Худалдаа, үйлчилгээний цагийн хуваарьт ӨӨРЧЛӨЛТ орууллаа


Цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.
Тодруулбал, А/176 тоот захирамжаар нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Харин А/177 тоот захирамжаар худалдаа, үйлчилгээний зарим байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм.
Энэхүү шийдвэрийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал болж, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал нар оролцлоо.
Нийслэлийн Засаг даргын А/176 тоот захирамж гарснаар “Цагийн хязгаар тогтоох тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 28-ны өдрийн А/504 дүгээр захирамжийн хоёрдугаар зүйл хүчингүй болж байгаа аж. 
 

Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргаас бизнес эрхлэгчдээ дэмжих, хүнд суртал, чирэгдэл бий болгож байгаа төрийн үйлчилгээг таслан зогсоох шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байгаа. Өчигдөр гаргасан захирамж бол үүний нэг. Шийдвэр гаргахын өмнө холбогдох тооцоо, судалгааг хийсэн. Архидан согтууруулахтай тэмцэх бодлогыг хориглосноос илүү зохистой хэрэглээг дэмжих, соён гэгээрүүлэх бодлогыг баримтлах нь зөв зүйтэй юм. Олон улсын жишиг судалгаанаас харахад согтууруулах ундааны худалдааг хориглосноор амжилт гарсан түүх байхгүй. Согтууруулах ундааг худалдахыг хориглосноор дамын наймаа, хууль бус худалдааг өөгшүүлээд зогсохгүй, ахуйн хүрээний архидалт, хяналтгүй нөхцөл байдал руу түлхэж байсныг олон судалгаа харуулсан. Энэ бүхнээс үүдэн Нийслэлийн Засаг даргын А/176 тоот захирамж гарсан” гэлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагаас 2-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаандаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллах хэрэгтэй юм.  
Зарим худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
Нийслэлийн Засаг даргын А/177 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. 
Энэхүү цагийн хуваарийн өөрчлөлттэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Бүх үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээр хэвийн горимд шилжсэн. Гэвч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Хэвийн цагийн хуваарьт шилжиж байгаа нь цаашид цаг хэтрүүлсэн гэдэг юм уу янз бүрийн байдлаар аж ахуйн нэгжүүдийг торгож, хүндрэл учруулдаггүй болно гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд тогтоосон цагийн хуваарь, стандартаа мөрдөж ажиллах ёстой. Хэвийн мөрдөж ажилласан тохиолдолд ямар нэгэн дарам шахалт байхгүй" гэв. 
 

Харин ая тухтай дэлгүүрийн үйлчилгээний талаар иргэдийн дундах ойлголтыг тодотгох үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал:
-Жижиглэн худалдааны стандартыг 2019 онд шинэчилсэн. Энэхүү стандартад ая тухтай дэлгүүрийн стандартыг багтаасан байдаг. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 283 ая тухтай дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Ая тухтай дэлгүүрийг иргэд CU болон  GS-25 дэлгүүрийн хэмжээнд ойлгодог. Тэгвэл үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүд болох “Сансар”, “Номин”, “Миний дэлгүүр”-үүд ая тухтай дэлгүүрийн стандартыг нэвтрүүлсэн. Ая тухтай дэлгүүрийн стандартыг хангасан аль ч дэлгүүр өөрийн ажлын байрандаа 24 цагийн үйлчилгээ үзүүлэх боломжтой" хэмээн тайлбарлалаа. 

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЦАГИЙН ХЯЗГААР
Худалдаа, үйлчилгээний төрөл
Ажиллах цагийн хязгаар
1
Хүнсний худалдаа
00:00
2
Ресторан (зориулалтын байртай)
05:00
З
Баар (зориулалтын байртай)
05:00
4
Кафе (зориулалтын байртай)
05:00
5
Ресторан (нийтийн орон сууцанд байрладаг)
00:00
6
Баар (нийтийн орон сууцанд байрладаг)
00:00
7
Кафе (нийтийн орон сууцанд байрладаг)
00:00
Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газар өглөөний 07:00 цагаас хойш үйл ажиллагаагаа эхэлнэ.
 
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЗАРИМ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХЯЗГААР
Худалдаа үйлчилгээний төрөл
Эхлэх цаг (боломжтой)
Хаах цаг
1
Түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газар
Зориулалтын байртай
24 цагаар ажиллах боломжтой
Нийтийн орон сууцанд байрладаг
06:00
00:00
2
Ая тухтай дэлгүүр
Зориулалтын байртай
24 цагаар ажиллах боломжтой
Нийтийн орон сууцанд байрладаг
06:00
00:00
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан