Монголчууд таныг харсаар цөхөрлөө, Ерөнхийлөгчөө

Айл болгонд нуугдсан “амьгүй албат”-ууд
Миний ээж 93 сүүдэр зооглоод, одоогоос арван хэдэн жилийн өмнө таалал төгсч билээ. Бид ээжийгээ оршуулж ёс төрийг нь гүйцээгээд дүүрэг хороондоо мэдэгдэн хүн амын бүртгэлээс хасуулан, иргэний үнэмлэхийг нь хүчингүй болгож билээ. Жилийн дараа утас хангинаж “Дуламсүрэн гуай та аяга халбагатайгаа хорооны Улаанбуланд хүрээд ир. Хүндэтгэлийн зоог барина” гэдэг байгаа. Ахмадын баяраар хорооны өндөр настнуудыг урьж, ийнхүү дайлдаг байсан юм. Гэнэт дотор хачин боллоо. Жилийн өмнө таалал төгсөөд хүн амын бүртгэлээс хасуулчихсан ээжийг минь ингэж дууддаг ямар учир байна гээд очлоо. Тэгсэн чинь ээжийн минь нэр хорооны хүн амын бүртгэлд байгаагаар барахгүй, манай ам бүлээс ч хассангүй.
Хороо хорины шинэ хуучин удирдлагуудыг баахан зэмлээд дахин хасуулж билээ. Тэгсэн чинь их учиртай юм байж. Засаг захиргааны нэгж, нийгмийн даатгалын байгууллага, банк санхүүгийнхний “амьгүй албат”-уудын бүхэл бүтэн сүлжээ илэрч билээ. Монголын 10000 нас барагчийг “амьгүй албат” болгоод нийгмийн даатгалынх нь мөнгийг хувааж  хүртдэг байсан онц ноцтой хэргийг илрүүлж, хууль хяналтын байгууллагууд шалгаж эхлэсэн л дээ. Улсын хэмжээнд нас барсан хүний мөнгө идсэн олон тэрбумын хэрэг илрүүлж сонин хэвлэлээр мэдээлсэн боловч тэгсхийгээд нам дарагдсан. Тухайн үеийн гол буруутан сайд дарга нар, бараг зохион байгуулсан хүмүүс нь арга хэмжээ авагдалгүй хоцроод, доод, дунд шатны хэдэн хүнд арга хэмжээ авсан уу, үгүй юу, сүр бадруулаад өнгөрч билээ.
Монгол дахь “амьгүй албат”-уудын хэрэг эндээс эхлэсэн юм. Одоо бол өнгө төрхөө олон янзаар хувиргасан байна. Гол нь хороо дүүрэг, нийгмийн даатгалын болон халамж үйлчилгээний газрууд, цахилгаан дулааны шугам сүлжээ, банк санхүүгийн байгууллагууд “амьгүй албат”-уудыг олон зуу, мянгаар нь төрүүлэх болсон байна.
Та нар хар даа, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цахилгааны үнэ өсчихлөө, орон сууцны үнэ дийлдэхээ байлаа гээд л байнга гомдол явж байгаа биз дээ. Үүний чинь цаана “амьгүй албат”-уудын эзэд байдаг юм байна. Тэр эздүүдийн том сүлжээ байдаг юм байна. Би өөрийн санамсаргүй нэгэн тохиолдлоо баримт болгож авбал илүү ойлгомжтой болов уу.
Манайх ам бүл гурвуулаа. Хөгшин, хүүхдийн хамт арваад жил амьдарч байгаа юм. Бид орон сууцны контороос нэхсэн хураамжуудыг цаг алдалгүй өгчихөөд л явдаг байсан. Тэгтэл энэ оны зургадугаар сар орчмоос орон сууц, шугам сүлжээний үнэ тариф гэнэт нэмэгдчихжээ. Эхний үед ч бас анзаарсангүй. Саяхан орон сууцны конторын зохих албаны хүмүүстэй уулзаж шалгуулсан чинь манайх дөрвөн ам бүлтэй болчихсон. Бүх татвар хураамжийг дөрвөн ам бүлээр хураагаад хэдхэн сарын дотор 71000 төгрөг илүү авчихаж. Гомдлоо хэлсэн чинь “Хороо руу оч. Бид ам бүлийн тодорхойлолтыг тэндээс авдаг” гэж байна. Хорооны цахим бүртгэлээс шүүсэн чинь манай гурван ам бүл хэвээрээ л  байна. Учир явдлыг хорооны даргаас асуусан чинь “Орон сууцныхан чинь өөрсдөө айлуудад ам бүл нэмээд мөнгө илүү авчихдаг байхгүй юу. Олон иргэний санал гомдол ирсэн” гэж байх юм. Би гурван ам бүлийнхээ тодорхойлолтыг хийлгэж аваад гомдол гаргагчидтай уулзахаар явлаа. Олон айлд “амьгүй албат”-ууд нуугдаж байдаг юм байна. Орон сууцны конторынхон мөнгө хэрэгтэй болохтойгоо зэрэг л айлуудад “амьгүй албат” нэмчихдэг, цахилгааныхан мөн адил мөнгөний хэрэгцээ болвол санаанаасаа гэрэл биччихдэг, ийм сүлжээ Улаанбаатарт бий болсон гэнэ. Ингээд Улаанбаатарт хамгийн амар хялбар аргаар баяжиж болох газар нь дээр дурдсан зарим байгууллагууд, тэдний овсгоотой дарга нар гэнэ. Тэд, хууль хяналтын байгууллагын эрх мэдэл бүхий хүмүүстэй нягт холбоотой ажилладаг учраас энэ бохир мөнгөний сүлжээ амь бөхтэй оршиж байгаа гэх.
Би бас л нэг баримт авъя. Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт гэнэт гоёмсог шилэн орд харшууд сүндэрлэн босч үүдэн дээрээ “Монзам” “Тансаг моторс” авто худалдаа, “БТЗ аудит ХХК” гэхчлэн өнгө алагласан хаягууд хадсан байгаа. 4-10 давхар энэ шилэн ордууд бол саяхан хүртэл Орон сууцны конторын дарга байсан Г.Эрдэнэцэцэг гэгч эмэгтэйн хувийн хөрөнгө. Би энэ даргын тухай жаахан түүх ярьвал, орон сууцны конторын дарга нар “амьгүй албат”-уудын хүчээр яаж баяжиж болдогийн зах зухыг ч болов ойлгох байх. Г.Эрдэнэцэцэг даргатай манайхан эгэл жирийн хөршүүд байсан. Энэ эмэгтэйг конторын дарга байхад улсын төсвөөр арваад тасалгаатай тоосгон байшинг конторын зориулалтаар барьж өгсөн. Өөрөөр хэлвэл манай хороо улсын төсөв хөрөнгөөр орон сууцны конторын шинэ сайхан барилгатай  болж билээ. Энэ үед анзаарагдаж байсан нэг зүйл бол орон сууцны үйлчилгээний үнэ тариф асар хурдацтайгаар нэмэгдэж, гомдол санал их гарах болсон. Манай ард түмэн ч дэндүү тайван хүмүүс юм даа. “За яахав, энэ мөнгө улсад л орж байвал болох нь тэр” гээд ер анзаардаггүй байж.
Тэгтэл!
Тэгтэл манай орон сууцны гадна талбайд байсан задгай агуулахыг нураагаад яах ийхийн завгүй 4 давхар том хаус барьчихлаа. Өндөр төмөр хайстай, үүдэн дээр нь зуудаг нохойтой, хаалганыхаа дэргэд хамгаалагчийн байртай, ямар тансаг орд харш боссон гээ. П.Жасрайн гудамжны өнгө нь тэр хувийн орон сууц болсон. Хэнийх вэ? гэсэн чинь орон сууцны конторын дарга Г.Эрдэнэцэцэгийнх гэнэ. За яахав, мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, дураараа л болог гээд өнгөрсөн.
Дараахан нь нэг шөнө орон сууцны конторын шинэ тоосгон барилгыг маань нураагаад зөөчихсөн. Лав л тав зургаан зуун сая төгрөгөөр баригдсан байх. Хэдэн өдөр шөнө л зөөсөн. Улсын асар их хөрөнгө шүү! Яаж байгаа нь энэ вэ гэсэн чинь орон сууцны конторын дарга Г.Эрдэнэцэцэг энэ байшинг нурааж буйран дээр нь 10 давхар ордон барьж орон сууцны контороо оруулах юм гэнэ. Бас арваад айлын орон сууцанд нь, дан өөрсдийнхөө ажилчдыг оруулах юм  гэнэ хэмээн шуугилаа. Нэг хэсэг нь “юу л бол!” гэж гайхсан. Нөгөө хэсэг нь, “яамай даа, манай орон сууцны контор сайхан барилгатай, ажилчид нь орон байртай болж амарч дээ” гэцгээсэн. Ингээд “үүрээ эвдүүлсэн” ажилчид маань нэлээн хол, дулааны дэд станцын барилгын дуу шуугиан, тоос шороотой хэдэн өрөөнд байрлах нь тэр. Шинэ байр хурдан боссон. 4-10 давхар шилэн ордон яах ийхийн завгүй сүндэрлэн босч, таван давхар орон сууцны цонхнуудыг хаагаад барьчихаа ч мартаагүй. Ямар ч хэл ам болсон Г.Эрдэнэцэцэг даргад халдах “эр зоригтон” манай хороо дүүрэгт л лав байхгүй болсон.
Шилэн ордон сүндэрлэж босоод тав зургаан жил боллоо. Орон сууцны контор ч нүүж орсонгүй, ажилчид нь ч нүүж орсонгүй. Түрүүчийн миний хэлдэг олон албан газрын хаяг хадагдсаныг харвал оффисын зориулалттай барилга болж. Доод сууриндаа ЦТП-г бүтээж нууцлаад нүх ухаж байсан. Тэр шугам сүлжээ одоо байдаг эсэхийг мэдэхгүй. Ингэж конторын дарга Г.Эрдэнэцэцэгийн хувийн  бараг л хороолол гэмээр том барилга байшингууд одоо хэрнээ сүндэрлэж байгаа. Хүмүүсийн ярих нь “Г.Эрдэнэцэцэг бидний орон сууцны төлбөрөөр боссон энэ барилгаа түрээслэдэг гэх. Зарим нь “хүнд худалдчихсан” гэх. Юутай ч манай Баянгол дүүргийн 4-р хорооноос нэг “тэрбумтан” төрсөн байх нь. Харамсалтай нь орон сууцны контор маань өнөөх л хөөгдөж орсон дэд станцын хэдэн бөглүү өрөөндөө, ажилчид нь орон сууцанд ороогүй аргаа барцгааж явах юм даа. Иргэд “Г.Эрдэнэцэцэг бидний орон сууцны төлбөрөөр ийм тансаг хороолол барьчихлаа” хэмээн бухимдаж зарим нь Авилгатай тэмцэх газарт хандсан сураг байсан. Г.Эрдэнэцэцэг хатагтай ардаа байдаг хууль хяналтынхны нөлөөгөөр, ёстой л “даналзаад” гарч гэнэ гэсэн яриа ч явж л байсан. Ард нь “том хүн” бий гэсэн.
Ганц Г.Эрдэнэцэцэг ч биш, орон сууц, цахилгаан дулааны төлбөрөөр олон хүн “Амьгүй албат” босгож баяжиж таргалсан гэх юм билээ. Тэднийг хянадаг шалгадаг байгууллага, хүмүүс ч бараг байхгүй болсон юм биш үү?! Г.Эрдэнэцэцэг дарга маань ийм том орд харш байгуулж аваад халагдсан л даа. Одоо хаана явдгийг мэдэхгүй.
Ганцхан манай гэрт нуугдсан “амьгүй албат” л зургаахан сарын дотор 71000 төгрөг “идчихэж” байгаа юм чинь улс, хот, дүүрэг хороогоороо бодож үзвэл хэчнээн их наядыг залгиж байгаа бол гэхээс гол харлах юм. Би хэдэн зүйлийг санал болгох гэж үүнийг тэрлэж байна.
Нэгдүгээрт, Удахгүй, улсын хэмжээнд хүн ам орон сууцны тооллого явагдана. Иргэн та түүнээс наана гэр бүлийнхээ улсад, орон сууцанд төлдөг төлбөр тооцоогоо нэг удаа нарийн нягталж үзэхэд илүүдэхгүй болов уу.
Хоёрдугаарт, Хүн ам, орон сууцны тооллогыг явуулахдаа цагдаа хуулийн байгууллагынхантай хамтарч “амьгүй албат”-ын дүрээр иргэдийг, улс орныг хохироодог хүмүүстэй хатуу тооцоо хийх нь зүйтэй юм шиг.
Гуравдугаарт,  Өнөөдөр, жирийн иргэн хүнд ямар их дарамт ирж байгааг төр засгийн удирдлагууд тунгаан бодох цаг болсон баймаар. Жирийн хүний нэг халааснаас улс тав дахин гэх мэт татварын журмаар суйлж, нөгөө халааснаас  нь зальт этгээдүүд хараа хяналтгүй суйлаад байхаар шудрага иргэд яаж амь амьдралаа залгуулах болж байна аа?!
Дөрөвдүгээрт, Монголыг талж дээрэмдсэн, нийгмийг ийм болтол нь ядууруулсан буруутнуудтай тэмцэхийн оронд эрх мэдэл албан тушаалаа ашиглан шоронгоос суллаж, гадагш нь оргуулж, оргуулсан хойноо хэрэгт татаж, эрэн сурвалжилж жүжиглэдэг, Монголын мафийн “гал хамгаалагч” цөөн хэдэн шүүгч, прокуроруудаасаа хэзээ яаж салах юм бэ?
Бүх эрх мэдэл нь Ерөнхийлөгч Х.Баттулгад бий. Монголчууд таныг харсаар цөхөрлөө шүү дээ.
Ингэсээр Монгол маань “амьгүй албат”-уудын улс болох юмуу?!

Г.Жамьян
(Монгол Улсын соёлын  гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан