АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй Японы Осака хотноо бямба гарагийн өглөөний 11:30 минутад уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.
Хятадын хэрэглээний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүний импортод ногдуулах АНУ-ын татварыг цуцлах зорилготой хоёр талын уулзалт Японд зохион байгуулах “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болох арга хэмжээнүүдээс олны анхаарлыг хамгийн их татаж байна.
“Олон талын хэлэлцүүлгээс илүү ганцаарчилсан уулзалтыг эрхэмлэдэг Д.Трамп Японд айлчлах хугацаандаа хоёр талын есөн уулзалт хийнэ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй баасан гарагийн 14 цагт уулзана” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Хоган Гидли мэдээлжээ.
Д.Трамп пүрэв гарагт Японд хүрэлцэн очиж, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой оройн зоог барьснаар түүний уулзалтууд эхлэх ажээ.
Баасан гарагт Д.Трамп Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзсаны дараа А.Шинзо болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзана. Уг уулзалтын дараа Н.Модитой ганцаарчлан уулзана.
АНУ-ын Ерөнхийлөгч мөн Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонарутай баасан гарагт хоёр талын уулзалт хийнэ.