ХҮМҮҮС өнөө өдөр АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИРЫН ДУРСГАЛД



Эрхэм дүүг ойрын хэдэн хоног ямар их үгүйлнэ вэ? Монголын зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байна. Яахав их айлын гал голомт юм болохоор инерцээрээ явж байх шиг байна. Нийт зохиолчид, уншигчдыг хамарсан өргөн далайцтай шинэлэг содон зүйл алга. Ерэн жилийн ойн “Болор цом”-ыг нийслэлд хийнэ гэж байсан чиний хүсэл биелэсэнгүй. Хийж эхлүүлж байсан зүйлс чинь энэ мэтээр “үүрэг гүйцэтгэгч” маягийн л юм болж хувирлаа. Гэхдээ яахав олны дүйвээнд болж байна, бүтэж байна гээд л аман бэлгэшээлээр ихэнх нь гүйж явна. Дүү хүү чи минь байсан бол МЗЭ-ийн 90 жилийн ой арай л амьтай голтой, аятай тавтай, нүнжиг дүүрэн болох байсан байх. Тиймээс энэ өдрүүдэд хэн хүнгүй чамайг үгүйлэн санаж байна.
Говьсүмбэр аймагт “Болор цом-36” наадам боллоо. Бодвол УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санал санаачлага, санхүүжүүлэлт голлосон биз. Түүнийг сонгуулийн тойрогтоо шоу хийлээ гэх нь байна. Гэвч МЗЭ-ийн өнөөгийн удирдлагад санхүүжилт босгох чадамжтай нь үгүй тул тулсан үед андынхаа төлөө ингэхээс өөр гарц байгаагүй байх. Энэ ч бас сэтгэл. Ер нь тухайлан зарлаагүй болохоос “Болор цом-36” яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын дурсгалд зориулсан наадам болж өнгөрлөө. Чухам энд л сэтгэл ханав.
“Болор цом-36” наадамд Бидэрийн Баярсайхан, Баатарын Энхтөр, Дугаржавын Гансүрэн нар Арлааны Эрдэнэ-Очирт зориулсан шүлэг уншив. “Нэг уяаны морьд нэгнээ дагаж давхина гэж Арлааны Эрдэнэ-Очир үргэлж л андгай тавих шиг хэлдэг байлаа” гэж Б.Баярсайханы шүлэг эхэлж Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Баттөрийн Мягмаржав гээд үргэлжилж байна. “Уянга найргийн тэнгэрээс андууд минь харваж уушиг зүрхийг минь сум шиг сийчэж байна...Явж одохдоо хүртэл, хальж одохдоо хүртэл ямагт гийгүүлсээр, лаа шиг гэрэлтсээр...” гэж тэр харуусч байна. Б.Энхтөр “Дорно бүлээн оршихуй” шүлгээ “Зүрхний дотно анд Арлааны Эрдэнэ-Очирт” зориулж “хөх утаатай аргалын дөлөндөө номон эрчлээтэй босоо бичгийнхээ суман бийрт соёмбот үсгэнээ нуугдаж бичсэн бясалгалд дорно бүлээн оршном” хэмээсэн бол Д.Гансүрэн “амар болоочдын цуваа л гараа өргөмөөр олон тохиож байна” гэсэн билээ. Үнэхээр үхлийн сэжигт манан авъяастнуудыг нэвсийтэл дарж байна.
“Болор цом-36” наадамд Базарсадын Баттулга, Оюунцэцэгийн Цэнд-Аюуш хоёр тэргүүн байрын төлөө өрсөлдсөн. Бидэрийн Баярсайхан дундуур шургасан нь харин эргэлзээтэй. Хэдэн жилийн өмнө “Болор цом”-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ” шүүмж бичиж Б.Баттулгыг хурцалж байснаа санаж байна. Тиймээс түүнийг “Болор цом”-ын эзэн болтлоо өссөнд судлаачийн хувьд талархаж байна. Тэрбээр “Болор цом” тэмцээний өмнө Замын-Үүдэд ярилцлага өгчээ. Түүндээ “12-р сарын дундуураас эхлээд би өглөө босох болгондоо үхэж байна гэж зүүдлээд “Үхлийн сэрүүлэг хангинахаас өмнө” гэдэг бүлэг шүлэг бичсэн. Нэг л өглөө босоод ирэхэд тэр бодол алга болчихсон” гэсэн байна. Шүлэг бол дом шившлэгийн ид шидтэй сэтгэлийн тарни. Тиймээс нүүрлэж болох чөтгөрийн адыг төөрүүлчихэж. Үхэл бол “тэрлэгээ тайлах шиг тавиланг аргадаж тайтгаруулсаар одох” “тэнгэрийн гэрэлт хаалга” мөн боловч “нарны галтай бийрээр хайр тэрлэж үлдээх” “мөнгөн шөнө” юм.
“Болор цом-36” наадмыг магнайлсан Б.Баттулгын “Гүн ухааны сүлжээ бодролууд” дахь “Мөнгөн шөнөөр” шүлэг үхлийн гэхээс илүү үйл тавилангийн тухай туурвил юм. “Зөнгийн бүрээ хангинан...одож байгаагаа мэдрэх ямархан бол гэж санахлаар” гэсэн мөрийг сонсоод Арлааны Эрдэнэ-Очирыгоо “өнгө бүхнийг багтаасан цагаан зурвасыг дагаад” одсон тэр зүг рүү өөрийн эрхгүй саравчлав. “Тэр гайт өдөр хэн түүнийг хорт идээгээр шахамдуулж, ариг гамыг нь алдагдуулж үхэлд хүргэв. Тавилангаараа, зөнгөөрөө бол яая гэхэв” гэх харуусал дахин сэдрэв. 
А.Эрдэнэ-Очирыг бурхан болоход монголчууд үнэхээр цочирдож эмгэнэсэн. Тэр эмгэнэл ер бусын байсан. Чин сэтгэлийн харуусал гэгч тэр байх. Хамгийн их эш татагдсан шүлэг нь түүний 19 жилийн өмнө бичсэн “Аялагхан залуу нас минь” байлаа.
АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
Ханилсан нөхрөө би 
Халтирахад нь түлхэж явсангүй 
Амьтны урдуур орж 
Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй 
Аяа, миний аялагхан залуу нас минь
Жаргах цагтаа наргиж, зовох цагтаа гуниж явнаа 
Жамт хорвоогоос харин нуугдах газар эрж байсангүй 
Жавар салхинаас бусдыг нөмөрлөх сэтгэлтэй явж 
Жаахан чамайгаа уйлахад нулимсыг чинь арчиж байснаас, амталж явсангүй
Дарсны хатууд халамцаж, хүүхний сайханд дурлаж байснаас 
Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй 
Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж 
Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүй
Аар саархан зовлон зүрх тархийг идэж 
Алдар хүндийн золионд бусдын үхэхийг үзэж 
Амьтны үрийг өрөвдөж өр цээжээ барсаар 
Амьд явахад шаналан шиг хүнд ачаа үзсэнгүй ээ.
Энэ шүлэг түүний буй төрхийг зурагласан хүн чанарын дуулал байсан юм. Тэр ийм л хүн байсан, түүгээрээ мөнхөрлөө. Хайран чиг аялагхан залуу нас, хайран чиг идэрхэн авъяас. Хүмүүс түүний “Ижийгээ амьдад үхэж болохгүй” шүлгийг эргэн эргэн уншиж эш татаж байлаа.
“Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам
Энэ миний хувьхан заяаны зам аа
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижийгээ амьдад үхэж болохгүй 
Ижий минь цээжиндээ наргүй болно 
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад 
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно”
Тэр амьдралын төлөө ингэж тэмцэж байлаа. Тэр үхээгүй, тэр “ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж, эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам”-аар “хагацлын гунигт донсолсон донхол” дундуур хаа нэгтээ явж л байгаа.
Хүмүүс түүний “Маргаашийн хорвоо”, “Голын тохой дээр”, “Санамсаргүй”, “Тунгалаг тэнгэрийн дор”, “Аз жаргалтай хүн” зэрэг олон шүлгээс нь эшилж эмгэнэж байлаа. Ийм хүнд цаг үед эш татагдсан шүлэг бол аманд, сэтгэлд ойрхон шилдэг туурвилууд байж таарна. Тэр бүхэн нь түүний цуглуулсан хорвоо. Тэр “маргаашийн хорвоо өнөөдөр зүүдний цагаан манантай”, “амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь”, “санамсаргүйгээр нүүдэл хөсгийн бараа гүвээн дээр гарч ирэх нь алс цагийн удиртгалтай”, “салхитай хамт чиний зүг сэтгэл урссанаа зогсосхийгээд сайхан юм аа, энэ үдшийн тунгалаг тэнгэр дор”, “аягалаад барьсан цайг амсахад дуу амтагдана. Чамайгаа улам хайрлана. Амраг чамдаа хайртай, аз жаргалтай хүн юм, би” гэж бичиж байлаа.
Яруу найрагчид, элэг нэгт хүмүүс түүнд зориулж шүлэг бичиж гэгээн сэтгэгдэл, дурсамж дуртгал бадрааж байлаа. Д.Дашдондов, Ganbaatar Gombo, Ganchimeg Jalbuu, Ган-Эрдэнэ Ганаа, Сүхбат Намсрайжав, Munkhjargal Muujig, Erdere Hatagin, Munktur D Khalh Choinkhor зэрэг бараг найрагч бүхэн түүнд зориулж шүлэг бичив. Г.Мэнд-Ооёо, Х.Сүглэгмаа, Ariun Ari, Nergui Gombo-Ochir, Enkh Taivan, Харнууд Дугаржав Гансүрэн, Mugi Ooyo Munkhnaran, Nanzad Munkhnaran, Leetiv Namdag Janchivin зэрэг хэдэн зуун хүн эмгэнэлт сэтгэгдэл бичив. Монголчууд төдийгүй гадаадын уран бүтээлчид тухайлбал Monigue Pineda, Blanca Formosa, Julio Cesar Pavanetti Gutierrez, Antonio G Della Rocca, Haim Dotan, Mavi Marguez Alcalde, Aminur Rahman, Ana Edith Teguextle Pague, Rokiah Hashim, Matia Eugenia Soberanis, Janina Joanna Osewska, Sreedharan Parokode, Turczi Istvan зэрэг яруу найрагчид цахим хуудаснаа эмгэнэл илэрхийлж байлаа.
А.Эрдэнэ-Очир бол монголын төдийгүй дэлхийн яруу найрагч байлаа. Дэлхийн яруу найрагчдын 26, 37 дугаар Их хурал монголд болоход хамгийн идэвхтэй оролцсон яруу найрагчдын нэг нь тэр. Дэлхийн яруу найрагчдын 35 дугаар Их хурал Тайваньд болоход А.Эрдэнэ-Очир шүлгээ уншиж, Дэлхийн урлаг, соёлын академийн “Шилдэг яруу найргийн төлөө” алтан медалиар шагнуулахад нь хамт байх завшаан надад тохиож байсан. Түүнийг шүлгээ уншихад гадаадын яруу найрагчид шимтэн сонсч монгол хэлний яруу сонсголонг гайхан биширч, монголын яруу найраг эх дэлхийд ямархан ойр, сэтгэл зөөллөх зүрхэн уянгатай, төгс төгөлдөрийг шагшин магтаж байхыг сонсч явлаа.
А.Эрдэнэ-Очирын тухай нулимст дурсамж тэр үед олон нийтлэгдсэн. Яруу найрагч Л.Батцэнгэлийн “Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй гэж алиа хонгор анд минь яах гэж хэлээ юм бол доо” дурсамж зүрхнийх байсан. Тэр дурсамж “Чамайг “хайрт ах минь, гэрэлт анд минь, гэгээн дүү минь...” гэх уярал хайллын үгс цахимаар дүүрэн байна. Үнэн л дээ. Чи тэнгэрт дэвшихээсээ ч өмнө тийм л хүндлэлийн сэнтийд заларсан хүн. Чи аж төрлийн биш юм аа гэхэд авьяас билгийн жинхэнэ хаан байсан шүү дээ. Энэ хорвоод ирсэн хүн бүхэн ийм өв тэгш үнэн сэтгэлийн үгэн өлгийд хөлбөрч буцдаггүй юм” гэж эхэлж байна. Х.Өлзийбаярын “Эрдэнэ-Очир минь үгүйлэгдэнэ дээ, үгүйлэгдэнэ” дурсамж “Эрдэнэ-Очир маань “Шар талын салхи” шүлэгтээ “Хаан Лигдэнг төгсөхөд ...уулс намсах шиг болсон юм аа” гэсэн нь бий. Энэ өдөр үнэхээр зүмбэр уулс намсах шиг, зэрэглээт тал минь хоосрох шиг л байна санж. Өөрийн нь “Үгүйлэгдэх...” гэсэн шиг үгүйлэгдэнэ дээ, монгол улсдаа, говь сайхан нутагтаа, монголын яруу найрагт, гэр бүл үр хүүхэддээ, эгэл нэгэн заяанд, энгүүн сайхан нөхөддөө үгүйлэгдэнэ ээ, үгүйлэгдэнэ” гэж төгсч байна. Яруу найрагч Б.Баттулгын “эхлэл нь замхравч төгсгөл нь эхэлдэг орчлон”-нд “Мөнгөн шөнөөр” “хорвоо дээр нэг л оньсого нууц хэвээрээ үлдэнэ” гэдэг үнэн байна.
А.Эрдэнэ-Очир “би өөрөө, бичиж байгаа шүлэг минь, зан араншин минь хүртэл өөрийнхөөрөө л байх дуртай” гэж ярьдаг, ярьсан шигээ байж чаддаг нэгэн байлаа. “Хүүхэд байхаасаа л шүлэг бичдэг байсан. Анхны шүлэг минь “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэж байснаас хойш бүр идэвхтэй бичиж эхэлсэн санагддаг юм. Намайг шүлэг, яруу найрагт дуртай болохын эхлэлийг миний аав тавьсан” гэж тэр дурсаж байлаа. Түүний уран бүтээлийн анхны чиг баригч нь аав нь байсан бол анхны багш нь Хандын Цэрэндорж байсан юм. Тэр тухайгаа “Би их олон багштай хүн. Миний багш бол ном шүү дээ. Миний номын багшийг Х.Цэрэндорж гэж Дорноговь аймгийн харьяат, Монгол Улсын хүний гавьяат эмч бий. Би тавдугаар ангиасаа эхэлж энэ хүнд шавь орсон” гэж тэр дурсан бичсэн байдаг. Хожим нь тэр өөрөө олон арван шавьтай багш, олон мянган уншигчтай нэрт яруу найрагч болсон юм.
Эдүгээ Арлааны Эрдэнэ-Очир Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” наадмын эзэн яруу найрагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга болон өсч дэвшсэн билээ. МЗЭ-ийн Их хуралд Удирдах зөвлөлийн даргын төлөө бид хоёр нэр дэвшин өрсөлдсөн юм. Санал хураахын өмнө миний бие “МЗЭ-ийн 90 жилийн ой удахгүй болно. Энэ түүхт ойг нуруун дээрээ үүрч нэр төртэй давж гарах хүн бол Арлааны Эрдэнэ-Очир” гээд нэрээ татан авч байлаа. Их хурлын дараа МЗЭ-ийн байранд цугларахад, мөн дараа нь хоёулахнаа биечлэн уулзахдаа би мөрийн хөтөлбөрөө танилцуулж байсан. МЗЭ-ийн 90 жилийн ойг ташралдуулан Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоог элэг бүтэн болгон нэгтгэж нэг дээвэрт оруулах, 90 жилийн ойгоор МЗЭ-ийг Сүхбаатарын одонгоор шагнуулах, Зохиолдын эвлэлийн байрыг зөвхөн зохиолчдод түрээслүүлэх замаар уран бүтээлийн орд өргөө болгох, утга зохиолын уулзалт сурталчилгааг орон даяар бүсчлэн явуулах, зохиолчдын төрсөн тоонотыг тогтоох тусгай аялал зохион байгуулах, ахмад зохиолчдод насны хишиг олгодог болох зэргээр олон зүйл төлөвлөж байсныг минь сонсоод “Ахтай хамжихгүй бол ихэнхийг нь барахааргүй юм байна” гэж байсан санагдана.
Х.Өлзийбаяр дурсамжиндаа “Хэдхээн хоногийн өмнө дөө, мессэжээр мэндийг нь мэдэн “Алба нийлэмжтэй юу, хол ойр явна уу” гэхэд минь “Би ч нэг их ажилтай “бузар лут амьтан” л байх юм. Мэдэхгүй ээ...Суурин Балдан. Ийш тийш явна гэхээс халгаад байх болж...Зуу татна, дахиад татна, хар дараа” хэмээн бичиж байсан тэр өнөөдөр бүүр хол явчихаж” хэмээсэн байна. “Хүмүүс чинь шагналд ямар их дуртай юм. Шагнал нэхсэн, шар тайлах архи тэвэрсэн хүмүүс салахгүй байна” гэж надад ярьж байсан. Үнэн төдийгүй үхлийн шалтгаан нь энэ байх. “Ийш тийш явна гэхээс халгаад байх болж” гэж бичиж байсан түүнийг хэн нэг нь шахамдуулж Завхан авч явсан байх. Заавал тэгэх хэрэг байсан ч юм уу, бүү мэд. Лав л явах дургүй байж. Энэ бол энэ өдрүүдэд сэтгэлд хургаж буй харуусал.
Арлааны Эрдэнэ-Очир 2002 онд “Зам” шүлгээрээ “Болор цом” хүртсэн билээ. Түүний өмнө 2000 онд Г.Мөнхцэцэг “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг”, 2001 онд Ц.Бавуудорж “Хүрэл чоно” шүлгээрээ “Болор цом” хүртээд байсан юм. Ерээд оныхон гурван жил дараалан “Болор цом” хүртсэн нь тэдний нуруун дээр МЗЭ, монголын их утга зохиолын хөгжлийн ачаа нэгэнт ирснийг нотолсон билээ.
А. Эрдэнэ-Очир “Энэ наадам /”Болор цом”/-ыг би багаасаа л үздэг байлаа. 1989 онд анх шүлгээ унших гээд чадаагүй юм. Тэр үеийн есдүгээр ангийн хүүхдэд МЗЭ-ийн хороо гэсэн дугтуйтай “Болор цом” наадамд шүлэг унших эрх ирнэ гэдэг маш том шагнал байлаа. 1990 онд анх манай үеийнхэн “Болор цом”-д шүлгээ уншиж эхэлсэн” гэж дурсан бичсэн байдаг.
Хэдийгээр “Болор цом” наадам монголын утга зохиол, тэр дундаа яруу найргийн хөгжлийн гагц хэмжүүр биш боловч зохиолч, уншигчдын амьд холбоог илэрхийлэгч хүчирхэг холбоос мөн болох нь гарцаагүй. Миний бие “Болор цом”-ын 36 наадмыг бүгдийг нь үзэж, бас гуравны нэг орчимд нь шүүгчээр оролцож байсан боловч энэ удаагийнхийг биеэр тухлан үзэх боломж олдсонгүй, бусдын адил цахим ертөнцийн буяныг хүртэв. “Болор цом”-ыг босон суун үзэхэд надад ийм бодол төрөв.
Монголын зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байна. Яахав их айлын гал голомт юм болохоор инерцээрээ явж байх шиг байна. Харин тэндээс, тэнгэрээс харахад ямар харагдаж байна вэ? Эрхэм дүүг ойрын хэдэн хоног ямар их үгүйлнэ вэ?
Үржингийн ХҮРЭЛБААТАР
"Зууны мэдээ" 2019.01.08 №05 /5972/
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан