ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр улсын хэмжээнд нийт 19,680 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 600 гаруй нь хавьтлын шинжилгээ байсан бөгөөд 12 хүний сорьцод халдвар илэрлээ. 19,000 гаруй хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
- Улаанбаатарт долоон тохиолдол бүртгэгдсэн. Долоон тохиолдлын тав нь нийслэлд голомтлон гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна.
- Сэлэнгэд дөрвөн тохиолдол нэмэгдсэн. Үүний гурав нь гэр бүлийн хавьтлууд бол нэг нь эмнэлгийн ажилтан.
- Дархан-Уул аймагт нэг тохиолдол нэмэгдсэн бөгөөд уг тохиолдлын тандалт судалгааны ажлыг явуулж байна.
Улсын хэмжээнд халдварын тохиолдол 831 болсон бөгөөд 365 хүн эдгэрсэн бол 457 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 байгаа" гэв.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 386 : (2020.12.04-ний байдлаар)
- Сэлэнгэд 193
- Улаанбаатарт 96
- Дархан-Уулд 45
- Орхонд 24
- Дорноговьд 21
- Говьсүмбэрт 4
- Архангайд 3 батлагдсан тохиолдол байна.