"Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн нь эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, аж үйлдвэрлэл, улс орны аж ахуйг хөгжүүлэх зэрэг цаг ямагт манлайлсаар ирсэн. Бид сүүлийн үед цахим орчинд өрнөсөн цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байна. Зэвсэгт хүчин нь улс төрөөс ангид байх учиртай. Зэвсэгт хүчнийг улс төртэй холбох нь цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, бусад улсын өгөөш болгох талтай. Улстөрийн хямралдаа цэрэг армийг татан оролцуулдаг гашуун түүх Монголд бүү тохиолдоосой.
2021 оны дөрөвдүгээр сарын 6-нд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд зэвсэгт хүчинд үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол сайшаалтай асуудал. Зэвсэгт хүчинд тулгамдаж байгаа асуудлыг төрийн дээд удирдлагын бүрэлдэхүүн шийдвэрлэх гэсэн хүсэл эрмэлзэл байна гэж харж байна. УИХ-ын гишүүдийг бид хүндэтгэж явдаг. Гэхдээ зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцүүлэг хийж улс орны аюулгүй байдлыг хангах тогтолцоог гажуудуулах асуудал гарсан гэж үзэж байна. Улс орны батлан хамгаалахтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх нь төрийн болон ардын нууц алдагдах нөхцлийг тухайн үед бүрдүүлсэн гэж үзэж байна.
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа ЗХЖШ дээр ирсэн. Ингэхдээ гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнд,
- Цэргийн албыг сайжруулах асуудлаар гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан.
- Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, хэзээ хаана ямар арга хэмжээ зохион байгуулах боломжтой талаар хэлэлцсэн.
- Цэргийн нэгдсэн холбоотой хамааралтай үйл ажиллагааны талаар лавлаж асуусан.
Гэтэл өчигдөр орой Монгол Ардын Намаас мэдээлэл хийхдээ, Ерөнхийлөгчийн ЗХЖШ дээр ирсэн асуудлыг улс төрийн өнгө аястай болгож ярьж байгааг ЗХЖШ-аас албан ёсоор няцааж байна" гэлээ.