Монголд дундаж давхарга байхгүй

“Эрчим” клубт тоглож байсан ОХУ-ын хөлбөмбөгчин Артем Кулеша, “Монголд дундаж давхарга гэж байхгүй. Эсвэл мөнгөтэй, эсвэл ядуу” гэж тодорхойлчихоод буцсан нь гашуун ч гэсэн үнэн бололтой. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй яваа нийгмийн гол массаа бид дундаж амьдралтай гэж хардаг нь хол эндүүрсэн хэрэг бололтой.
Өөдрөг статистик
Энэ есдүгээр сард Монголын Үндэсний олон нийтийн телевизээр цацагдсан “Алсын хараа 25” хэмээх хэлэлцүүлгийн үеэр манай статистикчид Монгол Улсын хүн амын 59 хувь нь дундаж давхаргад амьдарч байгааг ард түмэндээ тун ойлгомжтой өнгөт графикаар үзүүлсэн. Ер нь бол төрийн зүгээс дундаж давхаргын нийгэмд эзлэх жинг амны билгээс ашдын билэг гэгчээр үргэлж ийнхүү өсгөн үзүүлэхийг эрмэлздэг билээ.
Таван жилийн өмнө МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэргэдэх бодлого судлалын хараат бус төв буюу Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)-гээс АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн IRIS төвтөй хамтран байгуулсан судалгааны хүрээнд хамгийн сул хэмжилтээр хэмжихэд Монгол Улсын дундаж давхарга 85 орчим хувь, орлогын босго өндөр хэмжүүрээр хэмжвэл 30 орчим хувь байсан юм.
Бүүдгэр эрэмбэ
Бизнесийн болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Ажу Консалтинг “ ХХК цахим хуудсандаа асуудлыг арай өөрөөр харсан дүгнэлт хийжээ.
Монголд дундаж давхарга байхгүй
Тэнд өгүүлэх нь, “Хүн амын орлогын тэгш бус байдлын хэмжүүр болсон жини коэффицент тэс өөрийг өгүүлнэ. Нэг рүү дөхөх тусмаа орлогын хуваарилалт тэгш бус байгааг илтгэдэг энэ үзүүлэлт 0.35 болтлоо өсчихөөд байна. Өнөөгийн энэ дүн нэг суурь нэгжээр өсөхөд л хувьсгал, нийгмийн өөрчлөлт өрнөсөн жишээ ОХУ-аас эхлээд цөөнгүй бий. Тиймээс тэгш бус хуваарилалт эмзэг хэвээр байна. Дээрээс нь Монгол Улс төсвийн орлогынхоо бараг 90-ээд хувийг татварын орлогоос бүрдүүлдэг атал хүн амын орлогын татвар үүний 10 хүрэхтэй үгүйтэй хувийг эзэлж буйгаас харахад дундаж давхарга хангалттай төлөвшиж чадаагүйг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн суурь нь бага орлоготой иргэд болж, дундаж давхаргын эрэмбэ, жин бүүдгэр хэвээр”.
Дундаас доогуур орлого
Дэлхийн банкнаас жил бүр улс орнуудын Үндэсний нийт орлого (GNI)-ын хэмжээнд тулгуурлан Атлас аргачлалаар орлогын ангиллыг тогтоодог байна. Тэр нь дөрвөн зэрэглэлтэй:
Их орлоготой (12376 ам.доллар буюу түүнээс дээш)
Дунджаас их орлоготой (3996-12375 ам.доллар)
Дунджаас бага орлоготой (1205-3995 ам.доллар)
Бага орлоготой (1205 ам.доллар буюу түүнээсдоош ).
Монголд дундаж давхарга байхгүй
Манай улсын хувьд дунджаас бага орлоготой орнуудын дунд Ангол, Бангладеш, Энэтхэг, Индонез, Мавритани, Морокко, Вьетнам зэрэг 47 оронтой цуг эрэмбэлэгджээ. Орлогын хувьд бид дэлхийд дунджаараа дуудуултал хол байгаа нь эндээс ил.
300 мянгын хэрэглээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр ядуурал 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ. Үүн дээр нэмээд манай хүн амын 15 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй хүмүүс ажээ. ҮСХ-ны мэдээллээс л харахад манай иргэдийн 45 хувь ядуу, ядуурлын ирмэгт амьдарч байна. Хэрэглээний хувьд Монгол Улсын нийт хүн амын дийлэнх нь буюу 67 хувь нь нэг сард 86.0-306.0 мянган төгрөгөөр амьдралдаа зарцуулдаг аж. 300 мянган төгрөгөөр юу авах тухай жагсаавал дундаж айлын хэрэглээ лав гарахгүй нь ойлгомжтой.
Үнэлэмж багатай хөдөлмөр
Өнгөрсөн оны тавдугаар сард Монголбанкны дэргэд байгуулагдсан Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар Монгол Улсын иргэдийн авдаг цалинг эрэмбэлээд хартал 70 хувь нь дунджаас доогуур давхаргад хамаарчээ. Өөрөөр хэлбэл манай улсад хөдөлмөрийн үнэлэмж дунджаас доогуур байна. Хөдөлмөрөө зохистой үнэлүүлээгүй хүнд өөрийгөө үнэлэх үнэлэмж үлдэх үү?
Монголд дундаж давхарга байхгүй
Гашуун үнэн
Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа бидний зөвшөөрч чадахгүй байгаа нэг үнэнийг шулуухан хэлчихжээ.
Түүний өгүүлсэн нь “Бидний дундаж давхаргын тухай төсөөлөл их өөр байна. 2000-аад онд бол зурагттай, хөргөгчтэй айл дунджид тооцогдож, иймэрхүү хэрэглээний энгийн үзүүлэлтээр тооцоод дундаж амьдралтай, нэн ядуу биш гэж үздэг байлаа. Харин одоо асуудалд илүү бодитой хандмаар байна. Нэг хүнд ногдож буй хүнсний тэжээллэг чанар, амьдарч буй байрных нь зай талбай, амьдралын орчин нь хэр аюулгүй байгаа тухай, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь асуудалгүй хамруулаад ажил төрлөө хийж чадаж байгаа эсэх, жилдээ ядаж ганц удаа дотооддоо, эсвэл гадаадад аялал хийж байна уу үгүй юу, хадгаламжтай байна уу гэх мэт асуудлууд тавигдана.
Түүвэрчилсэн судалгааг үзэхэд л Монголд дундаж давхарга гэж байхгүй байгаа нь тодорхой болно. Энд манай иргэд хуримтлалтай юу гэсэн асуултад 71 хувь нь “байхгүй”, жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддаг уу гэсэн асуултад 73 хувь нь “чаддаггүй”, байрны зээл авах боломжтой эсэх тухай асуухад 69 хувь нь “боломжгүй”, хөдөлмөрөөрөө хэдэн жилийн дараа байртай болох вэ гэсэн асуултад 63 хувь нь 20 ба түүнээс дээш жил, гадаадад сурах боломжтой юу гэсэн асуултад 94 хувь нь “боломжгүй” гэж хариулсан байна. Энэ хариултууд дундаж давхарга байхгүйг илтгэж байна. Нөхцөл байдал ийм байгааг дээр дооргүй хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга.”
Бар болох бодлого
Нийтлэлч Б.Энхмандах нэгэнтээ “Монголд амьдралын баталгаагаа биш дан ганц боловсрол, мэргэжлийн төвшин, эсвэл өнөөдөр олж буй орлогын хэмжээ нь “дундаж давхарга”-д харьяалагдах үзүүлэлт байх учиргүй. Хэн ч харсан ядуу гэхээргүй атал ирээдүй нь ямар ч баталгаагүй, төрийн зүгээс ямар ч дэмжлэггүй “сульдаатай дундчууд” хэсгээс Монголын дундчуудын гол цөм нь бүрдэж байна гэж хэлж болно” гэж бичсэн нь бий. Ирээдүй нь баталгаагүй, цалин хөлсөө арай чамай хүргэхчээн болдог иргэдийг дундаж давхаргад хамааруулах нь зүгээр л статистикаар биесээ хуурч буй хэрэг. Алдарт эдийн засагч Амартия Сен “Хөгжил бол эрх чөлөө” номондоо бидний ярьдаг, зорьдог Азийн бар улсуудын гол бодлогыг ийн тодорхойлжээ:
“Азийн олон орон юуны өмнө Япон, тэгээд Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, бас шинэчлэгдсэний дараах Хятад, Тайланд гээд Зүүн болон Зүүн Өмнөд Ази дахь орнууд нийгмийн ижил төстэй суурь дээр тулгуурлан эдийн засгийн боломжийг хүн амдаа олгож, бичиг үсгийн болон суурь боловсролын өндөр түвшин, эрүүл мэндийн хүртээмжтэй хамгаалал, газрын шинэчлэлийн төгс шийдэл гэх зэргээр багагүй амжилт олсон билээ”.
Харамсалтай нь бар болсон орнуудын бодлого манайд дандаа эсрэгээр өрнөдөг нь гачлантай. Хүнээ зөвхөн санал дугуйлагч гэж тооцоод бодлогын гадна үлдээж, нүүрсээ булаалдан хэмлэлдэж, жижиг эрх ашгаараа намчирхаж, татварын мөнгөн дээр туйлаад байвал дундаж давхарга гэдэг статистик л болж үлдэх нь мэдээж. Цаасан дээрх сайхан тоог ямар мэрж идэх биш дээ.

Я.Баяраа
Эх сурвалж: eagle.mn 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан