Малчдын амь амьдрал, цалин хөлс бол мал, махны үнэ юм шүү

Мал, махны үнэ өсөх ёстой. Дэлхийн дундаж ханшид тултлаа өсөх учиртай. Нүүдэлч малчин удмын Монголчуудын, Монгол малчдын хөдөлмөр хэзээ үнэлэгдэж бүтээсэн баялаг нь үнэ цэнэтэй болох юм. Хаант орос Павловтангууд, Хятад, Манж Дашинхүүтэнгүүд Монголчуудын малыг маш хямдаар сүрэглэн тууж байсан дундад зуун. ЗХУ Эдийн засгийн харилцан  туслалцах зөвлөлийн хамтын нөхөрлөлийн орнуудын харилцан тохиролцсон шилжих жишиг үнэ дал гаруй жил Монголын мал махыг хямдаар авч идсэн хорьдугаар зуун. Өнгөрсөн зууны эцсээр нэгдэл, сангийн аж ахуйнууд тарж бутран өмч хувьчлал, эмх замбараагүй эзэнгүйдэл малчдыг малтай нь, зудан дунд, жалгын нэг тараагаад хаясан. Малчин мал хоёр маань 30 жил мөнчгөрөөрөө зүтгэсээр байж арай л гэж нэг юм цусандаа шингэсэн малч удмынхаа хүчээр хөл дээрээ дөнгөн данган тогтож, бүтээсэн баялгаа зах зээлийн жамаар нь үнэлүүлээд борлуулчихья гэтэл ...
У.Хүрэлсүх: -Махны үнэ нэмэгдвэл Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү.
Ч.Улаан: -Махны нийлүүлэлтийг сайжруулах хэрэгтэй. Нийлүүлэлтийг сайжруулах хэрэгтэй яаж.
Юуны өмнө ярьж байгаа зүйлийнхээ мөн чанарыг өөрийн орны нөхцөлтэйгөө уялдуулан зөв тодорхойлохын тулд наад зах нь судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, сайжруулах бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлэх тодорхой ажил ажилбаруудаа тодорхойлж амжаагүй л байх шиг. Энэ талаар эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүстэй тодорхой ярьж санаа бодлоо хуваалцаж, зөвийг хийх шинэ санал дэвшүүлж, мэтгэлцэж, онол практикийн ололт амжилт, алдаа сургамжийн талаар дүгнэн ярилцаж, өчигдрийн сургамж, өнөөдрийн байдал, маргаашийн үнийн тухай урьдчилан харж дүгнэж, цэгнэж, дэнсэлж чадахгүй байна.
ӨНӨӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ, ДҮР ЗУРАГ
Ч.Улаан сайд толгойгоороо хариуцахаар үнэ буурдаг бол сайн л байна. Олон юмны үнэд ашигламаар “сэрүүн зүүд” сайд хариуц гээд үнэ буурах нь битгий хэл "Би хариуцна” гэж цээжээ дэлдсэн томчуудын, Ерөнхий сайдуудын хариуцаад бүтээсэн нь хаана байгаа юм бэ. Би л мэдэхгүй юм. Сүүлийн 30 жилд Атрын III аянаас өөр юу байгаа юм. Шинэхэн түүхээ эргэж харж дэнслэн тунгааж ухаан бодлоо уралдуулан сэтгэж санаачлан бүтээх цаг болсон мэт. Манай Засгийн газраас махны үнийг  тогтворжуулах талаар баримталж байгаа бодлого ч гэх үү, хийх гэж байгаа ажил ч гэх үү дараах найман зүйл сонсогдож, бичигдэж байх юм.
1.Энэ жилийн мах бэлтгэлийг дор хаяж гурав дахин нэмнэ. 
2.3ах зээл дээр ирж байгаа иргэдэд очих махыг мах комбинатууд авдаг гажуудлыг арилгана.
3.Малчдаас махыг нь аваад өөр гар дамжуулахгүй хэрэглэгчдэд хүргэнэ.
4.Малчид өөрсдөө төв суурин газар ирж махаа зардаг болох
5.Хүнс бэлтгэж байгаа малчид, тариаланчдынхаа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгана. Үнийг унагаахгүй.
6.Хэрэглэгчдийн худалдан авах үнийг өсгөж хөөрөгдөхгүй.
7.3ах зээл тогтвортой болбол үнэ зах зээлийнхээ зарчмаар тогтоно.
8.Энэ жил малчдаас махыг 5000 төгрөгөөс доошгүй үнээр авч зах зээлийн үнийг 10 мянгаас нэлээд доогуур тогтооно. За нэг иймэрхүү.
Унших, сонсоход ч аятайхан, хүмүүст бас таалагдах дэмжигдэх үгсийг хэлсэн байна. Нягтлан үзвээс маш том бодлогын чанартай арга хэмжээ олон дахинаар авах ч юм шиг, жижиг сажиг алдаа завхралыг арилгах ч юм шиг, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй ч юм шиг, өнөөдрийн ч алсдаа хойтон хаврын тухай ч яриад байна уу гэмээр.
Монгол Улсын зах зээл дээр үнэ нь өсөөд инфляцад нөлөөлөөд байгаа махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэн эрэлт нийлүүлэлтийн зохистой харьцаа үнэ тогтворжуулах ажил нь өөрийгөө хуурсан өнөө маргаашийн ажил биш. Махны үнээс үүдэлтэй ард иргэд, малчид, гадаад худалдаачдаа ч бодож тооцсон төрийн алсын хараатай бодлого гаргаж дорвитойхон далайцтай хөдлөх хэрэгтэй. Сүүлийн 10 жилийн махны үнийн өсөлт, бууралтад судалгаа хийж үзэхэд жилийн тодорхой үеүдэд хөдөлгөөнд орж, ижил давтамжтай сонирхолтой үзүүлэлтийг харуулдаг. Бид эндээс л ажлаа эхлэх хэрэгтэй. Манай ард түмний уламжлалт зан заншил, дөрвөн улирлын маань өнгө төрх, халуун хүйтэн уур амьсгалд хүнсэнд хэрэглэх зүйлээ хадгалах үүцлэх, хэзээ гаргаж идэхээ мэддэг нь бидэнд ихийг хэлж өгнө.
Зах зээл дээр махны үнэ жил бүрийн дөрөвдүгээр сарын дунд үе тавдугаар сарын эхээр өсч эхлээд зургаадугаар сарын 20-доор дээд цэгтээ хүрч байна. Үнийн өсөлт наадам хүртэл үргэлжлээд зарим жил наймдугаар сарын дундуур бууж эхэлдэг бол зарим жил шинэ идэш тултал үргэлжилнэ.
Намар махны үнэ буурах хандлага байгаа хэдий ч төв сууринд амьдрагч Монголчууд махны хэрэглээгээ байнгын ’’шинэ”-ээр амтлах сонирхолтой болсон нь дөрвөн улирлын эрэлтийг бий болгож нийлүүлэлтийг өдөр бүр хийхийг шаардах болсон байна. Өөр нэгэн зүйлийн нөлөөлөл нь баячуудын тансаглал буюу баян хоосны ялгаа маш их болж байгаатай холбоотой хөөрөгдөл. Махны үнэ буурна уу, өснө үү баячуудад огт падгүй. Тэд үнийг нь ч асуухгүй авна. Мах авахаар зогсож байгаа 10 хүний найм нь махны үнэ өсч байгааг мэдэрч Ерөнхий сайдад ховлоод байгаа хэрэг.
Тэд хэн бэ. Ядуучууд, тэд бол Монгол Улс 904 мянган ядуу иргэнтэй гэж дэлхийд зарлагдчихсан өнөөдрийн бид шүү дээ. Нийт хүн амын гуравны нэг нь ядуу ангилалд бүртгэлтэй үүний 378.2 мянга нь нийслэлд амь зуудаг. Эднээс гадна ядуучуудаас арай дээхнүүр үлээхээр доош орчихдог, сөрөхөөр гараад ирдэг ядуу дунд бүсэд сэлгэн амьдардаг  халамж тараахаар уруу царайлж байгаад авчихдаг, ядуу юмуу даа гэхээр зангиа хоолойгоо засаад алга болдог нэг хэцүү хэсэг байна. Тэр нь нийт хүн амын 15 хувь буюу 475.0 мянган иргэн юм. Албан ёсны ядуу 904 мянга дээр эднийг нэмэхээр нийт хүн амын маань тал нь ядуу зүдүү, өлөн зэлмэн амьдарч байна гэсэн дүгнэлт. Эдэнд маань махны үнэ ахадна. Олон айл өрх хоосон хонож байна. Нөгөөтэйгүүр тогтмол цалин авдаг улс төр, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний нийт ажиллагсдын 62.4 хувь нь төв суурин нийслэлд амьдарч байна. Нийслэлд амьдрагсдын тоо бүртгэлтэй, бүртгэлгүй 1.4 саяд хүрсэн байна. Дархан, Эрдэнэтэд 100 мянга давсан байна. Улам өсөх хандлагатай. Удахгүй төв сууринд амьдрагчдын тоо 2.0 саяд хүрнэ. Тэдний хүнсний хангамжийн асуудал ...
ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТ
Онолчид: Үнэ өсөх нь эрэлт их байгаагаас л тэр шүү дээ. Нөгөө нь нийлүүлэлт бага байгаагийн гай. Үнэ өснө, өөр яах юм гэцгээж байна. Төв суурин газрын иргэдийн хүнсний хэрэгцээ, экспортлогчдын гэрээгээр тохиролцсон махны нийлбэр эрэлтийг улсын хэмжээнд урьдчилан харж тодорхой бодлого төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын хүчин зүйлүүдийг бий болгож чадаагүйгээс л манай, хүнсний зах зээл дээр махны үнэ өсч байна. “Хүчит шонхор” зах дээр ирж байгаа иргэдэд очих ёстой махыг махны үйлдвэрүүд үнэ цохин авч гажуудал үүсгэж байна. Энэ гажуудлыг арилгана. Юу ярьж байна даа. Энэ бол гажуудал биш зах зээлийн үнэ гэдэг товчлууртай үл үзэгдэх гар ажлаа хийж байгаа нь тэр. Жижиглэнгийн болон гадаад худалдааны үнэ “Хүчит шонхор”-ын үнээс их л байвал ямар ч бизнесмэн эндээс мах авч л таарна. Ийм нааштай үнийн хайч ашиг үнэртүүлж байхад махны үйлдвэрүүд юу гэж зардал чирэгдэл гаргаж аймаг, сум хэсч ядарч зүдэрч мал мах бэлтгэж явах вэ.
Малчид махны ченжүүдэд зөвхөн ард түмэнд зориулж авчирсан гэж тусгайлан бэлтгэсэн мах байхгүй шүү дээ. Тэдэнд ганцхан л мах бий. Тэр нь хурдан борлогдох, мөнгө болох л мах юм. Үнийн өсөлт бол эрэлт их нийлүүлэлт багаас болж байгаа хэрэг гээд хэн ч хэлчихнэ. Гэхдээ эрэлт, нийлүүлэлт хоёр өөр өөрийн онцлог мөн чанар, үүнээсээ үүдэлтэй үнэн зөв, худал хуурмаг янз бүрийн үзэгдэл үйл явдлыг өрнүүлдэг. Махны эрэлт манай улсын зах зээл дээр зохиомлоор бий болоогүй, бодит нөхцөл байдал эрэлтийг үүсгэж үнэ өсгөж байна. Харин нийлүүлэлтийн мөн чанар өөр юм. Зах зээлд мах нийлүүлэх сэдэл нь малчин эр морио аргамжиж явахдаа “хүү, охин хоёр маань сургуульдаа явах боллоо. Хэдэн мал заръя" гэсэн аавын бодлоос эхтэй. Аав хоёр үхэр, 10 хонь гүйцээ, үүнээс илүүг нийлүүлэхгүй. Манай улс ийм л мах нийлүүлдэг механизмтай 30 жил боллоо.
Мал сүрэг маань 60-70 саяар тоологдоод махны үнэ өсөөд... Үнэ өсгөдөг эрэлт нь малчинд хэрэгтэй худалдан авагчид гайтай. Үнэ бууруулдаг нийлүүлэлт нь худалдан авагчид сайн ч малчинд хохиролтой. Тэгвэл эрэлт нийлүүлэлтийн зохист харьцааг/хэмжээ/ хангаж чадвал сая үнийн хөөрөгдөл зогсч, оролцогчдын ашиг сонирхол тэнцвэржиж үнэ тогтворжих болно.
Эцсийн эцэст энэ л юм шүү дээ. Эрэлт нийлүүлэлтийн зохист харьцааг төрийн бодлого, төлөвлөлт бүхий ухамсарт үйл ажиллагаа хяналттайгаар тогтооно. Олон жилийн давтамжтайгаар тодорхой хугацаанд махны үнийг хөөрөгдөж тогтворгүй байдал үүсгэж байгааг бүгдээрээ л мэдэж, мэдэрсээр л ....Юу ч хийж болох хугацаа өнгөрлөө. Нийлүүлэлтийг онилсон ямар ч арга хэмжээ авсангүй дээ. Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх цаг хугацааны хамааралтай үндсэн гурван чиглэл арга зүй байна.
Нэгдүгээр чиглэл арга зүй. Жилийн хугацаагаар хязгаарлагдахгүй дотоодын болон экспортод гаргах махны эрэлтийг тасралтгүй нийлүүлэх хүчин чадалтай улс болон малчин, тариаланч, фермерүүдийн ашиг сонирхлын нэгдэлд суурилсан үндэсний мал бэлтгэлийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Мах нийлүүлэх ажил бол мал бэлтгэх ажлаар эхлэх учиртай. Үндэсний мал бэлтгэлийн тогтолцоог бий болгох асуудал бол худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх стратегийн маш том зорилт болно. Үндэсний мал бэлтгэлийн байгууллага нь аймаг, сум бүрт мах бэлтгэлийн нэгжүүдийг байгуулж, хашир туршлагатай ахмад, шинэ залуу мал зүйч, малын эмч, мэргэжилтнүүд хамтран ажиллаж, шинжлэх ухааны үндэслэлтэй арга технологиор бордож тэжээж, оторлох, тууварлах, эмчлэн сэргийлэх, эрүүл орчны хорио цээр тогтоох зэрэг олон ажил ажилбарыг хийж зах зээлд байнга тасралтгүй мах нийлүүлэх үүргийг гүйцэтгэх болно. Бид энэ ажлыг ухаан, гар сэтгэлээ нийлүүлэн зориглон хөдөлбөл тийм ч хэцүү биш. Социализмын үед манай улс бүх нутаг дэвсгэр, аймаг, сум, багаа хамарсан худалдаа бэлтгэл, мал бэлтгэлийн маш өргөн сүлжээтэй байсан билээ. Бидэнд уламжлалт  туршлага бэлтгэж зохиосон бэлэн төсөл төлөвлөгөө ч байна. Монгол Улсын үндэсний “Мал бэлтгэл” хувьцаат компанийг байгуулъя. Хувьцаагаа нийтэд санал болгон арилжих замаар хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ босгоё. Эхний удаад хувьцааны 70-аас доошгүй хувийг улс худалдан авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг улсаас гаргана гэсэн үг юм. Гэхдээ улсын төсвөөс бус үйлдвэрлэл дэд бүтцийг дэмжих буцалтгүй тусламж, урт хугацаатай бага хүүтэй зээл гэх мэт эх үүсвэрийг ашиглаж болно.
Төр 70-аас доошгүй хувийн хувьцааг худалдан авч эзэмшин хөрөнгө оруулалтын маш чухал асуудлыг шийдвэрлэж байгаа хэдий ч нөгөө талдаа үүнээс ч хэд дахин чухал бас нэг ажлыг төр хариуцан гүйцэтгэх хэрэгтэй болно. Энэ бол компанийн удирдлага. Удирдлагын багыг ажил хэрэгч, хариуцлагатай шударга, мэдлэг мэргэжилтэй, удирдан зохион байгуулах авьяас чадвартай хүмүүсээр бүрдүүлэн ажиллах нөхцөлөөр хангаж төрийн зохицуулалт дэмжлэг үзүүлэн үндэсний мал бэлтгэлийн тогтолцоо механизмыг зах зээлийн нөхцөлд бие дааж ажиллах чадвартай болгон төлөвшүүлж, бэхжүүлж өгөх асуудал болно. Энэ үйл явц 2-3 жил үргэлжлэх бөгөөд бие даан ажиллаж үйл ажиллагаа нь идэвхжин, ашиг орлого нь тогтворжиж эхэлмэгц компани улсаас хувьцаагаа эгүүлэн худалдан авч улсын хөрөнгө оруулалтыг эгүүлэн төлж эхлэх болно.
Засгийн газар бодлого зорилтын уялдаатай бизнесийн хамт олныг бий болгоход биечлэн оролцож, удирдан зохион байгуулж улсын хэмжээнд таваар мөнгөний урсгалыг зохицуулах худалдааныхаа сүлжээг сэргээн босгож чадсанаар хүнс, хөдөө аж ахуйн салбар төдийгүй улсын хэмжээний чухал ач холбогдолтой үйлсийг бүтээх болно. 1990 оны эхээр монголчуудын амьдран оршихуйн үнэн бодит онцлогийг мэдэхгүй гадаад дотоодын бүхэл бүтэн улсаар тоглон туршигчдын үг ятгалгаар зах зээлийн зарчим гээч лут амьтан ирээд бүгдийг нь хийгээд, бүтээгээд өгчих юм шиг итгэж тунхаглаад эдийн засгийн шилжилт хийх, өмч хувьчлах нэрийн дор олон жилийн хугацаанд бүтээн босгосон үйлдвэр аж ахуйн газруудыг өөрсдөө авч үйл ажиллагааг нь зогсоож, зориулалтыг нь өөрчлөн дэлгүүр, баар цэнгээний газар болгоод, юу ч хийж бүтээж чадах маш өндөр удирдлага зохион байгуулалтын бүтэц бүхий хөдөлмөрийн хамт олныг тарааж устгаж дуусгасан гашуун түүхийг бид мартах учиргүй.

Р.Содхүү
УИХ-ын гишүүн асан
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу