Хар тамхины наймаа эрхэлдэг Ирландын иргэн Клифтон Коллинз 2017 онд олсон орлогоо биткоин хэлбэрээр хадгалж, дансанд хандах түлхүүр үгээ хэрхэн нууцлах арга хайж байжээ.
Тэрээр өнөөдрийн ханшаар нийтдээ 55 сая еврогийн үнэлгээтэй хууль бус орлогынхоо дансны түлхүүр үгийг A4 цаасан дээр хэвлээд загасны уурганы хөнгөн цагаан саванд хадгалсан байна. Коллинз тухайн үед Ирландын Фарнау хотод байр түрээслэн амьдарч байжээ. Үүний дараа гурван үйл явдал түүнд тохиолдсон юм. Коллинз 2,000 еврогийн үнэтэй каннабис машиндаа тээвэрлэж яваад цагдаа нарт баригджээ. Шүүхээс түүнд таван жилийн хорих ял оноосон байна.
Коллинзийн амьдарч байсан байрны эзэн өрөөг нь суллаж, эд зүйлсийг нь хог дээр хаяжээ. Тэдгээрийн дотор дансны түлхүүр үгийг хадгалсан загасны уурганы сав багтсан байна. Ингээд 55 сая еврогийн үнэлгээтэй хөрөнгийг олж авах боломжгүй болжээ. Энэ долоо хоногт Дублин хотын шүүх Коллинзийн хууль бус аргаар олсон хөрөнгийг хураах шийдвэр гаргасан байна.
Цагдаа нар загасны уурганы мөрөөр мөшгөөд олж чадаагүй тухай Айриш Таймс сонин мэдээлжээ. Хог боловсруулах газрын ажилтнууд Коллинзийн гэрээс загасны уурганы сав хаясныг санаж байсан ч олдохоосоо нэгэнт өнгөрсөн байна. Цугларсан хог хаягдлыг Хятад руу боловсруулахаар илгээжээ.
49 настай Коллинз энэ явдлыг өөрийнх нь тэнэг үйлдлийг бурхан шийтгэсэн хэрэг гэж цагдаад мэдүүлсэн гэнэ. Ирландын нийслэл Дублины ажилчны дүүргээс гаралтай Коллинз 2005 оноос эхлэн каннабис тариалж, борлуулах ажил эрхэлсэн байна.
Тэрээр Ирланд даяар хэд хэдэн байр түрээсэлж, тэндээ тариалсан мансууруулах үйлчилгээтэй ургамлыг савлан Дублинд зардаг байжээ.
Коллинз 2011 оноос тухайн үед нэг бүр нь $5-ын үнэтэй байсан биткоиноор төлбөрөө авч эхэлжээ. Түүний дансанд сүүлийн байдлаар 6,000 орчим биткоин хуримтлагдсан байсан гэнэ. Коллинзийн хохирол нь Ирландын засгийн газарт ч бас хохирол болж байна. Эрх баригчид хууль бус орлогыг улсын орлого болгох төлөвлөгөөтэй байжээ.
Р.Төмөр
Эх сурвалж: The Guardian