Португалд дарга нар ажлын бус цагаар ажилтан руугаа залгахыг хуулиар хоригложээ


Дарга нар амралтын өдрөөр ч гэсэн бусдыг ажлаа үргэлжлүүлэхийг шаардаж, ажилтнуудаа дуудан ирүүлж, илүү цагаар ажиллуулах явдал ямар ч байгууллагад хэвийн үзэгдэл байдаг. Тэгвэл Португал улсад энэ нь хууль бус үйлдэлд тооцогдох болжээ. Тодруулбал аливаа байгууллагын удирдлагууд, ажил олгогчид, дээд албан тушаалтнуудыг ажлын бус цагаар ажилтнуудтайгаа утсаар, мессежээр, мэйлээр холбогдохыг хориглосон хуулийг тус улсын парламент саяхан баталсан байна.
"Ажил олгогч ажилтнуудынхаа хувийн асуудлыг амралтын өдөр, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх хугацаанд нь хүндэтгэж үзэх ёстой" хэмээн тус шинэ хуулинд заасан байна. Хэрэв зөрчсөн тохиолдолд үүнийг "хүнд зөрчил" гэж тооцож, торгуулийн арга хэмжээ авах болохыг дурджээ.

Энэхүү хууль нь Португалийн хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь гэрээсээ ажиллах боломжийг зохицуулсан цогц бодлогын нэгэн хэсэг аж. Тухайлбал ажилтнууд өөрийн хүслээр зайнаас ажиллах зарчимд шилжиж, хуваарийг ажил олгогчтой тохиролцон шийдвэрлэх эрхтэй болсон байна.
Мөн ажилтнууд зайнаас ажиллахад хэрэг болох технологи, тоног төхөөрөмжийг ажил олгогчид нь хангаж өгөх ёстой болжээ. Мөн цахилгаан, интернетийн төлбөр нэмэгдэх гэх мэт гэрээсээ ажиллахад гарч болох нэмэлт зардлыг ажил олгогч хариуцах гэнэ.

Дээрх хуулийг Португалийн парламент өнгөрсөн баасан гарагт баталж, дараа өдрөөс нь шууд хэрэгжүүлж эхэлжээ.
Тус орон сүүлийн 6 жилийн турш ерөнхий сайд Антонио Коштагийн толгойлсон социалист үзэл баримтлал бүхий засгийн газраар удирдуулж байгаа аж.

https://www.caak.mn/view/8288886/
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан