Лукашенкогийн бохир мөнгөний Монгол дахь хэлхээ

 
2020 оны 11-р сарын 6-ны өдөр ЕХ, Швейцарь, АНУ зэрэг улсууд Беларусийн дарангуйлагч ерөнхийлөгч Александр Лукашенко, түүний хүү болон хамтрагчид зэрэг дэлхийн 59 хүний хөрөнгө, дансыг битүүмжилсэн. Улмаар Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ нь Монголоор дамжуулан Эстони, Бүгд Найрамдах Доминикан Улс дахь оффшор компаниуд руу их хэмжээний мөнгө шилжүүлж байсан нь тогтоогджээ.
Лукашенко бэлэн мөнгө босгох хэд хэдэн саалийн үнээтэй. Тэдний нэг нь уул уурхайн хүнд даацын ачааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Белаз юм. Беларусийн төрийн өмчит Белаз компани нь Монгол дахь албан ёсны борлууулагч болох “Юнайтед Белаз Машинери” компаниар дамжуулан ачааны машин болон бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг.

Юнайтед Белаз Машинери компанийн хувьцаа эзэмшигчид нь өмнө нь Монгол Улсын иргэн Моёл Отгонжаргал, Беларусийн иргэн Владимир Геннадиевич Япринцев нар байжээ. В.Г.Япринцев нь самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай нөхөрлөж явдагаа олон нийтэд зарлаж байсан нэгэн. Тэд 1980-аад оны дунд үеэс самбо бөхийн сонирхлоороо танилцаж, Монголд хамтарсан бизнес эхлүүлсэн аж.
Моёл Отгонжаргал бол Х.Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан. Тэрээр Х.Баттулгын эзэмшлийн “Түмэн Хишигтэн”, “Баялгын Хувь” гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд одоо Монгол Улсын Ерөнхий прокурорын газар буюу хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаал хашдаг нэгэн.
“Юнайтед Белаз Машинери” нь “Юнайтед Белаз Машинери Инвестмент Компани” хэмээх охин компанийг Монголд байгуулсан байдаг. Тус компани монголд уул уурхайн тоног төхөөрөмж борлуулах нэрийдлээр Беларусийн дарангуйлагч Лукашенкогийн мөнгийг угаасан гэж сэжиглэгдэж байгаа юм.

Моёл Отгонжаргал, Ц.Г.Япринцев нар Юнайтед Белаз Машинери компанийн хувьцааг Эстони Улсад бүртгэлтэй “Мересс”, Бүгд Найрамдах Доминикан Улсад бүртгэлтэй “Блюстайт” компаниудад шилжүүлсэн байна.
Эдгээр оффшор компаниудын эцсийн өмчлөгч нарыг Лукашенкогийн ойрын хүмүүс байж болзошгүй.
“Юнайтед Белаз” компанийн асуудлууд нууцлалын өндөр түвшинд байдаг. Энэ компанийн асар өндөр өгөөжтэй борлуулагчийн эрх зөвхөн Лукашенкогийн дэглэмийн хамгийн өндөр түвшний, ойрын хүмүүст олгогддог гэж үздэг. Харин эдгээрийн нэг нь Монгол Улс болж таарч байна.
Эстони, Доминиканы Бүгд Найрамдах Улсын компаниудын үүрэг, түүнд ямар хөрөнгө төвлөрч байгааг олж тогтооход зөвхөн Монгол төдийгүй олон улсын хууль сахиулах байгууллагууд нэмэлт шалгалт хийх шаардлагатай.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сонин “ProPublica” нь "МакКинсейг цөлсөн улс" гэсэн дуулиуант тайланд Монгол Улсын төмөр зам барих схем, хуурамч ТЭЗҮ зохиосонтой холбоотой авлигын хэргийг нарийвчлан харуулсан. Тухайн үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, түүний зөвлөх Чулуунхүүгийн Ганбат нар энэ хэрэгт ихээхэн холбогдсон. Белаз борлуулагч компанийн анхны хувьцаа эзэмшигч Моёл Отгонжаргал мөн л Х.Баттулгын хамтрагчаар татагдан шалгагдаж байсан.
Х.Баттулгыг ерөнхийлөгчөөр сонсогдсоны дараа тус хэргийг шалгаж байсан Монгол Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга нарыг огрцуулж түүнийг яллагдагчаар татах, шалгах ажиллагааг  үндсэнд нь зогсоосон.

Төмөр замын хэргийг шалгах үеэр Моёл Отгонжаргал нь Баттулгатай холбоотой компани, сангуудын дансанд олон сая доллар бэлнээр байршуулж байсан нь илэрсэн. Хачирхалтай нь энгийн амьдралтай, их хэмжээний хөрөнгө орлого мэдүүлээгүй хүн хэрхэн асар их хэмжээний бэлэн мөнгө гартаа оруулсан нь тухайн үед тодорхойгүй үлдсэн. Энэ нь Белазтай холбоотой юу? Үүнийг мөн л Монголын болон олон улсын хуулийн байгууллагууд нарийн шалгаж тогтоохоос нааш бид мэдэхгүй юм.
Моёл Отгонжаргал бол Баттулгын хяналтад байдаг C1 телевизийг үүсгэн байгуулагч, захирал асан Бен Моёлийн эхнэр. С1 телевиз нь Баттулгын улс төрийн өрсөлдөгчд нар руу байнга халддаг хэрэгсэл болсон. Бен Моёл бол Их Британийн иргэн юм.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу давхар иргэншилтэй байхыг хориглодог тул Моёл Отгонжаргал Их Британийн иргэншил аваагүй байх гэж найдаж байна. Монгол Улсад төрийн албан хаагч, ялангуяа хууль сахиулах байгууллагад ажиллах нь “төрийн албаны тусгай чиг үүрэг бүхий байгууллага” гэж тооцогддог өндөр шалгууртай алба бөгөөд түүнд гадаадын иргэн алба хашиж байвал маш хүнд гэмт хэрэгт тооцогдоно.
Юнайтед Белаз Машинери компани нь Монголын төрийн өмчит Багануурын уурхайд нүүрс тээврийн дөрвөн машин, дөрвөн өөрөө буулгагч, нэг бульдозер нийлүүлж байжээ. Нүүрс бутлах, ачих байгууламжийг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөг зээлсэн хэдий ч эргэн төлөлт хийгдээгүй байдаг.
Мөн л төрийн өмчит уурхай болох Эрдэнэтэд 27 тэрбум төгрөгийн өртөг бүхий  нийт 35 ширхэг Белазын тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Тус гүйлгээний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, Белаз компани Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай үгсэн хуйвалдсан гэж мөн л Монголын хуулийн байгууллагын хараанд өртсөн.
Зах зээлийн үнээс хэт өндөр үнэлгээтэй хийгдсэн эдгээр наймааны ард Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулгын шахалт, нөлөө байсан уу? Хэрэв тийм бол түүнд хариулахаас аргагүй эвгүй асуултууд тулгарах нь тодорхой. Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, тодорхой ханган нийлүүлэгчид давуу эрх олгох нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээх үүрэгтэй.
Лукашенкогийн эрх ашгийн төлөө түүний дэлхийн хэмжээний хөрөнгө, бизнесийн сүлжээг ашиглан Монголоор дамжуулж мөнгө угааж байгааг нотлох баримтууд тодорхой харуулж байна.
“ФАТФ” буюу Засгийн газар хоорондын Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмхэх байгууллага өмнө нь Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгт оролцож байна гэж үзэн тогтолцоондоо дутагдалтай, илүү нарийн хяналтад байх ёстой үндэстнүүдийн "Саарал жагсаалт"-д оруулж байсан. Одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаалтны мөнгө угааж байж болзошгүй хэргийг төдийгүй Европын дарангуйлагч удирдагчийн өмнөөс хийсэн үйлдлийг нь нарийвчлан шалгах явдал юм.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан