С.Чепурной: Ялалтын баярыг Беларусь улс хамгийн чухал, хамгийн том баярын нэг болгон тэмдэглэдэг


Д.АРИУН
Аугаа эх орны дайны түүхт ялалтын 75 жилийн ойтой холбогдуулан “Зууны мэдээ” сонин “Элчин сайд ярьж байна” буландаа Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён С.Чепурнойг урьж ярилцлаа. 
-Ноён Элчин сайд аа, энэ жил Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ой тохиож байна. Энэ баяр нь Беларусь улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?
-Дэлхийн II дайны ялал­тыг асар их, нөхөж барш­гүй үнээр авчирсан. Нацис­тын түрэмгийлэгчид аймшигт цуст ул мөр,  урьд өмнө үзэгдээгүй сүйр­лийг үлдээсэн.  Түрэм­гийлэгч­дийн үйлдсэн гэмт хэрэг нь асар их, харгис хэрцгий байдлаараа харьцуулшгүй байсан юм. 1941 оны зурга­дугаар сарын 22-нд Беларусийн газар нутаг дайс­ны цохилтыг хам­гийн түрүүнд авч, тэр да­руй нацистууд анхны ши­рүүн эсэргүүцэлтэй тулгар­сан. Сар гаруйн хуга­цаанд эр зоригтой хамгаа­лагчид Брестийн цайзыг түрэмгийлэгчийн хэд дахин давуу хүчнүүдийг эсэргүүцсэн. Тэдний эр зоригийн мөн чанарыг цайз казематын ханан дээрээс олдсон "Би үхэж байна, гэхдээ би бууж өгөөгүй" гэсэн бичээсээр илэрхийлсэн байдаг.
Дайны эхний өдрүүдийн чухал, мартагдашгүй үйл явдал бол Могилев хотыг хамгаалах явдал байв. Энэ хотыг хамгаалж чадахгүй байсан ч ардын журамт цэргүүд ба Улаан армийнхан дайны довтолгоог Москвагийн чиглэлд гурван долоо хоногийн турш зогсоосон түүхтэй.
Беларусийн нутаг дэвсгэр нь Гитлерийн цэргүүдээр бүрэн эзлэгдэж, гурван жилийн турш фашистуудын дарангуйлал дор байсан. Нацистууд геноцид, том цуст террорыг "шинэ дэг журам"-ыг гол хэрэгсэл болгон сонгосон. ЗХУ-ын бусад эзлэгдсэн нутаг дэвсгэрийн нэгэн адил түрэмгийлэгчид өөрсдийн боловсруулсан Зөвлөлтийн  хүмүүсийг бөөнөөр устгах хөтөлбөрийг Беларусьт  ч хэрэгжүүлсэн байдаг.
Беларусийн нутаг дэвсгэр дээр Зөвлөлтийн олзлогдсон цэргүүдийн 250 шахам лагерь, 350 орчим албадан хорих байр байжээ. Нацистуудын үхлийн лагеруудын нэг байсан Тростенец тосгонд л гэхэд нацистууд 206 мянга гаруй хүнийг устгасан. Еврейчуудыг хорих газруудыг 186 суурин газруудад бий болгожээ. 100 мянган хүн Минскийн хорих газарт байж, үүнээс цөөхөн хэд нь амьд үлдсэн байв. Дайны жилүүдэд Беларусь улс нийтдээ гурван хүн тутмынхаа  нэгийг алдсан гэдэг тоо баримт байдаг.
Германы түрэм­гийлэгчид Беларусийн газар нутагт дээрх 200 гаруй хот, бүс нутгийн төвүүд, 9000 гаруй тосгоныг шатааж, сүйтгэж, дээрэмджээ. Том хотууд болох Минск, Гомель, Витебск бүрэн нуранги болсон. Беларусийн нутаг  дээр нацистуудын хийсэн гэмт хэргийн аймшигт гэрч бол бүх оршин суугчдын хамт шатаагдсан Хатынь тосгон байв. 600 гаруй хөдөөний тосгодод ч мөн адил хувь тавилан тохиожээ.
Фашистуудын түрэмгийлэл хэчнээн хэрцгий байсан ч белорусийн ард түмний ялалт байгуулах, гитлерийн түрэмгийлэлийн эсрэг хийх тэмцэл, эр зориг, урмыг хугалж чадаагүй. Аугаа эх орны дайн эхэлсэн мөчөөс манай улсад Европын хамгийн том партизаны хөдөлгөөн, фашизмын эсрэг нууц ажиллагааг эхлүүлсэн учраас Беларусь улсыг партизаны улс гэж нэрлэдэг. Беларусийн нутаг дэвсгэр дээр 1200 гаруй партизаны отряд, фашизмын эсрэг нууц ажиллагаанд  370 гаруй мянган хүн оролцсон. Энэ хөдөлгөөнд белорусуудын хамт ЗХУ-ын 70 гаруй үндэстний төлөөлөл, бусад улс орны 4000 орчим  фашистын эсрэг тэмцэгчид байсан.Партизаны хөдөлгөөний гол зорилго нь фашистуудын анхаарлыг  сарниулж, дайсны үндсэн ба техникийн хүчд ихээр хохирол учруулах, фронтыг хангах хэрэгслийг эвдэж, харилцаа холбоог тасалж, Улаан армид зориулж тагнуулын мэдээг олж өгдөг байв. “Багратион” довтолгооны ажиллагааг амжилттай төлөвлөх, бэлтгэх, явуулахад партизануудын урагшилж буй Улаан армитай харилцан уялдаа холбоо чухал ач холбогдолтой байв. Энэ довтолгоо нь 1944 оны долдугаар сарын 28-ны өдөр Беларусь улсыг бүрэн чөлөөлснөөр амжилттай дууссан. 1,3 сая белорусчууд, Аугаа эх орны дайны фронтуудад тулалдаж  400 мянга гаруй хүн төрийн дээд одон медалиар шагнуулж түүний дотроос  446 хүн  ЗХУ-ын баатар цолоор шагнуулсан юм. Дайны жилүүдэд 400 гаруй белорусь хүн Улаан армийн генерал, усан цэргийн адмирал болсон байна. Белорусьчууд эсэргүүцлийн Европын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байв.   
Беларусь улсын хувьд Ялалтын баяр нь өөрийн газар нутгаа хамгаалж, дэлхий дахиныг фашистын түрэмгийллээс чөлөөлсөн бидний өвөг дээдсийн үнэлж баршгүй  гавъяа, эр зоригийг агуулсан баяр юм. 
Энэ баяр нь ямагт хоёрдмол сэтгэгдэл төрүүлдэг. Нэг талаас олон сая амь насыг үрэгдүүлсэн уй гашуу, нөгөө талаас фашистын түрэмгийлээс чөлөөлөгдсний баяр, амьдрал, эрх чөлөө, тусгаар тогтнолыг бэлэглэсэн үнэлж баршгүй гавьяанд талархсан хойч үеийхний талархал байдаг. Аугаа эх орны дайнаас илүү харгис дайн байгаагүй ба энэ дайнд Ялалт байгуулсан гавьяагаас илүү гавьяа байгаагүй.
-Бүгд найрамдах Беларусь улсад Ялалтын баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар манай уншигчдад хэлж өгөөч?
-Ялалтын Баярыг Беларусь улс хамгийн чухал, хамгийн том баярын нэг болгон тэмдэглэдэг.
Энэ өдөр бид дайнд оролцсон  ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэж, өнөөдөр бидэнтэй хамт байхгүй байгаа мөн ирээдүй хойч үеийнхээ төлөө тулалдааны талбар дээр амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлнэ. Харамсалтай нь дайнд оролцсон ахмад дайчид жил ирэх тусам цөөрч байгаа тул тэдний эрүүл мэндэд анхаарал тавьж, нийгмийн болон аж амьдралын нөхцлийг бүрдүүлэх нь чухал шаардлагатай ажил болж байна.
Энэ жил Аугаа ялалтын 75 жилийн ой тохиож байна. Манай улсад баярын бэлтгэл ажлыг хоёр жилийн туршид хийсэн. 2019 онд бид бас нэгэн чухал ойг тэмдэглэсэн, энэ бол манай улсын фашистын түрэмгийллээс чөлөөлсний 75 жилийн ойн баяр юм. Жилийн өмнөөс эхлэн Беларусьт эхлүүлсэн  хөшөө дурсгал, цэргийн алдарт дурсгалын цогцолборуудыг тохижуулах,  музейн үзмэрийг баяжуулах ажлууд хийгдэж байна. Баатарлаг-эх оронч аян, Аугаа эх орны дайны тухай уран сайхны кино, баримтат киноны дэлгэцийн бүтээл, ном хэвлүүлэх ажлыг баярын өдрүүдэд зохион байгуулдаг.
Жил бүр бид Ялалтын баярыг тэмдэглэхдээ  дайны аймшигт жилүүдэд  үнс болсон манай Минск, сүйрлийн дараах Беларусь орныг сэргээхэд дэлхий нийт, Зөвлөлтийн бүх ард түмэн ямар их хүчин чармайлт гаргасныг санаж байдаг. Манай  улс хэр хүчтэй, хараат бус болж чадсаныг бид харж байна. Амар тайван тэнгэрийн дор хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх нь ямар их аз жаргал болохыг бид ойлгож байна.
-Та манай улсад бараг зургаан жил ажиллаж байна. Аугаа эх орны дайны ялалтын баярыг Монголд хэрхэн тэмдэглэдэг талаар  юу хэлэх вэ?
-Монгол Улс жил бүр  Ялалтын баярыг тэмдэглэдэг. Гитлерын Герман  ЗХУ руу довтолсон цагаас Монгол Улс фашистын түрэмгийллийг буруушааж, ЗХУ-ыг дэмжих болсноо мэдэгдэж, БНМАУ, ЗХУ-ын хооронд харилцан туслалцаа үзүүлэх 1936 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн протоколоор хүлээсэн үүргээ биелүүлж эхэлсэн.
 Монгол, ЗХУ хоёр улсын хоорондын харилцаа Халхын голын тулалдаанд бэхжсэн. Яг л тэр үед бидний хоёр ард түмэн, зэвсэгт хүчний дайчин холбоотны харилцаа бий болсон. Зөвлөлт-Монголын дайчдын хамтарсан ангиудад белорусуудаас бүрдсэн цэргийн хэсгүүд ч байсан. Беларусиас Халхын-Голд Беларусийн цэргийн тойрогийн командлагчийн орлогч  ирээдүйн Ялалтын маршал Г.К.Жуков  хүрэлцэн ирсэн юм.  Халхын голд тулалдаж байсан Беларусчуудын дунд Зөвлөлт Холбоот Улсын анхны хошой баатар, нисгэгч Сергей Иванович Грицевец танай улсад хамгийн алдартай нь юм. Монголд Халхын голд тулалдсан цэргүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэдэг. С.И.Грицевецын цээж баримлыг Улаанбаатар хотын Жуковын болон Зэвсэгт хүчний  музейд байрлуулсан байдаг. Чойбалсан дахь сургуулийг түүний нэрээр нэрлэсэн ба тэнд манай алдарт нутаг нэгтийн маань хөшөөг босгосон юм. Аугаа эх орны дайны жилүүдэд монголын ард түмэн “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтанд” гэсэн урианд Зөвлөлтийн улаан армид өгөөмөр  тусламжийг үзүүлсэн. БНМАУ-д Улаан армид туслах фонд бий болгож, жирийн ард иргэд, малчид өөрийн чадах бүхнээ өгч фашистын эсрэг тэмцэж байгаа зөвлөлтийн ард түмэнтэй эв нэгдэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн.
Монгол Улс  цэргүүдэд зориулж хүнс, дулаан хувцас, дүрэмт хувцас нийлүүлсэн. Хагас сая гаруй тэсвэртэй монгол морь дайны турш улаан армийн дайчдын найдвартай нөхөр болж дайнд оролцсон. Монголын ард түмний цуглуулсан хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард“ нисэх эскадрилийг бүрдүүлсэн. Монголын сайн дурынхан зөвлөлтийн армид нэгдэж Беларусийн газар нутгийг ч чөлөөлөхөд оролцосныг бид мэднэ. Үүний зэрэгцээ, Монголын Зэвсэгт хүчин 1945 он гэхэд өөрийн хүчин чадлаа дөрөв дахин нэмэгдүүлж, улсын төсвийн тал хувьд хүргэсэн. Үүний ачаар Монголын арми Квантуны армийн эсрэг зогсох бодит хүч болсон. Энэ нь фашистын германтай тэмцэж байсан ЗХУ-д зүүн хязгаараас цэргээ татах боломж олгосон.
Монгол Улсын тусламж нь гитлерийн эсрэг холбоотны тусламжаас дутахааргүйгээр  барахгүй зарим үзүүлэлтээр давуу гарч байв. Энэ тусламжийн гол үнэ цэнэ бол Монголын нийт ард түмэн, түүний эдийн засаг цөөн тооны хүн амын бүхий л нөөц бололцоог ах дүүгийн Зөвлөлтийн ард түмэнд зориулагдсан.
Энэ бол Монголын ард түмэн, бидний нийтийн ялалт бөгөөд Аугаа эх орны дайны жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын ард түмэнд үзүүлж байсан үнэлж баршгүй, ахан дүүсийн тусламжийг бид үргэлж санаж байх болно.
Надад анх удаа 2015 онд ялалтын 70 жилийн ойн баярыг Монгол Улсад тэмдэглэх завшаан олдсон. Тэр үед Монголын найз нөхөд маань ямар их урам зориг, ямар их өргөн хүрээтэйгээр энэ баярыг тэмдэглэж байгаа явдалд би их сэтгэл хөдөлсөн.  Тухайн үед маш олон төрлийн арга хэмжээнүүдийг зохиож, Монгол Улсын нийслэлийн төв тайлбайд олон нийтийг хамарсан концерт, баяр наадам явуулсан.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд Беларусь, Орос, Казахстаны Элчин сайдын яамд ялалтын баярын хүлээн авалт хийж, Монгол улсын Батлан хамгаалах яамтай хамтран Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, Ялалтын маршал, ЗХУ-ын баатар Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн. Би Казахстан, Оросын Холбооны Улсын Элчин Сайд нарт эв нэгдэл илэрхийлсэн талархлаа илэрхийлж, жил бүр зохиогддог арга хэмжээнүүдэд тогтмол оролцдог монгол нөхөд баярласнаа уламжилж байна.
Энэ жил дэгдсэн корона­вирусын цар тахалын улмаас Ялалтын баяраар олныг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахгүй. Гэвч ямар ч цар тахал, ямар ч хямрал бидний  зүрх сэтгэлд тэмдэглэгдэж ирсэн фашизмын тахлаас аварсан өвөг дээдсийн баатарлаг эр зориг, дурсамж бахархлаар илэрхийлэгддэг Ялалтын  баярыг цуцлахгүйг ойлгох нь чухал.   
Эрхэм найзууд аа!
Энэхүү завшааныг ашиглан, монголын ард түмэнд ирж буй Ялалтын баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэе! Та бүхэн болон та бүхний дотны хүмүүст эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхэн, амар амгаланг хүсье!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан