлбэлзлийг хэрхэн тогтвортой хадгалах, инфляцыг тодорхой зорилтот түвшинд тогтворжуулах нь төв банкуудын гол ажил юм. Монголын хувьд, уул уурхайд суурилсан савалгаа өндөртэй эдийн засгийн бүтэц болон дэд бүтцийн сул хөгжил, эрс тэрс цаг уурын онцлогоос хамаараад үнийн хэлбэлзэл ойролцоо хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад ч өндөр байсаар иржээ. 

Монголбанкнаас “Эдийн засгийн өсөлт эмзэг, жигд бус хэвээр байгаа, өрхийн хэрэглээ сэргээгүй үед бодлогын хүүг өсгөх нь эрсдэлтэй” гэдэг тайлбарыг хийж ирсэн. Энэ нь инфляцыг хараад зүгээр суусан хэрэг бус, харин эдийн засгийн сэргэлтийг мөнгөний бодлогоор аль болох удаан хугацаанд үргэлжлүүлэн дэмжих бодлого хэмээн эдийн засагчид дүгнэдэг. Өөрөөр хэлбэл өрхийн санхүү сайжрах боломжийг бий болгох, улмаар хэрэглэгчдийн нуруун дээр шууд бууж байгаа гадаад зах зээлээс орж ирэх үнийн өсөлтийн дарамтыг зөөллөх арга зам юм. Харин хатуу хөл хорио, бизнесийн орчны тодорхой бус байдал, вирусын хэд хэдэн давалгаа, экспортын тээврийн саатал зэрэг олон сорилт тулгарахад мөнгөний хатуу бодлого баримталсан бол 2021 оныг 1.4%-ийн өсөлт бус, харин зээлийн өндөр хүү, гүнзгий эдийн засгийн уналттай үдэх байв. ДНБ-ий өсөлт даруухан өнгөрсөн онд эдийн засгийн халалтаас үүдэлтэй инфляц үүссэн гэж дүгнэх аргагүй. Иймд мөнгөний бодлогоор тохиргоо хийгээгүй нь Төв банкны шийдвэр оновчтой шийдвэр байсан гэж дүгнэж болох юм.  
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан