Цагаан ордонд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа албаны хүмүүстэй хийсэн ярилцлага бүхий “Trump and His Generals: The Cost of Chaos” нэртэй номыг сэтгүүлч Питер Берген саяхан хэвлүүлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд онцгой хүндэтгэлтэй ханддаг болохыг энэ номонд өгүүлсэн нэгэн түүхээс харж болохоор байна.
2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байсан Трамп анхны гадаад улсын төрийн тэргүүнийг хүлээж авсан байна.
Хүндтэй зочин нь Британийн ерөнхий сайд Тереза Мэй байжээ. Энэ үеэр Трампаас Путинтэй ярьсан эсэхийг Мэй асуусан байна.
Трампыг “үгүй” гэж хариулахад тухайн үед зөвлөх нь байсан генерал Флинн “Бид ерөнхийлөгч Путинтэй таныг яриулахаар бэлдэж байгаа. Тэр хэдэн өдрийн өмнө залгасан боловч бид тантай холбох боломжгүй байсан” гэж хэлжээ.
Трамп үүнийг сонсоод ихэд уурлаж, генерал Флиннийг загнаж эхэлсэн байна. “Та надаар тоглоод байна уу? Владимир Путин надтай ярих гэхэд та нар холбож өгөөгүй гэж үү? Та нар ямар чөтгөрөө бодож байсан юм бэ?” гэж тэр агсарсан гэнэ.
Путинийг “Энэ дэлхий дээр биднийг устгах чадалтай цорын ганц хүн” гэж өргөмжилсөн Трамп дараа нь Цагаан ордны холбогдох ажилтнуудыг дуудаж загнажээ.
“Путинийг надтай ярих гэхэд холбож өгөөгүй гэнэ. Ийм зүйл байж болох уу? Та нар энд юу хийдэг хүмүүс вэ?” гэх зэргээр Трамп тэднийг загнасан тухай генерал Флинн дурссан байна.
Цагаан ордны тэмдэглэлд өгүүлснээр энэ явдлын маргааш буюу 2017 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Дональд Трамп, Владимир Путин нар цаг орчим хугацаанд утсаар ярьж байжээ.
Трамп, Путин нарын хэлхээ холбоонд АНУ-ын хууль тогтоогчид сэжиглэнгүй ханддаг ба Конгрессоос томилсон тусгай прокурор 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Кремлийн зүгээс нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгаж байв.
Р.Төмөр
Эх сурвалж: Business Insider