Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный бүс нутгийн штабуудын удирдагч Леонид Волков хоёрдугаар сарын 14-нд дахин эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна хэмээн мэдэгджээ.
"Бид энэ удаад илүү зальжин хийж, цагдаагийнхантай нүүр тулахгүй, ийм байдлаас зайлсхийнэ" хэмээн Волков "МХБ медиа"-д ярьсан байна.
Тэрбээр эрх баригчдын айлгах тактик "одоогоор үйлчилж байна" хэмээн онцолжээ. "Жагсаалд оролцсон 100 хүний 99 нь дахин гарч чадахгүй байна Учир нь тэд баривчлагдаж, торгуульж, их сургуулиасаа хасагдаж, ажлаасаа халагдаж мэднэ. Эсэргүүцлийн далайц бидний гадаа харснаас 100 дахин их байгаа. Энэ нь бид эдгээр хүмүүст зориулсан эсэргүүцлийн арга хэлбэр бодож олох ёстой гэсэн үг" хэмээн Волков мэдэгджээ.
Волковын мэдээлснээр, хоёрдугаар сарын 14-ний өдөр 20.00 цагт Оросын томоохон хотуудын бүхий л оршин суугчдыг гэрээсээ гарч, утасныхаа гэрлийг асаан, өндөрт өргөж, хэдэн минутын туршид ийм байдлаар зогсохыг Навальный штаб зөвлөж байгаа гэнэ. Ийм арга хэмжээ 15 минут үргэлжилнэ гэж тооцоолжээ.
"Шүүхийн танхимд Юлияд зүрх харуулсан Алексей Навальный бидэнд ийм санааг өгсөн. Мөн нэгдүгээр сарын 31-ний өдөр Гороховая гудамжийг бүхэлд нь бүрхэж, гартаа утсаа барьж гэрлийг нь асаан зогссон петербургчууд бидэнд энэ санаг өгсөн юм " хэмээн Волков тайлбарлажээ. Нэгдүгээр сарын 23 болон 31-ний өдрүүдийн эсэргүүцлийн арга хэмжээний үеэр "хүчирхийлэл, дарамт шахалт маш их байсан", 12 мянга орчим хүн баривчлагдсан гэж тэрбээр онцолсон байна.
"Путин айдсаа цорын ганц гол зэвсгээ болгосон. Тиймээс бид айдсаас хүчтэй зүйлээр зэвсэглэх ёстой. Бид хэдийнэ олонх болсон. Ердөө л Путин бидний хооронд тусгайгийнхнаас бүслэлт хийлгэчхэж байгаа тул бид нэгнээ олж харж чадахгүй, бид хичнээн олуулаа гэдгээ ухаарч чадахгүй болгож байгаа юм. Бид үүнийг даван туулах арга бодож олох ёстой. Тусгайгийнхан саад болохгүй, хүн бүр нэгдэж болох тийм арга хэмжээ зохион байгуулах ёстой" хэмээн Волков Телеграм сувагтаа бичсэн байна.
Өмнө нь, хоёрдугаар сарын дөрөвний өдөр Волков Навальныйг дэмжих жагсаалуудаа хавар хүртэл зогсоох болсон талаар мэдээлж байлаа. Амралтын өдрүүд бүрээр арга хэмжээ зохион байгуулвал оролцох хүмүүсийн тоо буурна гэж тайлбарлаж байв.
Навальныйн дэмжигчид хоёрдугаар сарын 14-ний өдөр эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор эрх баригчид ямар байр суурьтай байгаа, мөн энэ мэдэгдлийг хууль бус арга хэмжээнд уриалсан гэж үзэх эсэх талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлид асуусан байна.
"Бид хэнтэй ч муур хулгана болж тоглохгүй. Гэхдээ хууль зөрчвөл хууль сахиулагчид буруутай этгээдүүдийг хариуцлагад татах нь гарцаагүй" хэмээн Песков хариулжээ.
Навальный баривчлагдсан шалтгаан
Навальный өнгөрсөн оны наймдугаар сард хордож, улмаар Берлинд түүнийг шилжүүлэн эмчилж, тэрбээр эмнэлгээс гарсныхаа дараа Германд нөхөн сэргээх эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаад нэгдүгээр сарын 17-ны өдөр Орос руу буцсан юм. Түүнийг нэгдүгээр сарын 17-нд Москвад газардмагц нь баривчилсан бөгөөд хөрөнгө мөнгө шамшигдуулсан хоёр төрлийн хэргээр тэнсэн харгалзах ял авсан ч Германы эмнэлэгт байх хугацааг тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн гэж Шийтгэл гүйцэтгэх алба үзсэн.
Түүнчлэн мөрдөн шалгах хороо Навальныйн эсрэг луйврын эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн шалгах хорооны үзэж байгаагаар, сөрөг хүчний улс төрчтэй холбоотой Авлигатай тэмцэх сан зэрэг сангууд нь иргэдээс 588 сая гаруй рублийг хандив болгон хүлээн авчээ. Энэ мөнгө сангийн зардалд зарцуулагдах байсан ч Навальный бусад этгээдүүдийн хамт "хувьдаа өмч, материаллаг үнэт зүйлс, гадаадад амрах зэрэг зардалд" 356 сая рублийг зарцуулсан гэнэ.
Улмаар Москва хотын шүүх Навальныйд оноосон тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгон өөрчилж, гэрийн хорионд байсан хугацааг нь ялын хугацаанд тооцох шийдвэр гаргаснаар тэрбээр 2.8 жил шоронд хоригдохоор болсон юм. Үүний дараагаас Навальныйн дэмжигчид Орос орон даяар эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, түүнийг суллахыг шаардсан бөгөөд энэ эсэргүүцлийн арга хэмжээ оролцогчдын тоо болон баривчлагдсан хүний тоогоор Оросын шинэ үеийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэйд тооцогдож байгаа аж.