Австрали олон улсын хилээ 11 дүгээр сараас эхлэн нээж, “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг хилээрээ нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, эхний ээлжид Австралийн иргэд, байнгын оршин суугчдыг хилээр нэвтрэхийг зөвшөөрөх бөгөөд тэдэнд долоо хоног тусгаарлагдах шаардлага тавина. Австрали нь 2020 оны гуравдугаар сараас эхлэн дэлхийн улс орнууд дундаас хилийн хамгийн хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм.
Ерөнхий сайд Скотт Моррисоны мэдээлснээр, мужуудын хувьд вакцинжуултын түвшин нь 80 хувьд хүрсэн тохиолдолд нисэх буудлууддаа чөлөөтэй нислэг хүлээн авах боломжтой болно. “Австраличуудад хэвийн амьдралдаа эргэн орох боломжийг нь бүрдүүлж өгөх цаг боллоо” гэж С.Моррисон телевизээр шууд дамжуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Одоогоор гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой шийдвэр хараахан гараагүй байгаа ч Засгийн газар жуулчдыг хүлээн авах чиглэлд ажиллаж буйгаа мэдэгдсэн байна.