ХОРЛОН СҮЙТГЭХ НЭРТЭЙ СҮРТЭЙ ХЭРГҮҮДЭЭ ХУУЛИЙНХАН ШАЛГАЖ ЧАДДАГ Л БАЙГАА ДАА!

 
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргүүдийг нэгтгэн тагнуулын байгууллагад шалгуулахаар болсон тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн анхаарал татах нэг сэдэв болж байна.
Түүнийг  Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын давуу эрхээс татгалзуулж, Д.Эрдэнэбилэг нарын үүсгэн байгуулсан “Монголын зэс корпорац” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулж хамтран оролцсон хэмээн шалгасан юм. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцож, гэм буруутай, эсэхийг нь шүүхээр тогтоолгох санал гаргаж, прокурорын хяналтад хүргүүлсэн билээ.
Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүсэлт гаргаж, яллах дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хандсан. Үүнээс хойш хэрэг хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрсэн юм. Мөн уг хэрэгтэй хамтатган БНСУ-ын иргэн Ү Так Гуаны 3.7 сая ам.долларыг залилсан гэх гомдлыг шалгаад гэм буруутай нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгожээ.
Тэгвэл прокурорын байгууллагаас Ц.Элбэгдоржид холбогдох, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой дээрх хэргийн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоод нэмэлт ажиллагаа хийлгэхээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шилжүүлсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн 19.6 буюу хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх зүйл ангид хамаарах хэргийг шалгах эрх бүхий байгууллага нь ТЕГ учраас ийнхүү тус газарт хүргүүлсэн аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сард УЕПГ-т Ц.Элбэгдоржийн Тавантолгой ордын гэрээтэй холбоотой гэх баримтыг өгч, шалгуулах хүсэлт гаргаж байсан. Улмаар уг хэрэгт холбогдсон Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ шалгаад албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцон дөрвөн жил хорих ял оноосон. Харин М.Энхсайханд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 19.6-1-д заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үйлдлийг нь тусгаарлан, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг үйлдэлд Ц.Элбэгдоржийг холбогдуулан шалгаж буй.  
Өөрөөр хэлбэл, тагнуулын байгууллагын шалгаж буй Ц.Элбэгдоржид хамаарах Тавантолгойн ордын гэрээтэй холбоотой хэрэгт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ хэмээн хэвлэлүүд бичсэн байдаг.
Харин энэ тухай Ц.Элбэгдорж “Шалгаад дууссан гэж байсан. Хятадад айлчлахад ОЭ-д /Л.Оюун-Эрдэнэ/ хэрэг болоо юу. Энхсайханд тулгасан заалт. Тохиолдол уу. Хэргийг эрхлэх дарга нь Зоригийн алуурчдыг даалтад гаргаж байгаа гэл үү. Давхцал уу, доромжлол уу” хэмээжээ.
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг мөн ийм зүйл ангиар Тавантолгойн орд газартай холбоотой гэрээн дээр буруутган улсаар нэг зарласан удаатай. Эцсийн бүлэгт тэрээр машин өндөр үнэтэй зарсан хэргээр буруутгагдан ял сонссон.
Хорлон сүйтгэх ажиллагаа нэртэй хоёр дахь хэрэг олон дуулдаж байна. Манай хуулийнхан хөрсөнд бууж хэргийг үнэн зөв шуурхай шийддэг байх шаардлагатай болж байна. Хорлон сүйтгэх нэртэй сүртэй хэргүүдээ хуулийнхан шалгаж чаддаг л байгаа даа!
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан