Засгийн газар махны үнийн өсөлтийн өмнө бууж өглөө

-Цахилгааны үнэ нэмэгдсэн нь инфляцыг хөөрөгдөв -
Мөнгөний бодлогын ирэх оны төслийг хэдхэн долоо хоногийн дараа төв банк УИХ-д өргөн мэдүүлнэ. Инфляцын ээлжит шинэ зорилт энэ үед тов тодорхой болно. Өнгөрсөн жилийн мөн өдийд хэрэглээний үнийн индекс буюу инфляцыг найман хувиар зураглаж байлаа. Төрийн мөнгөний бодлогыг тодорхойлогч байгууллага нь 2016 оноос хойш инфляцын төлөв байдлыг нэг оронтой тоонд буюу найман хувь дээр тогтоон барих гэж оролдож буй. Тэгвэл энэ жилийн хувьд мах, хүнсний ногооны үнээс шалтгаалан инфляц өнгөрсөн сарын байдлаар 8.9 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Төв банкны зорилтоос инфляц давжээ. Засгийн газар, төв банк үнийн өсөлтийн өмнө, тэр тусмаа махны үнийн өсөлтийн өмнө бууж өглөө. Үүнийг инфляцын шинэ үзүүлэлт гэрчилж байна.
Эдийн засгийн эрүүл мэндийг илтгэх хэдхэн статистик бий. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, төсөв, хөдөлмөрийн зах зээл, хэрэглээний үнийн индекс голчлон үүнд багтана. Он гарснаас хойш инфляц ялимгүй өссөөр өнөөдрийн дээрх түвшинд ирээд байна. Хөдөө аж ахуйд суурилсан эдийн засаг бүхий мал аж ахуйн орон атлаа махны үнэ инфляц хөөрөгдөх үндсэн шалтгаан болов. Засгийн газар махны үнийн өсөлтийг харж, тусгай ажиллагаа явуулахаас хэтэрсэнгүй. Харин ч энэ нь нөхцөл байдлыг улам дордуулав.
 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Мах чухамдаа хүнсний стратегийн бүтээгдэхүүн. Гэтэл махны нийлүүлэлтийг Засгийн газар зөнд нь орхиж, 66.4 сая толгой мал сүрэгтэй Монгол Улс махны хомсдолд орж байна. Махны хомсдол эдийн засагт үнийн өсөлт болж, өрхүүд махаа граммаар авахад хүрлээ. Оройн хоол махны орцгүй бол тэр хоол биш гэж манайхан үздэг. Байгаль цаг уурын эрс тэс хатуу ширүүн энэ уур амьсгал хүнийг мах идэхээс аргагүй болгодог. Гэтэл хахир хатуу цаг наашилж, сэрүү унахтай зэрэгцэн махны үнэ инфляцын өсөлтийн гуравны нэг буюу 30 гаруй хувийг дангаар бүрдүүлж эхэллээ. Инфляц өндөр байх хэрээр өрхийн төсөв хүндэрнэ гэсэн үг. Өнөөдрийн махны үнийн өсөлт Засгийн газар огцрох хэмжээний ноцтой асуудал угтаа мөн. Нэг сайд явах бус нийтээрээ “зайлах” хангалттай шалтаг, шалтгаан.
Улсын хэмжээнд инфляц 8.9 хувиар өсөхөд мах, махан бүтээгдэхүүн, цахилгаан болон хийн түлшний нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Татвар нэмэхгүй гэж 2016 оны сонгуулиар амлаж байсан Засгийн газар хэлсэн үгнээсээ буцсан. Харин өнөөдөр өрхийн суурь зардал болдог цахилгааны үнийг засаг нэмснээр махны үнэтэй хоршин эдийн засагт инфляцын дайн өдөөж эхэллээ. Ундаа,  хувцас, бөс бараа, гутал, усны үнэ инфляцын өсөлтийг мөн дэмжжээ. Иргэд нь үнийн өсөлтөд дарлуулж байхад юун шударга ёс ярих билээ, Ерөнхий сайд аа. Засгийн газрын тэргүүний тэмцэх ажлын нэг нь шударга бус үнийн өсөлт. Дэлхийн улс орнуудын Ерөнхий сайд нарын гол анхаарч үздэг зүйл нь үнийн өсөлт, ажилгүйдэл. Үүгээр тухайн Засгийн газрын чадал чансаа, хэр ажилласан эсэхийг нь ард түмэн дүгнэж цэгнэдэг. Өнөөдрийн малын мах болон цахилгааны үнийн өсөлтөөр бол Ерөнхий сайд ажлаа муу хийсэн болж таарч байна. Өдөр хоногоо арай гэж аргалж, хоёр идэхгүй, хоосон хонохгүй хэмээн хичээж яваа дундаж давхаргын хувьд инфляц 8.9 хувь болж, мах, цахилгааны үнэ огцом нэмэгдсэн нь жинхэнэ шударга бус санагдаж байна. Дундаж цалин, орлого нэмэгдсэн үү, үгүй. Харин авлига энэ улс оронд нэмэгдэж, төрд гарсан бүхэн шалтгаангүй баяжиж, жилийн дотор төрөл арилжих нь утгагүй байна.

Эх сурвалж: Info5.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан