Тавантолгой-Гашуунсухайтын “ОВООЛСОН ШОРОО”-н дээр галт тэрэг аялаад эхэлчихэж


Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын газар шорооны ажлыг 5-6 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний ажлыг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийг бий болгоход хийжээ
Тавантолгой ордоос Гашуунсухайт боомт хүрэх төмөр зам 240 км үргэлжилнэ. Үүний 130-д төмөр зам тавьчихсан байна, монголчууд өөрсдөө. Нарийн технологийн гагнуурын төхөөрөмж даган орж ирсэн ганц хоёр оросыг эс тооцвол мянга гаруй монгол мэргэжилтэн уг бүтээн байгуулалтыг гардан босгож буйтай танилцлаа. Мэргэжлийн инженерүүд өөрсдөө доод үеийг босгож, дээд үеийг угсарна гэж ярьдаг. Үер уснаас хамгаалах далангаас авахуулаад дам нуруут гүүр гэх мэтээр иж бүрэн инженерчлэл яригдана. Мэргэжлийн бус хүмүүс “овоолсон шороо” гэж харахаас ч өөр аргагүй юм. Мэдэхгүй, ойлгохгүй хүний л зовлон байх. Тэгвэл өнөөдөр тэр “овоолсон шороо” дээр бүхэл бүтэн галт тэрэг аялж байгаа. Гэхдээ нүүрс тээврийнх бус төмөр замын бүтээн байгуулалтын зориулалттай тусгай техникүүд. Төмөр замын дээд бүтцийн ажилд тусгай зориулалтын зүтгүүр нэг, ачааны вагон 20, зам засварын тусгай зориулалт бүхий долоон төрлийн машин механизм ажиллаж байна. Эд бүгд “Монголын төмөр зам” компанийн мэдэлд шинээрээ байж байгаад уг бүтээн байгуулалтад анх удаа ашиглагдаж байгаа аж. Нэг хэсэг хэвлэлээр “Монголын төмөр зам” компанийг баахан ашиглахгүй техник хураалаа хэмээн баалахад хүргэсэн нүсэр техникүүд гээд ойлгочиход дөхөм.
Төмөр зам үргэлжлэх уртын хувьд Галбын говийн хад чулуу бүхий хүндхэн замыг лав л бүтэн өдөр автомашинаар явж танилцахаар юм билээ. Одоогоор 240 км замын 208-ынх нь далан шуудуу босгох ажил үндсэндээ цэгцэрсэн. Дээр нь дэр бетон дэвсэж, төмөр зам угсрахад бэлэн гэсэн үг. Цааш Хятадын хил хүрэх 31 орчим км замын ажил эд өрнөж байна. Төмөр замын далан хамгийн өндөр хэсэгтээ 18 метр буюу зургаан давхар байшинтай тэнцэх хэмжээтэй.
Гэрэл зургийг: mpa.mn
Нийт 92 үе дэвсэн нягтруулж байж галт тэрэг даах хэмжээний инженерийн байгууламж болдог. Төмөр замын бүтээн байгуулалт гэдэг чинь их говийн хамгийн том амьтан болох тэмээнээс ч хавьгүй өндөрт өрнөж байна. Бусдаар бол нарийн технологийг нь дурдвал дуусахгүй. Уг төмөр замын чиглэл нам хэсэгтээ суудлын автомашины хэмжээтэй том том чулууг зөөж, бутлахаас эхлээд бишгүй л олон хоногийн ажил орсон бололтой. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 2012-2015 онд 86.6 хувь буюу 208 км нь хийгдсэн байдаг. Ажил зогссон таван жилийн хугацааны гэмтлийг мөнгөн дүнгээр тооцвол 26 сая ам.доллароор хэмжигджээ. Үер усны хамгаалалтыг нь хийлгүй гэнэт орхисон энэ хэмжээний гэмтлийг засахад өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан гэдгийг “Тавантолгой төмөр зам” компанийн ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ хэлсэн. Нэгэнт газар шорооны ажил дууссан учраас одоо өдөрт 1.2 км төмөр зам тавьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” компанийн зүгээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 оны долоодугаар сард хүлээлгэн өгөх гэрээтэй ч бүх ажил төлөвлөгөөнөөсөө түрүүлэн явж байгааг бас дуулгасан. Тус компанийн инженерүүдийн гаргасан нарийвчилсан график барилгүй бүдүүн тоймоор хэлэхэд, ажил бол үндсэндээ шуудрах шатандаа орчихож. Цаг хугацааны хувьд түрүүлж байна. Нийт 240 км замын хоолойн ажил 97 хувь, мал амьтны гарц 96.5, гүүрийн ажил 53.5 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа.
УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэн  нэгэнтээ “Монголын нүүрсний өрсөлдөгч нь хятадууд, австраличууд биш. Бүр аль нэг нам эвсэл, эдийн засаг бизнесийн бүлэглэл огтоосоо биш. Зөвхөн цаг хугацаа юм аа” гэдгийг хэлсэн байдаг. Тэгэхээр өнгөрсөн арванхоёрдугаар сард  сэргэсэн бүтээн байгуулалтын ажил цаг хугацаа хожиж байна гэдэг бол хамгийн сайн мэдээ. Монгол Улс 2010 онд төмөр замын бодлоготой болсноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил гараанаас гарсан гэж үздэг. Харамсалтай нь зөвхөн царигийн хэмжээ ярьж, бичиж үндсэндээ 10 жил алдсан. Энэ хугацаанд эдийн засгийн агуулгаараа Монгол Улс өдөрт 6.5 сая ам.доллар буюу нэг жилд 2.3 тэрбум ам.доллар алдаж иржээ. Төмөр замын ажил гацсан 10 жилийн хугацаанд бүхэл бүтэн 23 тэрбум ам.долларын орлогыг монголчууд өөрсдөөсөө шалтгаалсан талцал, хуваагдлын улмаас алдсан гэсэн үг. Тэгэхээр алдагдсан боломжийг ирээдүйд үүсгэхгүйн төлөө ажиллаж байгаа гэдгийг  “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлсэн.
Ерөнхийдөө уг төсөлтэй холбоотой үндсэн гурван шүүмжлэл байдаг. Эхнийх нь Монголын талаас тавьж буй төмөр замын чиглэл Хятадын талынхаас зөрсөн гэх бодит байдал. Тэгвэл яг одоо том техник бужигнуулж буй чиглэлээр Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн төмөр зам хилийн 703 болон 704 дүгээр баганын хороонд Хятадын төмөр замтай нийлнэ. Өмнө нь явсан төслөөр хилийн 699 дүгээр баганын ойролцоогоор нийлүүлэх чигтэй байсан. Гэвч Хятадын талаас санал тавьсны дагуу Ганц модны боомтын суурьшлын бүсийн зүүн талаар ийнхүү уулзуулахаар тохиролцжээ. Удаах нь царигийн маргаан. Одоо тус чиглэлд 1520 мм буюу өргөн царигийн төмөр зам тавьж байгаа. Улстөрчид, бизнесийн бүлэглэлүүд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж ирсэн өргөн, нарийн царигийн асуудалд УИХ “Нэг улс, нэг цариг” бодлого баримтална гэж баталснаар цэг тавьсан. Тэгээд ч төмөр замын хөгжил өргөнөөс нарийн цариг руу шилжих явдалд үндсэндээ цэг тавиад олон жилийг үдэж байгаа гэдгийг мэргэжлийн инженерүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд өргөн, нарийн царигийн тайлбарыг зөвхөн хэрэгжиж буй төслийг гацаахын тулд аль нэг талаас зорилготой гаргаж байсан гэж ойлгоход болно. Гурав дахь төслийн санхүүжилттэй холбоотой. 2012-2015 онд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөл дээр ажилласан нөхөд  280 сая ам.доллартай тэнцэх жэмжээний хөрөнгийг зарцуулсан гэж буруутгагддаг. 280 сая ам.доллароор “шороо овооллоо” ч гэлцдэг. Үүнийг төмөр замын мэргэжлийн инженерүүд доод бүтцийн 86.6 хувийг нь гүйцэтгэж гэж хэлээд байгаа юм. Энгийнээр бол 2012-2015 онд энэ төслийн  суурийг 86.6 хувьтай цутгачихжээ. Одоогоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын газар шорооны ажлыг 5-6 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний ажлыг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийг бий болгоход хийжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” энэ төслийг Тавантолгойн нүүрсийг  худалдах борлуулах нөхцөлөөр сэргээн орсон. Өмнө нь зарцуулсан болоод одоо нэмэгдэх нийт санхүүжилт нь тэрбум ам.доллароор хэмжигдэх мега төсөл болж байна. Төмөр замын хувьд 100 км-ээс урт бол мега төсөлд зүй ёсоор тооцогддог. Тиймээс төслийг 28 сарын хугацаанд гүйцэтгээд, нүүрсээр 60 сарын хугацаанд зардлаа Тавантолгой нөхнө гэж тооцож буй аж.
Гэрэл зургийг: mpa.mn
Иймэрхүү байдлаар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил, үндэсний компаниудын нөөц бололцоонд тулгуурлан ид өрнөж байна даа. Уг төмөр зам  Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн зам төмөр бүхий уулзваргүй, 16 гүүр, 126 хоолой, малын найман гарцтайгаар баригдах юм. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс уг замыг  уулзваргүй төмөр зам гэдгээр нь тодотгож, тусгайлан танилцуулсан. Уулзваргүй гэдэг нь  25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж, галт тэрэг аялахад дуу чимээгүй болгодог аж. Одоогоор 34.7 км замыг уулзваргүй болгоод байгаа аж. Энэ мэт технологи талаасаа монгол залуусын нэвтрүүлж чадсан дэвшилт маш олон юм. Мэдээж уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол зам гэдэг утгаараа эдийн засгийн өгөөжийг дурдахгүй өнгөрч болохгүй. Уг зам баригдсанаар Тавантолгойн бүлэг ордоос жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой.  Ингэснээр Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно.  Ялангуяа тээврийн зардал тал дээр үлэмж хэмнэлт бий болно. Өнөөдөр БНХАУ руу экспортлох нүүрсний авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал тутамд 32 ам.доллар зарцуулдаг бол төмөр зам ашиглалтад орсноор зардал дөрөв дахин буурч найман ам.доллар хүртэл буурах тооцоо бий. Мөн төмөр замын ашиглалтыг дагаад  2000 орчим ажлын байр шинээр үүснэ. Монгол Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын эдийн засгийн өсөлтөд бодитойгоор дэмжлэг үзүүлэх зэрэг эдийн засгийн үр өгөөжийг дурдвал дуусахгүй. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуягын хэлснээр тус компани нийт хүчин чадлаа ашигласан тохиолдолд жилд 45.9 сая тонн нүүрс олборлох боломжтой аж. Энэ жил 17 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байсан. Гэвч дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаас шалтгаалан 13 сая тонн болгон бууруулжээ. Хагас жилийн байдлаар борлуулалт 71 хувиар тасалдсан байна. Улмаар долоон сараас экспорт сэргэж, он дуустал 11 сая тонныг экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Цаашид 2022 оноос төмөр зам ашиглалтад орсноор үндсэн хүчин чадлаараа ажиллаж, тэр хэмжээний экспорт хийх зураг гарчээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан