УИХ-ын хаврын чуулганд оролцож чадаагүй ганц гишүүн бол О.Содбилэг. Тэрбээр чуулганы завсарлагаар Европыг зорьсон бөгөөд коронавирусийн цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хил хаасан тул өдий болтол эх орондоо ирж амжаагүй байна. Гэтэл УИХ-ын Тамгын газар түүнийг чуулганы хугацаанд өвчтэй гэж бүртгэжээ. О.Содбилэг гишүүнийг энэ сарын эхээр Франкфурт руу хийсэн чартер нислэгээр ирнэ гэж байсан боловч зорчигчдын нэрсийн жагсаалтад алга байв. Уг нь түүнийг энэ сонгуулиар Орхон аймгаа сольж, Завханд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн гэж мэдээлсэн ч өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэр дэвшихгүй болсноо мэдэгджээ. Тэрбээр нүүр номдоо “Би дөрвөн жил завсарлах болсноо жилийн өмнө шийдэж, У.Хүрэлсүх даргад 2019 онд Эрдэнэтэд ажил хэргээр очих үед нь хэлсэн. Би улс төрд 25 насандаа орж, УИХ-ын гишүүнээр сүүлийн найман жил ажиллахдаа чадах бүхнээ хийж, ёс суртахууны болон хуулийн зөрчил доголдол гаргаагүй ажилласан. Цаашид би улам ихийг хийж бүтээхийн төлөө энэхүү шийдвэрийг гаргасан. Хүмүүсийн сайн сайхны төлөө зогсохгүй ажилласаар байх болно” гэжээ. Харин тэрбээр дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн чуулгандаа сууж чадсангүй. Мөн гадаадаас ирж амжилгүй бүрэн эрхээ дуусгах нь ээ.
Засгийн газрын мэдээ