У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал тэгэхээр хоёр талд, тэр тусмаа Монгол Улсын хувьд маш чухал ач холбогдолтой, хүлээлттэй байсан гэдгээрээ онцгой анхаарал татаж байлаа. Энэ талаар дор өгүүлэх болно.
- Манай Ерөнхий сайдад Путины сая хэлсэн үг нь монголчуудад гэхээсээ илүү Хятадад хандсан үг гэж ойлгогдлоо
- Сонгууль монгуульд оноо авах төдийд ашиглана гэж тооцоод, гараа хумин суух юм бол жинхэнэ шившиг болно л доо
- Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д анх удаа албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн төдийгүй манай Ерөнхийлөгч ч энэ хугацаанд хойд хөршид төрийн албан айлчлал хийж байгаагүй юм
У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал тэгэхээр хоёр талд, тэр тусмаа Монгол Улсын хувьд маш чухал ач холбогдолтой, хүлээлттэй байсан гэдгээрээ онцгой анхаарал татаж байлаа. Энэ талаар дор өгүүлэх болно. Төрийн албан айлчлал нь ямар нэгэн арга хэмжээнд төрийн, болон засгийн тэргүүнүүд уригдаж оролцохоос асар ялгаатай зүйл. Тиймээс таван жилийн өмнө Ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд уригдаж оролцсон Ц.Элбэгдорж, жил бүр уламжлал болон зохиогддог Владивосток, Эрхүүгийн эдийн засгийн форум, арга хэмжээнд цуварч уригддаг өмнөх Ерөнхий сайд нар, Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалуудыг албан ёсны Төрийн айлчлал гэж андуурах хэрэггүй. Тэгэхээр хөрш хэрнээ, хамгийн дотно харилцаатай атлаа Монгол Улсыг үл тоож Оросууд арав гаруй жил төрийн албан ёсны хэмжээнд айлчлал хийлгэж байсангүй гэхээсээ илүү манай ГХЯ-ынхан маш муу ажиллаж байжээ гэж дүгнэж болох юм. Үнэхээр ч манай гадаад харилцаа өнөөдөр ямар ч нэр хүндгүй, хамгийн дорой, өмхийрч ялзарч, чадавхаа бүрэн барсан дампуу салбар болон нурж унасан. Харин яаж энэ удаа У.Хүрэлсүхийг албан айлчлал хийлгэхэд хүргэж чадав гэдэг л сонирхолтой санагдаад байгаа юм. Яг үнэндээ хойд хөршийн зүгээс бидэнд хүндэтгэлтэй хандлага гаргаж төдийлэн дотносоод байхаа больсон цаг дор бид Оросуудаас Хятад руу нийлүүлэх хийн хоолойн шугамаа Монголоор дамжуулаачээ гэж гуйхын тулд энэ айлчлалыг хийлээ гэж хэлэхэд буруудахгүй байх аа! Энэ удаа ч Ерөнхий сайдыг ямар ч хэрэггүй, нэмэргүй манай төгс орк улстөрчид бас л бөөн бөөнөөрөө сүрэглэн дагалдаж яваад ирж.
Ирсэн даруйдаа Ерөнхий сайдаасаа түрүүлээд, хийн хоолойг бид Монголоор дамжуулж тавихаар болгож, зөвшөөрлийг нь аваад ирлээ хэмээн ам булаалдан ярьцгаалаа. Элэг авмаар! Тэдний гэрээ, хэлэлцээр хийдэг гэж нээрээ юу байдаг билээ. Шившиг, элэг доог болж дэлгүүр хэсч, хүлээн авалтын хоол бараадан “буудаж” яваад ирдэг гэдгийг нь харин ч сайн мэдэх юм. Ерөнхий сайдын хэвлэлийн алба ч тэднээс дутах юмгүй “онгирч” байна. Хийн хоолойг Монголоор дамжуулж тавина гэдгийг Путин, Хүрэлсүх хоёр уулзаад шийдчихлээ. Орос өвгөн “Монголоор дамжуулахгүй байх улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй” тиймээс “судалж үзье” гэж манай "булчинлаг" залууд хэлсэн нь хийн хоолойн 50 хувийг тавьчихсантай адил гэсэн үг гэж ирээд л сурталдаад эхэлж байна. Энэ чинь нэгдүгээрт САНАМЖ бичиг төдий гэдгийг бид хаана хаанаа ойлгох хэрэгтэй л дээ. Аливаа хамтын ажиллагааны талаар санамж бичиг гаргаж, байгуулж байгаа нь уг асуудлыг хэрхэхийг бүрэн шийдчихэж байгаа хэрэг огт биш юм. Санамж бол санамж, сануулга, санал болгож буй төдий зүйл. Санамж байгуулсан болгон хамтын ажиллагааны яс, тас гэрээ шиг заавал биелэгдэх ёстой гэж эндүүрч болохгүй. Тэгээд ч Оросууд зөвшөөрлөө гэхэд Хятадууд татгалзсан байр сууриа хадгалсаар байх аваас хэрхэх билээ. Тэгээд юу гэх гээд байна вэ гэхээр манай маанаг хэдэн улстөрч хөөрцөглөж, поопроод байх хэрэггүй юм. Ядаж хэдэн жилийн цаадахыг харж байж бурж баймаар. Тийм чадвартай нь ч тун цөөн л дөө. Тэгвэл ядаж “их тэнэгийн дуугүй нь сүртэй” гэдгийг мөрдөөд сууж байх нь өлзийтэй гэдгийг сануулмаар санагдаад байна. Тав, арван жилийн дараа санамж байгуулснаа ч мартчихсан сууж байж мэднэ шүү дээ, та нар! Ерөнхий сайд маань ямар ч байсан талархал магтаал урсган, ичингүйрэн бадайрч, инээмсэглэмэр аядаж байгаад санамж байгуулаад ирсэн нь сайн хэрэг. Оргүй байсан дор охинтой нь дээр гэдэг. Муу зүйл огт биш.
Харин хөөрцөглөж, онгироод байхын оронд Монголын Засгийн газар одоо л маш сайн, ёстой л чөмгөө дундалж, ясаа цайтал ажиллах хэрэгтэй байна. Сонгууль монгуульд оноо авах төдийд ашиглана гэж тооцоод, гараа хумин суух юм бол жинхэнэ шившиг болно л доо. У.Хүрэлсүх айлчлалаасаа буцаж ирснээсээ хойш цаг хугацааг алдаад эхэллээ. Тэр энэ санамж бичгийг ажил хэрэг болгох үүрэгтэй, зорилготой тусгай Ажлын хэсэг яаралтай гаргах хэрэгтэй байлаа. Ард түмэн, монгол хүн бүр шүүмжлэхийн оронд идэвх гаргаж, энэ төслийг ажил хэрэг болгоход нь тэднийг шахаж, бас туслах хэрэгтэй. Ингэхгүй л юм бол энэ санамж Мянгуужингийн үлгэр болж үлдээд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтээсээр яваа поп түүх улам л зузаарч үлдэх нь лавтай. Монголын улстөрчид, тэр тусмаа эрх баригчдын амласнаа биелүүлдэг жишиг, жишээ гэж ер нь байдаг билүү! Манай “томчууд”-ын албан айлчлалын хүрээнд хэлэлцэгдээд шийдэгдэж ажил хэрэг болсон зүйл бишгүй байдаг ч, хөөс болж хагарсан нь ч нэн их. Зүгээр л зарим нэг мэдээллийг сануулахад монголчууд бид ОХУ, Хятадыг холбосон хийн хоолойг нутгаараа дамжуулахыг асар хүсч байгаа нь үнэн. Гэхдээ манай хоёр хөршийн сонирхол тэс өөр байдаг болохыг өдгөө тэдний хооронд таван жилийн өмнөөс хэрэгжүүлээд эхэлсэн “Сибирийн хүч” төсөл харуулдаг.
Энэ төсөл дуусаж, ердөө арав гаруй хоногийн өмнө нээлтийн ажиллагаа болоод өнгөрлөө. Хятадын Зүүн өмнөд бүс рүү жилдээ 38 тэрбум шоо.метр хийг 30 жилийн хугацаатайгаар нийлүүлэх гэрээ байгуулж, ажлаа эхлүүлчихлээ. 400 тэрбум ам. долларын үнийн дүнтэй гэрээ. Зүүн талд тэгэхээр Монголын ямар ч оролцоо хэрэггүй болохыг харуулчихлаа. Харин Хятадын баруун бүсэд хий дамжуулах “Сибирийн хүч-2” төслийн дагуу Алтайн хязгаараар дамжуулан жилд мөн л 30 тэрбум шоо.метр байгалийн хий нийлүүлэх үйл ажиллагаа жаахан удаашрах болсон нь магадгүй бидэнд боломж олгож байгаа хэрэг. Хоёр тал нийлүүлэх хийн үнэ ханшийн ерөнхий хэлцлүүд дээрээ тохирохгүй байгаагаас ийн эхэлчихээд байсан төсөл саатсан гэж сонссон. Гэрээгээ хоёр тал үзэглээгүй хэвээр байгаа юм билээ. Энэ гэрээ тохиролцоонд хүрч хэрэгжээд эхэлбэл бидний хөөрцөглөөд байгаа “амжилт” маань үлгэр болж Монголыг энэ мега төслүүд тойроод гараад явчихна гэсэн үг. Иймээс л Путин ам гарсан дээр нь бид өөрсдөө санаачилгатай, асар шаргуу ажиллах л хэрэгтэй болоод байгаа юм. Хятадууд хэдийгээр дургүйцэж байгаа ч, Путинг зөвшөөрүүлсэн байхад учир бий л дээ.
Өмнө нь Владивостокын уулзалтууд дээр Путин манайд татгалзах зүйлгүй гэдгээ энэ удаагийнх шигээ амлаж л байсан, бид сонсоод л сууцгаасан. Тэгээд бидний зүгээс санаачилга гаргахгүй байхад тэд өмнөөс минь санаачилга гаргаад хүрээд ирэхгүй шүү дээ. Бидний нэг ийм арчаагүй залхуу, ажил хэрэгч биш байдал энэ удаа давтагдах ёсгүй гэдгийг л хэлэх гэсэн санаа минь энэ юм. Монголоор хийн хоолой дамжуулах нь эдийн засгийн хувьд ашигтай болохоор тэд биднийг гуйж л таарна гэж бодож байвал, дүүрчихсэн тэнэг толгой л гэхээс өөр үг бидэнд үл таарах бий вий. Хятадад хий нийлүүлэхэд зуучлагч, тэр тусмаа Монгол ямар ч хэрэггүй гэдгийг өмнөд хөршийнхөн илт илэрхийлдэг шүү дээ. Тэд ядаж Путин шиг судалж үзье, татгалзах зүйлгүй энэ тэр ч гэж хэлдэггүй юм. Манай Ерөнхий сайдад Путины сая хэлсэн үг нь монголчуудад гэхээсээ илүү Хятадад хандсан үг гэж ойлгогдлоо. Хэрвээ баруун талаар хий нийлүүлэх төсөл урагшлахгүй хэвээр байх юм бол Монголоор дамжуулж барьж болох юм шүү гэсэн санаагаа тэрбээр илэрхийлж, тэдэнд дохио сануулга өгч байж болох шүү дээ. За тэгээд Ерөнхий сайд минь ажиллаад л байх хэрэгтэй болж дээ. Үр дүн хичээл зүтгэлээс л гардаг гэдгийг монголчууд бүгд эргэн санаж, хамтдаа хичээх л ёстой болно доо. Хоолой Монголоор дайраад гарсны дараа хэн ч онгирч болно шүү дээ.
Ш.Даваадорж
Эх сурвалж: baabar.mn