Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн сүр дуулиантай эхлүүлсэн айлчлал даржиндуухан төгсч байгаа бололтой. Оросын худалдааны 46-63 хувь байдаг татварыг тэглүүлнэ, болохгүй бол багасга гэж хэлнэ, мөн байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах тухай асуудлыг ярина гэсэн ийм хоёр том ажил амжуулахаар шуугиан шаагиан болгоод л явсан. Эхний асуудлын тухайд, манайх ОХУ-д дагаар орох шахуу юм болохоор Евразийн Эдийн засгийн холбоонд нь элсэхээр болж байх шиг байна. ОХУ, Казахстан, Беларусь, Кыргызстан, Армен улс энэ холбоонд нь багтдаг. ЗХУ гэж байх үеийн стан орнуудад зориулагдсан гэмээр энэ холбоондоо оруулах гэж янз бүрээр санал тавьж эцэст нь “Худалдааны татвараа буулгахгүй” гэж чангалсаар байгаад энэ байгууллагадаа элсүүлэх маягийн юм болоод явчихлаа.
Хоёр дахь асуудлын хувьд, манай дарга нар сүүлийн 20 жил хийн хоолой гэдэг хий хоосон зэрэглээ хардаг өвчинтэй болчихоод байгаа. Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын дараа харахад, тэр зэрэглээ нь зэрэглээ хэвээрээ л үлдэх шиг боллоо доо. Засгийн газрын хэвлэл хариуцсан хүмүүс ард түмний тархи угаасан мэдээлэл цацаж байна. “...Хоёр улсын судалдааны ажлын хэсгүүд одооноос байгалийн хийн хоолойн эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, ТЭЗҮ боловсруулах зэрэг ажлаа эхлэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн. Манай Ерөнхий сайд В.В.Путины араас Сочид очиж бараалхаад энэ улиг болсон хийн хоолойгоо л ярьсан. Үүнийх нь хариуд Оросын Эрчим хүчний яам “Газпром”-д “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрутаар байгалийн хийн хоолой барих ажлын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон”-ыг ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев нийтэд уламжилжээ.
Эдийн засгийн үр өгөөж гэж тэд юу яриад байна вэ гэхээр, Хятад улс Монголын зүүн талаар тойруулаад хийн хоолойгоо нээчихсэн. Оросыг хийн хоолойгоо барьж байх зуур Хятад улс бүх хотуудаа хийн хоолойгоор холбочихлоо. Бүр Үрэмч хот хүртэл тэр хоолойгоо хүргэчихсэн зураг харагдана лээ. Тэгэхээр баруун талаар хийн хоолой тавих үр ашиг нэг их харагдахгүй байна. Орос, Хятад улс өөрсдөө ч хэлж байгаа. Шинжаан, Уйгарын мужид гэнэт том хэрэглэгч л гарч ирэхгүй юм бол одоохондоо хаваасаг гэж. Ингэхээр Оросын тал хамтарсан судалгаа хийсэн болоод “Эдийн засгийн үр өгөөж муутай” гээд энэ ажлыг хаахад манай дарга нар хийн хоолой гэсэн хий хоосон үлгэрээ ярьсаар хоцорно гэдгийг таахад нэг их ухаан зараад байх юм алга. Мэдээжийн асуудал шүү дээ. Хятад, Орост үр өгөөж нь тиймхэн бол тэдэнд одоохондоо шаардлагагүй гэсэн үг. Эдийн засгийн үр өгөөж гэдэг зүйл дээр бас нэг зүйлийг нэмж хэлэхэд Монголоор тэр хоолой нь явлаа гэхэд 1000 гаран км хоосон цөлөөр дардан өнгөрнө. Ямар ч том хот байхгүй. Хэрэглэгч үгүй. Манай мунхаг дарга нар Улаанбаатар хот сая гаран хүнтэй, бүгд хэрэглэгч гэж хэлж чадахгүй, одоо хүртэл “Бариад эхлэнгүүт нь гэнэт гуйна даа” гэсэн болхидуухан юм яриад сууж байдаг. Уг нь ухаантай хүн бол “Улаанбаатар бол асар өндөр хэрэглээтэй. Өсөн хөгжиж, тэлж байгаа хот” гэж итгэл төрүүлэхүйц зүйл яриад сууж байх ёстой. Ингээд эцсийн дүндээ сүр болж гайхуулаад байгаа, ард түмнийг хуураад буй байгалийн хийн хоолойг В.В.Путин “Эдийн засгийн үр ашиггүй” гээд л хаачихна.
Хийн хоолой гэдэг үлгэр бол шинэ үлгэр биш юм. Хорин жил ярьж байгаа, дахиад 10 жил лав яригдах үлгэр. Дарга нарыг яагаад хийн хоолой гэсэн үлгэр яриад байдгийг монголчууд ойлгодоггүй. Нэг их өгөөмөр гүрэн бидний хойд зүгт байдаг, тэр нь биднийг харж үздэг, хийн хоолойгоо манай дээгүүр тавих гэж байгаа, хийн хоолойн ажил эхэлбэл мянга мянган залуус ажлын байртай болно, тэгээд бид баяжина гэдэг үлгэр яриад байдгийг Монголын ард түмэн ойлгодоггүй.
Яагаад вэ гэвэл ард түмэн бүхнийг мэдэж байдаг, үл бүтэх юмыг үргэлж давтаад байгаад нь залхчихсан. Ард түмэн “Орос улс Орос шиг байхаа больжээ” гэж ярилцдаг болоод удсан.
Хамгийн хоржоонтой нь энэ хийн хоолой гэх зэрэглээнийхээ хариуд манай мулгуу дарга нар Эгийн голын усан цахилгаан станцаа барихаа больж байх шиг байна. Энэ талаар Оросын хэвлэлүүдээр тов тодорхой бичиж эхэллээ. Манай дарга нар үүнийг ард түмэндээ яалаа гэж хэлэх вэ, тас нуугаад өнгөрөхийг оролдоно. Цахилгаан станцуудаа сайжруулна, хүчин чадлыг нь нэмнэ, ингэхдээ Оросын талтай нягт хамтарч ажиллана ч гэх шиг юм ярьцгааж тойрч хаяглаж гүйгээд байгаагаас нь харахад энэ бүхэн илт ойлгомжтой боллоо. Бүр цахилгаанаа аваад байхаас өөр замгүй гэх ухааны юм ярьж байна. Бас нууцалсан гэрээ хэлэлцээнийхээ үеэр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх тухай баахан шахуулаа биз.
Манай сайд, дарга нар Орос руу очихоороо цаазлуулах гэж байгаа хүн шиг сонин болчихдог. Цаазын ял сонсохоор шүүх хурал руу орж байгаа ялтан мэт өөрийн ямар ч хяналтгүй болж, огт худлаа яриад эхлэх юм даа. Одоо энэ зэрэглээ адил үлгэрүүдээсээ салах цаг болсон. Бид хоёр хөрштэйгөө эвтэй л байна уу гэхээс биш хоёр хөршөөрөө дэмжүүлж, тэд хөрөнгөө манай улсад оруулж ирээд биднийг хөгжихөд тусална гэж хэзээ ч байхгүйг бид харлаа. Өмнөд Монгол, Буриад хоёроос илүү хөгжилтэй болгож болохгүй гэсэн бодлого байдаг гэдэг нь үнэн юм. Тиймээс бид гурав дахь хөршийн бодлогыг өндөр түвшинд гаргах хэрэгтэй. Европын холбоо, Япон, Солонгос, Америк гэсэн гурав дахь хөршүүдтэйгээ харилцах харилцаандаа чанарын өөрчлөлт хийж, харилцаагаа өндөр үе шатанд гаргах хэрэгтэй болоод байна.
Үнэндээ манай хойд хөрш ядуу байна, хэцүү байна, хоригт орчихсон байна. Эзлэн түрэмгийлэгч дээрэлхүү зангаасаа болоод дэлхий даяар хашигдчихаад байгааг бид харж байгаа. Олигархиуд нь эзэлчихсэн, олон улсад нэр хүнд маруухан байгаа юм чинь бидэнд ямар юмаараа тусалж чадах билээ. Манайхны дарга нарын тархинаас ОХУ-ыг хуучны ЗХУ-ын үеийн орон, орос ах нар минь гэдэг балартсан үзэл бодол салж өгдөггүй юм уу яадаг юм, ямар учир байдаг юм бол. Хойшоо очихоороо сүнс сүлдээ гээчихээд амаа ангайлгаж чадахгүй байж байгаад ирдэг. Тэглээ ч манай хоёр улсын үнэт зүйл нь өөр юм. Манайх ардчилалтай орон, тэднийх авторитор дэглэмтэй улс. Тэгэхээр бид хоёр хөрштэйгөө эв найртай л байх талаар бодно уу гэхээс биш эдийн засаг талаасаа дэмжүүлнэ, туслуулна гэсэн бодлоосоо даруйхан татгалзах хэрэгтэй болжээ.
Ээ, тэгээд ядруухан, архинд орчихсон ахындаа зочилж очихоор ямархан гунигтай дүр зураг угтдаг билээ дээ. Үг сольё гэхээр өөдөөс ахархаад байдаг хэрнээ гийгүүлж байгаа юм үгүй. “Тэг, ингэ” гээд зааварлаад үүрэг өгөөд толгой түрүүгүй загнана. Сүүлдээ бүр очсоноосоо эс юм болдог билээ. Яг л тэрэн шиг ая зантай айлчлал болж өнгөрлөө дөө.
Д.Гансаруул
Эх сурвалж: Өдрийн сонин